Friday, March 14, 2008

ДЭЛХИЙН ДЭЛДГЭР ЧИХИЙГ ДЭЛДИЙЛГЭЖ ЧАДАХ УУ, МОНГОЛЧУУД БИД

/ ЭРГЭЦҮҮЛЭЛ НИЙТЛЭЛ /

Монголчууд бид хүн төрлөхтний нэг тасархай. Буурал дэлхийн түүхэнд өөрийн мөртэй, нэртэй ард түмэн. Эзэн богд Чингис хааны үед тив, дэлхийг донсолгосон их гүрэн байгуулж, хүн төрлөхтний хөгжил дэвшлийг урагшлуулагч хөдөлгөгч хүчин болж байв. Ард түмнүүдийн түүхэнд анх удаа аянчин шувуудаас ч хурдан морин өртөө байгуулан өрнө дорныг холбож, хүн төрлөхтний түүхэнд хөгжил дэвшлийн шинэчлэлийг авчран цаасан мөнгийг гүйлгээнд гаргаж, улс гүрнүүдийн дипломат ёсны шинэ түүхийг эхлүүлсэн амбан сайд нараа алс харьд илгээж, бас хариу хүлээн авч, чөлөөт худалдаа арилжааг урьд өмнө хэзээ ч хаана ч байгаагүйгээр хөхүүлэн дэмжиж хөгжүүлж байсан нь түүхэн үнэн юм. Хүн төрлөхтниий таван бичгийн нэг монгол бичгээ үүсгэж буй болгон дэлхийн соёлын эрдэнэсийн санд мөнхөрсөн «Монголын нууц товчоо», «Алтан товч»-оо эх хэлээрээ туурвин бүтээж, «Ганжуур»,«Данжуур»-ын зуу, хоёр зуун ботийг орчуулан хөрвүүлж байсныг л цохон тэмдэглэхэд хангалттай юм.
Төрт ёсны хоёр мянга гаруй жилийн түүхтэй Монгол Улсын үе үеийн хаадаас найман зууны тэртээ хийж хэрэгжүүлж байсан бүхнийг өнөөдрийн өндөрлөгөөс эргэн харж эргэцүүлэн бодоход хориннэгдүгээр зууны даяарчлал буюу дэлхийчлэлийн бодлогыг гайхалтай чадамгай явуулж, хөхүүлж байсан нь маш тодорхой харагдах бөгөөд юутай ухаалаг, юутай хүчирхэг өвөг дээдэс байсан юм бэ гэж өөрийн эрхгүй бишрэх сэтгэлийг төрүүлдэг билээ. Гэвч Монгол Улс дандаа тийнхүү хөгжин цэцэглэж, хүчирхэгжин батжиж явж чадсангүй. Бутран сарниж бусдын боол болон уруудан доройтож, өндийн босох гээд чадалгүй өвдөг шороодон бүдэрч бүдгэрч, бүр түүхэнд мартагдасхийсэн байдалтайгаар хорьдугаар зуунтай золгожээ. Яах ч аргагүй бодит үнэн бол бас энэ юмаа.
Тийм учраас Монгол Улс, монголчуудын хорьдугаар зууны түүхийг үхэж мөхөлгүй үлдэж хоцрох гэсэн халуун цуст жижигхэн ард түмний хатуу ширүүн тэмцлийн түүх, тэнгэр угсаатай, тэнгэрлэг ухаантай өвөг дээдсийнхээ үндэс угсааг үрж баллалгүй үргэлжлүүлэн бадраах гэсэн үнэнхүү тэнхээ чармайлтын түүх, товчилж томьёолбол Монгол Улс, монгол үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх эрээнтэй бараантай, ээдрээтэй нугачаатай атлаа гэрэл гэгээтэй он жилүүдийн эгшиг, эмгэнэлээр дүүрэн түүхэн туульс гэж нэрлэмээр байна. Хорь ба хориннэгдүгээр зууны монголчуудад төрөлх түүхэн хувь заяа нь дэндүү өндөр хариуцлагыг хүлээлгэжээ. Түүхийн энэхүү сорилтыг нэр төртэй, нэгдэл нягтралтайгаар давж гарч чадвал Монгол Улс дэлхийн, монголчууд хүн төрлөхтний буурал түүхэнд үлдэж хоцроно. Эс чадвал хумхийн тоос адил мартагдаж алга болно. Хэн ч үгүйлэхгүй.
Энэ утгаар авч үзвэл өнөөдрийн өнгөрөх мөч бүр бидэнд үнэхээр үнэтэй бөгөөд цэнтэй байгаа юм. Хэрэлдэх биш хийх, уралцах биш уралдах ёстой болж байна. Миний бие иргэн хүний хувьд яг ингэж Намбарын Энхбаярын Засгийн газарт, түүний өнгөрсөн дөрвөн жилийн үйл ажиллагаанд хандаж үнэлэлт дүгнэлт өгөх гэж оролдов.

No comments: