Friday, March 14, 2008

ҮЛГЭР ИНГЭЭД ДУУСЧ БАЙНА

Варшавт Ази, Номхон далайн орнуудын түүх соёлын үнэт үзмэрүүдтэй нэгэн ховорхон музей бий. Ерөнхий захирлаар нь Анджей Вавижняк хэмээх гаанс зуусан буурал толгойтой сэргэлэн тансаг эр ажилладаг. Залуу зандан насандаа Азийн улс орнууд дахь Польшийн Элчин сайдын Яаманд ажиллаж байжээ. Азийн түүх, соёлыг гарамгай сайн мэднэ. Өөрийгөө надад БНПУ-ын Ерөнхийлөгчийн азийн түүх, соёлын асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөх нь гэж танилцуулсан. Түүний музейд зөвхөн Монголын түүх, соёлтой холбогдсон бараг мянгаад үзмэр байдаг гэсэн. Намайг Варшавт Элчин сайдаар ажиллахаар ирэхэд хамгаас түрүүлж уулзсан, музейдээ урьсан нь ноён Анджей Вавижняк юм.
Суудаг өрөө нь л гэхэд тэр чигээрээ музей. Ширээ сандал, хана туурга бүрийг азийн ёс заншлаар өвч чимэглэн тоногложээ. Би чинь Польшид байна уу, аль эсвэл Азийн аль нэг орны сүм хийдэд ороод ирэв үү гэсэн сэтгэгдэл төрнө. Ялангуяа Бурханы шашны зан үйлийн холбогдолтой маш олон үзмэртэй аж. Тэр хүний сүүлийн тавь, жаран жилийн цуглуулгаар Варшав дахь Ази, Номхон далайн орнуудын дээрх музей бүрэлдэн бүтжээ. Монгол гэр гэхэд таван ханатаас найман ханатай ноёны гэр хүртэл байна. Шармал Бурхад хэдэн арваараа. Наамал Бурхад ч мөн ялгаагүй. Ном судар , хөгжмийн зэмсгүүд хүртэл байх ажээ. Монголд тавиад оны сүүлчээр очиж байсан гэж надад ярив. Тэр үеэр ихэнхийг нь цуглуулсан бололтой. Сүүлд ч заримыг нь энд тэндээс олж авчирсан юм байна.
Манайд нэг хэсэг үнэт чулуун гаанс, соруул, хөөргөөр нялх хүүхдүүд тоглож, Улаанбаатар дахь Төмрийн заводод янз бүрийн суумал Бурхдыг хайлуулан зэс болгож байсан самуурлын үеэр Монгол нутагт энэ хүн хөл тавьжээ гэж бодогдсон. Би хүүхэд байхдаа уран зохиолын бүлгэмд явдаг, манай дугуйланг ахмад зохиолч Д.Даржаа удирддаг байж билээ. Тэрбээр янз бүрийн сонин сайхныг бидэнд хуучилдагсан. Эх орны дайны үеэр «Үнэн» сонины газарт нэг орос мэргэжилтэн ажиллаж байжээ. Тэр үед орос хэл дээр сонин гаргадаг байсан гэнэ. Д.Даржаа багш түүнтэй дотно танилын холбоотой байсан юм байх. Хэдэн жил ажиллаад нутаг буцжээ. Нилээд хэдэн жилийн дараа Д.Даржаа гуай Москвад очихдоо тэрхүү танилындаа орсон гэнэ. Зочдын өрөөндөө гурван ширхэг гуулин Бурхан тавьсан байжээ. Орос эмэгтэй Д.Даржаа гуайд хандаж
-Чи энэ Бурхдыг намайг хаанаас авсан гэж санаж байна гэж асуугаад хариулт сонсолгүйгээр
-Нэг удаа би Улаанбаатарын Төмрийн заводын хашааны дэргэдүүр өнгөрч явлаа. Үүдээр нь гартал хашаан дотор бөөн Бурхад ил задгай овоолоостой байж билээ. Нүдэндээ ч итгэсэнгүй. Манаачаас нь
-Үүнийг яах гэж байгаа юм бэ? Хаяж байгаа юмуу гэж асуувал урдаас нь
-Яалаа гэж хаях билээ. Хайлуулаад социализмын бүтээн байгуулалтад хэрэглэж хувь нэмэр оруулах гэж байгаа юм хэмээн бардам нь аргагүй хариулжээ.
-Би эндээс ганц хоёр ширхэгийг авбал та зөвшөөрөх үү гэж манаачаас гуйжээ. Тэр үед орос хүн харахаараа манайхан амьд бурхан үзсэн адил зулгуйдан долигонодог, ихэд хайрлан хүндэтгэдэг байсан болохоор манаач дуртай нь аргагүй уриалгахнаар
-Тэгээ тэг. Даахаараа аваад яв гэж айлджээ. Мань орос эмэгтэй хашаанд орж овоолоостой Бурхад дотроос тохойн чинээ хэмжээтэй гурван ширхэг Бурхан шилж авчээ. Түүнийгээ Москвад авчирч гэртээ тавьсан нь тэр аж. Тэгээд Д.Даржаа гуайгаас асууж байна гэнэ.
-Энэ гурван Бурхны нэг нь цул алтан бурхан байсан гэвэл та итгэх үү. Энд ирсэн хойноо л би мэдсэн. Мэргэжлийн шинжээчид үзүүлж тогтоолгосон. Танай Төмрийн завод доторхи тэр овоолоостой олон Бурхад дотор хичнээн алтан бурхан байсныг хэн мэдэх билээ гээд асуух гайхахыг хослон толгой сэгсэрч байжээ.
Сталины шууд шахалт дарамтаар гучин мянган лам хуврагаа хядуулж, долоон зуу гаруй сүм хийдээ устгуулаад дотор нь байсан мянга мянган үнэт Бурхад, түүх соёлын хосгүй гайхамшигт дурсгалуудыг хэнд ч хэрэггүй зүйл хэмээн нүд үзүүрлэн хоморголон устгаж байсан нэн эмгэнэлт жилүүд Монголын түүхэнд байсан билээ. Тэр үед овсгоотой зарим нь Монголын ард түмний мянга мянган жилийн түүх соёлын үнэт дурсгалуудыг маш хямдаар худалдан хөлжиж байсан нь ч бас түүхэн үнэн юм. Монголын хар зах дээрээс өнөөдрийн сая долларын үнэтэй эд зүйлийг тэр үед ганц доллараар худалдан авч болдог байжээ.
Түүний нэгэн бодит баримтыг Д.Даржаа багш тэрхүү орос эмэгтэйд тохиолдсон азтай тохиолдлоор жишээ татаж бидэнд хуучилсан хэрэг. Гуч дөчин он, сүүлд тавь жараад оны үеэр Монголын түүх соёлын мянга мянган ховор нандин бүтээлүүд хилийн чанадад халин гарсан билээ. Дэлхийн улс орнуудын, түүний дотор Оросын зарим музейд Монголын түүх, соёлтой холбоотой хосгүй нандин бүтээлүүд цөөнгүй бий. Харин Варшавын дээрх музей Монголын талаар ийм баялаг үзмэртэй гэдэгт би нүдэндээ ч бараг итгээгүй. Энэ бол муу зүйл биш. Алдагдаж алга болоогүй хадгалагдаж байна гэдэг хамгийн гол нь юм. Тийм учраас бид ноён Анджей Вавижняк зэрэг соёлын өвд элэгтэй хүмүүст талархаж байх учиртай.
Сүүлд ноён А.Вавижняк 2004 онд Монголд нэг удаа гуравхан хоногийн хугацааны томилолтоор очоод ирэхдээ л манай зах дээрээс ихэд чамин хийцийн тамхины цэвэр мөнгөн цохилуур, сэтгүүр худалдаж авчирсан байна лээ. Ховордсон эдлэлийн нэг. Хүн төрөлхтний түүхэнд даяарчиллын эрин үе эхэлж байна. Ард түмнүүдийн түүх, соёл нэг нэгнийгээ улам баяжуулах нь ойлгомжтой. Тийм болохоор ард түмнүүдийг ойртуулж танилцуулахад музей, тэнд тавиастай түүх, соёлын үнэт үзмэрүүд их чухал юм. Манай ЭСЯ ноён захирал Анджей Вавижнякийн музейтэй хамтарч 2004 онд Польшийн аялал жуулчлалын төв зам дээр орших Олштынок хэмээх бяцхан тосгонд Монголын тухай үзэсгэлэн гаргаж гэр барьж үзүүлсэн нь сонирхолтой үзүүлбэр болсон. Зун намрын гурван сарын турш түүнийг маш олон хүн үзэж танилцан Монголын тухай бага боловч бодит ойлголт авсан гэдэгт эргэлзэхгүй байна.
Варшав дахь Ази, Номхон далайн орнуудын үзмэрийн музей Азийн улс орнуудын тухай гэрэл зургийн үзэсгэлэнг үе үе гаргана. Монголын тухай гэрэл зургийн үзэсгэлэнг ч мөн гаргасан билээ. Нэг удаагийн тийм үзэсгэлэн дээр би дал хол давсан болов уу гэмээр нүдэнд дулаахан польш өвгөнтэй танилцав. Намайг Монгол Улсын Элчин сайд гэж мэдээд тэр хүн ихэд өөриймсөглөж дотночлон уулзаж билээ. Тавиад оны сүүлчээр Улаан-Үүдэд цэргийн алба хааж байжээ. Би чинь танай Монголд бараг хүрч очсон хүн шүү гэж тэрбээр надад хэлэв. Улаан-Үүдэд байсан хүн өөрийгөө тэгж хэлэлгүй яахав. Монголын хилийн дээсэн дээр хүрч очсонтой ялгаа юу байхав. Буриадуудтай хамт алба хааж байсан болохоор монголчуудтай танимхайрч уулздаг нь аргагүй юм. Буриадууд бол гурван зуу гаруй жилийн тэртээд хувь заяаны эрхээр Оросын цагаан хаанд дагаар орсон монголчуудын мах цусны тасархайнууд юм. Одоо ч оросжиж гүйцээд таван үг хэлэхдээ монгол үг нэгийг оруулбал олз болсон байна лээ.
Польшийн артиллерийн цэргийн чөлөөнд гарсан хошууч генерал цолтой тэр хүн ЗХУ-ын /хуучнаар/ цэргийн Академид суралцан боловсрол эзэмшиж Польш улс Варшавын гэрээнд нэгдэн орсон он жилүүдэд цэргийн чухал алба хааж байжээ. Хувь заяа түүнийг хөгшин Европоос төв Азийн Байгаль нуурын цаад хөвөөнд хүртэл чулуудан хаяж зөвлөлтийн цэргийн ангийн Буриад дахь салбарт алба хаалгаж хүртэл үзүүлсэн байна.
-Монгол хүнтэй уулзахдаа таатай байна. Цайлган цагаан сэтгэлтэй сайхан улсууд гэдгийг би мэднээ гэж тэр хүн надад хэлэв. Харваас итгэж найдаж болох тэр хүн сэтгэлд нэг л ойр дулаахан санагдаж байлаа. Польшууд монголчуудтай их адилхан гэдгийг энэ хүн надад сануулан хэлэх шиг болж билээ.
Аяга цай хамтдаа уунгаа нэг мэдэхэд бид хоёр олон жилийн танилууд шиг ойр дотноор хуучилж суулаа. Би Польшид ирээд үзэж харснаа түүнд ярьж, чөлөөнд гарсан хошууч генерал надаас Монголын тухай асууж шалгааж байлаа. Тэр хүн гэв гэнэтхэн миний яриаг таслаад надаас
-Танд Польшид муу муухай санагдах юу байна гэж улайм цайм палхийтэл асуув.
-Шүүмжлээд баймаар ч юм алга даа гэж би бөөрөнхийллээ. Чөлөөнд гарсан хошууч генерал над руу ухаалаг агаад залирхаг нүдээр инээмсэглэн ширтсэнээ
-Худлаа даа худлаа.Манайд муу муухай зүйл бишгүй бий. Дипломат зан гаргаад л хэлэхгүй байна. Уг нь гадныханд илүү тод харагдаж байх ёстой. Би уг нь тантай анд нөхдийн ёсоор илэн далангүй ярилцахыг хүссэн юм. Гэтэл та сэтгэлээ нээж уудлахгүй л байна даа гэж илэрхий гоморхов. Түүний царай руу харвал хуурамч дүр төрх исгэж буй байдал харагдсангүй. Би нь юу гэдэг юм билээ гэж бодолхийлснээ хамгийн түрүүнд толгойд харван орж ирсэн нэг санааг шүүрэн авч
-Танай хүүхнүүд тамхи их татах юм. Бодвол гоо сайхан бие бялдраа тэр хэвээр хадгалах гэж, таргалахгүйн тулд тэгдэг бизээ. Тамхи татдаггүй хүн ард ч гэж хаана байх билээ. БНХАУ-д бол яана гээ. Ар араас нь угсруулдаг юм. Францад тамхийг бас ихээр хэрэглэдэг болж байгаа гэнээ. Тамхи хэдийгээр хүмүүст тодорхой хэмжээгээр таашаал төрүүлж, ялангуяа зарим эмэгтэйг ихэмсэг бардамхан харагдуулдаг ч цаагуураа хор холбогдол нь их юм. Анагаах ухааны эрдэмтдийн судалгаанаас үзэхэд 2015 оноос Францад жил тутам 12 мянган франц эмэгтэй тамхи татсаны улмаас элэгний хорт хавдраар нас барна гэсэн тооцоо гарчээ. Энэ нь 1980 оныхтой харьцуулбал 6 дахин нэмэгдсэн үзүүлэлт болох юм байна. Өнөөдөр Францад өсвөр насны гурван охин бүрээс нэг нь тамхи татаж буй гэнэ гэж хэлэв. Чөлөөнд гарсан хошууч генерал над руу анхааралтай ширтсэнээ
-Та лав тамхи хэрэглдэггүй биз гэж урдаас асуув.
-Тиймээ гэж би үнэнээ хэллээ.
-Тэгнээ тэр гэж өвгөн нухацтай нь аргагүй дуугарснаа манайд Францаас бүр илүү хэрэглэдэг ч байж мэднэ. Надад энэ талаарх статистик мэдээлэл алга. Польшууд аливаа сайн муу зуршлаас хоцорно гэж үгүй шүү дээ гээд аягатай цайгаа авч аяархан оочилсноо
-Өөр дутагдал доголдол та олж харсангүй юү гэж зэмлэнгүйгээр нэхэмжлэн асуув. Үнэндээ надад хэлэх юм байхгүй байлаа. Польш орон, польш хүмүүсийг шүүмжлэе гэж би нэг ч удаа бодож байсангүй. Шүүмжлэх зүйл ч төдийлөн тааралдаагүй бололтой.
-Худлаа даа худал. Та надтай ний нуугүй, илэн далангүй байж бас чадахгүй л байна. Арга ч үгүй бизээ. Та нар чинь батлан хамгаалахын цэрэг эрс биш олон улсын дипломатчид шүү дээ. Наагуураа худлаа инээгээд л цаагуураа өөр юм боддог улс гэж хошууч генерал гоморхонгуй хэлэв.
Би өвгөнийг гомдооё гэж бодсонгүй. Тэгэвч Польшийг учир шалтгаангүй муулан шүүмжлэх үндэслэл надад бас байсангүй. Шинэ танилаа гомдоохгүйн тулд би хоолойгоо нэгэнтээ засаад
-Варшав орчин үеийн гоёмсог сайхан хот юм. Хүмүүс нь эелдэг, боловсон. Хүн хүндээ төдийгүй амьтанд, жишээ нь нохой, мууранд их хайртай нь тун сайхан санагдаж байна. Уучлаарай нэг зүйлийг аймшиггүйгээр зориглон хэлэхэд нохойн гонжиг ихтэй хот юм. Үүнд нохойн буруу гэж юү байхав. Дэлхийн улс орнуудын зарим том хотод нохойн өтгөн шингэнийг тусгайлан гаргадаг зориулалтын талбай хүртэл байгуулдаг болжээ. Аятайхан туршлага байгаа биз гэж манж зан гаргав. Үүнийг сонссон чөлөөнд гарсан хошууч генералын нүд илэрхий сэргээд ирэв.
-Тэр биш үү, манайд хэлж яривал энэ мэт юм бас байгаа байхгүй юү. Энэ чинь тун зөв санаа байна. Би холбогдох дарга түшмэдэд нь яринаа хө гээд ихэд нөхөрсгөөр
-Үнэнийг яривал Польш ч, Монгол ч ялгаагүй адилхан зовлонд нэрвэгдсэн ард түмэн. Танайх чинь Орос, Хятад гэсэн хоёр том их гүрний дунд хавчигдсан жижиг улс. Манайх ч мөн ялгаагүй. ОХУ ба ХБНГУ гэсэн аваргуудын дунд аж төрж он жилүүдийг мэрж барж өнгөрөөж байна. Тийм болохоор зовлон, жаргал нь төстэй байх учиртай. Та нар орос, хятадуудад дуртай юу. Тэдний дунд мэдээж сайн хүмүүс бишгүйдээ л бий. Би хүнийх нь хувьд яриагүй байна. Их гүрнүүдийнх нь хувьд хэлж байна. Манайхан бол айл зэргэлдээх акулуудад тун дургүй. Харин америкчуудад их хайртай гээч. Яагаад хайртай байдгийн учрыг та мэдэх үү? Тэд эндээс их хол байдаг учраас бид тэдэнд илүү хайртай байдаг юм. Холын хүнээс учруулах зовлон харьцангүй бага. Харин ойрынхоос ямагт сэрэмжилж байхад илүүдэхгүй.
Социализмын туршлагын туулай болж танайх хэдэн жилийг өнгөрөөв? Манайх л лав тавиад жилийг барсан юмдаг. Тэр социализм гэгчид сайн юм огт байгаагүй бишээ.Бүгдийг үгүйсгэвэл алдас болно. Зарим шударга ёс байсан. Дарлал мөлжлөгт бас хязгаар тогтоож чадсан юм. Гэвч дийлэнх нь муу муухай зүйл байжээ. Капитиализмд шилжээд арав гаруй жил өнгөрлөө. Хэлж ярих, шүүмжлэх эрх чөлөө үнэндээ бүрэн хангагдсан шүү. Айх эмээхээ больсон. Ялангуяа над шиг өнөө маргаашаа хүлээж буй тэтгэвэрийн өвгөнд бол юү ч ярьж хэлсэн ер яах юм билээ дээ.
Танайд ямар байгааг мэдэхгүй. Манайд бол ёстой амаа ар тархин дээрээ гартал бурдаг юм. Хүн бүр бурна. Бусдыг газарт ортол булж муулна гээч. Ярьж хэлснээр ажил бүтдэг бол Польшид диваажинг байгуулаад дуусчихсан байгаа. Үүнийг та нар мэдэж л байгаа. Гэвч ил хэлэхгүй л дээ гээд тас тас хөхрөв.
Ийм илэн далангуй задгай яриатай хүнтэй уулзаж учрах гэдэг их сонин юм билээ. Заримдаа бүр хэлэх үг олдохгүй байсан шүү. Тэгэхдээ надад муу сэтгэгдэл төрөөгүй ээ. Өөрөө өөрсдийгөө шүүмжилж чадахаа л больчих юм бол үндэстэн ихэд доройтож буйн шинж төрх билээ. Тэгэхэд дал ная гарсан хөгшчүүл нь хүртэл ингэж хэлж ярьж, шүүмжилж чадаж байна гэдэг чинь энэ улс үндэстэн эрүүл саруул байгаагийн шинж тэмдэг мөн. Польшууд бол шинэ сэргэг зүйлсийг олж харахдаа овсгоотой улс. Социализмын зам нэг л биш, бүтэлгүйтэх нь байна гэдгийг анх түрүүнд олж харсан нь польшууд. Түүнийг ганхуулж доргиох, улмаар унагаж сүйрүүлэх эхлэлийг тавьсан нь ч бас эднийхэн. Үүнийг үеийн үед үнэлж хүндэтгэж явах учиртай.
Энэ өдөр би Польшийн армийн чөлөөнд гарсан генералтай санамсаргүй уулзаж болох болохгүйг бурж булуу халсандаа огтхон ч харамсахгүй байна. Харин ч тун баярлаж билээ. Чөлөөнд гарсан тэрхүү хошууч генерал надад польш хүнийг гүйцэд ойлгоход, илүү тод томруунаар тэрхүү ертөнцийг нээж мэдрэхэд ихэд тус хүргэсэн гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр би польшуудад илүү итгэлтэй, өөрөөр хэлбэл тэдэнд илүү хайр хүндэтгэлтэй хандах болсон юм. Өвгөн ч бас энэхүү санамсаргүй уулзалтад сэтгэл хангалуун үлдсэн болов уу гэж найдаж байна. Сүүлд би тэр хүнийг МОНЦАМЭ-гийн Варшав дахь сурвалжлагчтай уулзуулж ярилцлага авахуулж билээ.
Бид хоёр тэрхүү уулзалтаас эрт дээр үеийн танилууд, найз нөхдийн адилаар бие биедээ сайн сайхныг ерөөн найрсгаар салсан. Өвгөн надтай салах ёс гүйцэтгэхдээ
-Энэ сайхан дэлхийд хүн болж төрөөд гомдохооргүй урт насыг насаллаа. Польш Эх орондоо нэг насаараа хүчин зүтгэв. Юм юмыг үзэж өнгөрүүллээ. Миний амьдрал ингээд дуусч байна даа гэж аяархан атлаа атаархам тайвнаар хэлэв.
-Тиймээ, үлгэр ингээд төгсөж байна гэж би түүнд хариулав. Энэ үг надад, тархи толгойд минь захирагдалгүйгээр миний сэтгэл зүрхнээс аяндаа мултран гарч билээ. Амьдрал тэмцлийг үзэж үнэлэх, түүнд хийсвэрлэн хандах зохиолч, сэтгүүлчийн минь үг байсан юм болов уу даа.

1 comment:

Anonymous said...

Тэгэхдээ л наадуул чинь муусайн монголчуудад хэрэндээ л томорч ханддаг гарууд даа. Одоо ямар сайндаа элчингээ мэлчингээ хааж байгаа сурагтай. Хэнтэй ихэрхэж харьцах вэ гэдгээ мартаагүй л нөхдүүд юм билээ