Friday, March 14, 2008

Наадам маш сайхан болж өнгөрлөө

/Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Т.Баасансүрэнтэй «Монголчууд» сонины сурвалжлагчийн хийсэн
товч ярилцлага/

-Польшид болж өнгөрсөн «Монгол наадам»-ын талаар хүмүүсийн сэтгэгдэл өндөр байх шиг байна. Та нэмж юуг онцлон хэлэхсэн бол?

-Калишийн наадам үнэхээр сайхан болж өнгөрлөө. Хүмүүсийн сэтгэгдэлд хүрсэн болов уу. Монголдоо байгаа юм шиг л санагдаж байна гэж ярьж байсан гэсэн. Польшид анх удаа зохион байгуулсан наадам гэдгийг онцолж хэлмээр байна. Бөх, морь, сур бүгд байсан. Айраг цагаагаа хүртэл Монголоос бэлтгэж авчруулсан. Энэ зуны айрагныхаа дээжийг монгол иргэддээ амсуулсандаа сэтгэл хангалуун байна. Наадамд оролцсон польш хүмүүс хүртэл монгол айраг амсаж үзнэ гээд надаас арван литр айраг авсан. Тэдэнд аятайхан сэтгэгдэл төрүүлсэн байна лээ.

-Баяр наадмыг зохион байгуулах санаачилга гаргасан, гардан зохион байгуулсан хүмүүсийн талаар хэдэн үг хэлэхгүй юү?

-Хэдэн жилийн өмнө Монголд очиж манай үндэсний баяр наадмыг үзсэн Польшийн Лидия Кания гэдэг эмэгтэй энэ саналыг анх гаргаж хотынхоо удирдлагад болон Монгол Улсын ЭСЯ-нд хандсан юм. Түүнд Калиш хотод ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэн Мөрөн, Болормаа нар тусалсан. Тэдэнд гүн талархалтай байна.
Тэрчлэн Баяр наадмыг зохион байгуулах комиссын гишүүдийнхээ зүтгэл сэтгэлийг өндрөөр үнэлж байна.Тэд үнэнхүү идэвх зүтгэл гаргаж ажилласан. Иргэн Бадиа Улаанбаатарт хүүгийнхээ хурим найрыг хийх ажилтай байсан боловч Комиссын гишүүнийхээ үүргийг гайхалтай хариуцлагатай, маш чанартай биелүүлснийг онцолж тэмдэглэхийг хүсч байна.
Баяр наадмын комиссын даргын төрсөн ээж, манай ЭСЯ-нд ажиллаж байсан бидний хамтран зүтгэгч Н.Төмөрхуяг гуай бурхан болж хүнд гарз тохиолдсон билээ. Ийм эгзэгтэй үед Комиссын бүх ажлыг өөрийн нуруун дээр үүрч гарсан орлогч дарга Цэгмэдэд гүн талархалтай байна. Тэр өмнө нь Монгол Улсын гавьяат жүжигчин Жаргалсайхан, Зууны эстрадын манлай дуучин Сарантуяа нарын тоглолтыг зохион байгуулж байсныг та бид мэднэ. Энэ удаад «Монгол наадам»-ыг ч амжилттай сайн зохион байгууллаа.
Бас нэг хүний тухай нэмж хэлье. Бизнесч Бямбацогт баяр наадмын үйл ажиллагаанд сэтгэл зүрхээрээ идэвхийлэн оролцов. Баяр наадмын асарт тавих тавгийн идээг бэлтгэж, хонины мах чанаж авчирсан байв. Цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд асар майхнаа бариад монгол хуушуур хийж нутаг нэгтнүүддээ үйлчилсэн. Бас сугалааны комиссынхонд ном дэвтэр хандивласан гэсэн. Түүнд ийм үүргийг хэн ч өгөөгүй юм. Өөрөө л санаачилга гаргаж байгаа нь тэр.
Эмч Уртнасан байна. Наадмын үеэр яруу найргийн тэмцээн зохион байгуулах санаачилга гаргаж хэрэгжүүлсэн. Бүтэн хонь хөтлөөд наадамд хүрч ирсэн гээд бодоорой.
Ийм ихээхэн санаачилгатай, идэвх зүтгэлтэй хүмүүс «Монгол наадам»-ыг зохион байгуулалцсан болохоор бүх зүйл бүтэмжтэй сайхан болж өнгөрлөө. Монголдоо байгаа юм шиг л байсан гэдэг үнэн шүү.

-Баяр наадмын комисст олон хүн байсан гэж дуулсан. Бүгдээрээ үүрэгт ажлаа сайн биелүүлсэн үү? Сэтгэл дундуур үлдсэн тохиолдол гарав уу? ЭСЯ-наас ямар нэгэн ажил зохион байгуулахад оролцдоггүй, үл тоомсорлодог иргэд олон байна уу?

-Бүх гишүүд идэвх зүтгэлтэй сайн ажилласан. Бүгдэд нь талархалтай байна. Харин шатрын тэмцээнд л манайхан олигтой амжилт гаргаж чадсангүй. Уг ажлыг эрхэлж хариуцсан комиссын гишүүн, Гданьскийн эмч Б.Нямдорж энэ зунжин л шатрын тэмцээний тухай ярьсан юмсан. Өөрөө ч чамгүй сайн шатарчин байгаа юм. Гэвч амжилт үзүүлж түрүүлж чадсангүй. Их ярьснаар ажил бүтдэггүй бололтой. Калиш хотын шатарчид маш сайн бэлтгэжээ. Эхний байрт орсон 3 хүн бүгд л айлын талын тамирчид байв. Тэдэнд баяр хүргэж шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болох үед энэ ажлыг манай талаас гардаж хариуцсан комиссын гишүүн Б.Нямдорж өөрөө наадмын талбайд ч үзэгдсэнгүй. Бодвол ичиж зовсон байлгүй дээ. Харин эхнэр Цэрмаа нь баяр наадамд зориулж бөхчүүдийн идээ-боов боорцог, бяслаг бэлтгэж ирүүлсэн байна лээ. Түүнд нь бид нэн талархалтай байгаа.
Намайг энд ирснээс хойшхи хугацаанд 2002 оны шинэ жил, 2003 оны Мартын 8, эмч нарын онол-практикийн бага хурал, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Т.Гандитай хийсэн уулзалт, Польшид суралцаж буй монгол оюутнуудын хаврын чуулга уулзалт, Монголчуудын холбооноос жил бүр зохион байгуулж байгаа биеийн тамир, спортын төрөл бүрийн тэмцээн, Монголын тухай гэрэл зургийн үзэсгэлэнгүүд, УГЖ Жаргалсайхан, Зууны эстрадын манлай дуучин Сарантуяа нарын концерт, Калишид болж өнгөрсөн Монгол наадам гээд нийт иргэдийг хамруулсан цөөнгүй арга хэмжээг ЭСЯ-ны шууд санаачилгаар буюу идэвхтэй оролцоотойгоор зохион байгуулжээ.
Өнгөрсөн онд Анхдугаар Үндсэн Хуулийг баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 80 жилийн ойгоор, энэ 2005 оны 4 дүгээр сард Монгол, Польшийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой болон Их Монгол Улс байгуулагдсаны 799 жил, Ардын хувьсгалын 84 жилийн ойгоор ЭСЯ-наас тус тус хүлээн авалт зохион байгуулж, дээрх арга хэмжээнүүдэд өөрийн иргэдийн төлөөлөгчдийг өргөнөөр урин оролцуулж ирлээ. Ихэнх нь маш идэвхтэй оролцож байгаа. Гэхдээ бүгдээрээ тийм идэвхтэй ирж оролцдог гэж хэлбэл үнэнд үл нийцнэ. Аливаа ажил бүрийг амаараа шүүмжлэхээс өөр нэмэргүй хүмүүс мэр сэр боловч байгаа нь харамсалтай. Калишийн наадамд биеэрээ хүрч очоогүй комиссын гишүүд ч бий. Хүлээн авалтад, түүний дотор Төрийн хүлээн авалтад хүрэлцэн ирдэггүй «томордог» хүн ч бас бий. Тийм хүмүүсийг бид цаашид аливаа арга хэмжээнд урьж залахаа болих бодолтой байгаа.




-Манайхаас өөр гадаад оронд монгол наадам хийдэг үү. Энэ жил хаа хаана болсон бол?

-Хийлгүй яахав. АНУ, ОХУ-д аж төрж байгаа монголчууд жил бүр баяр наадмаа маш сайхнаар ёслон тэмдэглэдэг гэсэн. Энэ жил манай хөрш ХБНГУ дахь монголчууд маань наадмаа хийсэн, тэнд нь манай Калишийн наадамд түрүүлсэн бөх очиж барилдаад үзүүрлэсэн байна лээ. Тэнд Польшид болсон наадмын талаар олон хүн ярьж байна гэж сонссон.
«Монголчууд» сонин Польшид болж өнгөрсөн баяр наадмын талаар өөрийн хуудаснаа дэлгэрэнгүйгээр мэдээлж байгаад би маш их баяртай байна.
Америк, Англи, Герман, Солонгос, Орос, Япон дахь Монголчуудын холбоонд сониныхоо дугаараас хүргүүлээрэй гэж хүсэх байна. Харилцан туршлага судлахад юу нь муу байх билээ гэж би «Монголчууд» сонины сурвалжлагчийн асуултад хариулжээ.
«Монголчууд» сонины газар эл дугаарыг гадаадын улсууд дахь Монголчуудын Холбоодод илгээсэн гэж сонссон. Энд би уг сонины зөвхөн хоёрхон материалыг ишлэл татав. 6 нүүрээр гарсан уг сонинд Калишийн наадмын тухай зөндөө зүйлс, маш олон сайхан зураг нийтлэгдсэн байж билээ. Калишид болсон «Монгол наадам»-ын тухай Польшийн хэвлэлд юу гэж бичсэн тухай ч мөн нийтлэсэн байна лээ. Уг сониныг Д.Ундрам гэдэг залуу гаргадаг. Монголчуудын Холбооны Тэргүүлэгч гишүүн хүн. Мэргэжлийн сэтгүүлч биш. Тийм боловч их аятайхан гаргаад байгаа юм. Би Польшид байх хугацаандаа түүнийг сэтгүүл зүй рүү чирч гулдран уруу татсан юм. Өнөөдөр «Монголчууд» сониныг олон монгол хүмүүс авч уншдаг болжээ. Өөрийн гэсэн уншигчидтай болж байгаа сонин. Уг сонинд Калишийн наадмын тухай маш дэлгэрэнгүй нийтэлсэнд би их баяртай байна.
Ямарч байсан намайг Элчин сайдаар ажиллах хугацаанд Польшийн Калиш хотноо ийнхүү нэг удаа монгол наадам болж өнгөрсөн билээ. Дараа дараагийн сайдууд хэрэгтэй гэж үзвэл уламжлуулан хөгжүүлнэ буйзаа. Харин нэг зүйлийг зориуд онцлон тэмдэглэж хэлэхэд хэрэв тийм арга хэмжээг зохион байгуулья гэвэл заавал польш нөхдийнхөө туслалцааг авах хэрэгтэй. Тэгвэл илүү үр дүнтэй болно. Калишид болсон «Монгол наадам» үүнийг нотолсон билээ. Калишийн наадам үнэхээр сайхан болсон шүү.

No comments: