Friday, March 14, 2008

ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР ЮУ ХИЙВ, ЮУГ ХИЙЖ ЭС ЧАДАВ.

Иргэн бүр эрх барьж буй Засгийн газраасаа өнөөдөр ингэж асуух цаг тулж ирэв. Миний мунхаглан бодоход ард түмэн бол түүхийн тавцнаа уралдах шандаст хурдан хүлгүүд мөн. Түүнийг удирдахуйн ухааны урлагаар залж чиглүүлэн уяа сойлгыг зөв тааруулж хөлсийг нь шавхран тохируулах, уралдаанд сайн давхиулах зорилт тавиад түүнийгээ гялалзтал хэрэгжүүлэх нь улс төрийн намууд, тэдгээрийн байгуулсан Засгийн газрын үндсэн үүрэг. Засгийн газар бол хүлэг сайн морьдын эмээл хазаар, магадгүй ташуур нь байж мэдэх юм. Хүлэг морины энэхүү эзнийг зайдагнагч гэдэг утгаар битгий ойлгоорой. Төр, засгаа дээдлэн сүсгэлдэг дорнын, түүний дотор монголын ард түмний эрхэм гэгээн уламжлалыг хүндэтгэн ингэж зүйрлэмээр санагдлаа.
Засгийн газар байгаа учраас ард түмэн байдаггүй. Эх орон, эзэн нь болсон хүн ард байгаа учраас Засгийн газар байгуулагдаж, бас оршин тогтнож байгаа юм. Тийм учраас Засгийн газар тайлангаа тавьж, түүнийг сонгож томилж ажиллуулсан ард түмэндээ бүрэн эрхийнхээ хугацаанд юуг хийж амжуулав, юуг эс чадав гэдгээ илэн далангүй хариулах үүрэгтэй. Хариулж ч байх шиг байна.
Намбарын Энхбаярын Засгийн газар гараанаас барианд гар хоосон хүрч ирсэнгүй. Ард түмэндээ ам бардам хэлэх үгтэй, нүүр бардам эгцлэн харах зүрх зоригтойгоор дөрвөн жилийг тууллаа гэж зориуд онцолж хэлмээр байна. Ингэж хэлж байгаагаа хоосон үгээр бус тодорхой тоо баримтаар, тоймтой ажил үйлсээр жишээлэн баталж хэлэхийг оролдоё л доо. Тэгэхдээ би тэр гэхийн аргагүй олон хүснэгт жирийлгэн бөглөж, өнгө өнгийн бүдүүвч зурж уншигчийн залхууг хүргэхгүй. Хүн бүрт хүрч мэдрэгдэж байгаа, булавч бултайж даравч далдайж байгаа зүйлийг л нэрлэж хэлнэ.
Анх энэ Засгийн газрыг 2000 онд гарч ирээд Мянганы замын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэж хэлэхэд хэн итгэлээ? Хэн ч итгээгүй. Мянганы зам биш мянгуужингийн үлгэр байлгүй гээд л ам амандаа шуугилдан шүүмжилж, мөрөөдөхөд мөнгө төлөх биш дээ хэмээн зарим нь тохуурхан шоолцгоож байсан. Шинэ юм бүхэн эсэргүүцэлтэй тулгардгийн бодит жишээ тэр байлаа. Ерөөсөө энэ бол хүн гэдэг амьтны төрөлх зан араншин нь юм. Эхлээд заавал эсэргүүцдэг. Мэдэж мэдрээгүй, дасаж зохицоогүй байгаагийнх нь илэрхийлэл тэр. Болгоомжлон сэрэмжилж, бодолхийлэн бясалгаж анхааралтайгаар ажиглан сонжино.Ашиг тустай нь мэдрэгдээд, ойлгогдоод ирэхээр аяндаа дэмжиж улмаар өөрсдөө идэвхийлэн оролцож эхэлдэг. Мянганий замын бүтээн байгуулалт үүний үнэнийг гайхалтай тодоор батлан харуулж байна.
Мянганы зам бол мянгуужингийн үлгэр гэж чанга чанга хашгиралдахаа сүүлийн үед нэгэнт больжээ. Тэгж хашгирч байсан хүмүүс өөрсдөө өнөөдөр өлгийнд бүүвэйлүүлэх адил өндөг шиг өөгүй замаар багахан зайнд боловч салхи эсгэрүүлэн давхилдаж яваа болохоор аргагүй бизээ. Залуу яруу найрагч Б.Занданхүү «МОНЦАМЭ мэдээ» сэтгүүлийн нэгэн дугаарт «Улс гэр минь уруудаж доройтож байна гэж уйлагнан уруу дорой явдаг хүмүүст би дургүй. Хөгжлийн төлөө тэрслүү үг хэлж, хөгжихийн урмаар тэжээгдэн байгаадаа сэтгэл ханаж байхгүйгээ олохын төлөө цохилдог «амны билэгтэй» монгол сэтгэлд мэхийдэг. Азийн цээжинд буурьтай нарлаг Монголын иргэд сайхан амьдарч байна. Цаашид улам сайхан болно. Улам сайханд яарах тусам уруугаа биш өөдөө тэмүүлэх хүсэл эрхгүй төрнө. Би сүүдэрт дургүй. Хэн нэгэн маань шинэ машин аваад унахад баярладаг. Амьдрал сайжирч байна гэж боддог. Таван хошуу малаасаа өөр амьжиргаагүй байсан талын нүүдэлчид таван давхар сууц голдог болсонд баярладаг...
Малын бэлчээр, хээрийн зөргөө л дагаж явсан малчид маань хөнгөн тэрэг хөлөглөөд эхлэхээр шороон замаа голж «зам дагаж хөгжил ирнэ» гэдэг үгийн утгыг сая л нэг «монголчлов». Мянганы зам нүдэнд харагдаж, гарт баригдаад ирлээ.Мянганы зам мянгуужингийн үлгэр гэх үг дөрвөн улирлын шороо тоосонд зам засаж явсан «хар» ажилчдын чихийг хавсрагатай салхитай хамт алгадаж байсан цаг саяхан. Монгол Улсын баруун хязгаарыг холбосон 1600 км зам барина гэхэд «нас гүйцэхгүй» гэцгээж байсан хүмүүс өнөөдөр орон нутагт зам хүлээлгэн өгөх ёслолд хадаг, сүүтэйгээ ирдэг болов» хэмээн үнэнийг нүдэнд харагдаж, сэтгэлд үлдтэл дурайтал дүрслэн өгүүлжээ.
Улаанбаатараас төрж өссөн нутаг усаа хэмээн ганц удаа боловч хөдөөг зорьж үзсэн хэн боловч Б.Занданхүү үнэн үг хэлж байна гэдэгтэй санал нийлж таарна. Учир нь Монголын газрын зургийг хөндлөн гулд огтолсон зам харгуй өнөөдөр үнэхээр бүх нийтийн шинж чанартай бүтээн байгуулалт болж хувирч чаджээ. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд энэ 2004 оны хавар, зун, намрын хийж гүйцэтгэх ажил үйлсийг оролцуулахгүйгээр 1000 гаруй км автозамыг барьж байгуулжээ. Бас 1986,65 метр урт гүүрийг барьж ашиглалтанд оруулсны дээр 636,15 метр урт гүүрийн их засварыг хийж гүйцэтгэсэн байна. Есөн аймгийн нутаг дэвсгэрийг хамарч өрнөсөн зам, гүүр, барилгын энэхүү нүсэр их ажлын үр дүнд 1300 гаруй хүнийг ажлын байраар хангасан аж. Жижигхэн Монголд энэ бол чамлах тоо баримт лав бишээ. Хөнжлийнхөө хэрээр л жийж таарна шүү дээ.
Хэрэв өнөөдөр хэн нэгэн эрхтэн дархтан Мянганы зам гэдэг чинь мянгуужингийн үлгэр юм байна. Хөрөнгө мөнгө хүрэлцэшгүй нь. Хүн бүхэн хөнгөн тэрэг хөлөглөн засмал замаар давхих биш. Морин, тэмээн, үхэр тэргээрээ л сажилцгааж байвал таарна, яршиг. Мянганы замыг зогсоолоо гэж хэлвэл хүн ард хэрхэн яаж хүлээж авах бол? Алга ташин баярлалдаж ам амандаа магтан сайшааж шуугилдах болов уу, яах бол. Өнөөдөр би мянганы замын үзэл санааг анх дэвшүүлж гаргагчдын нэг- бурхан болооч, УИХ-ын дарга асан Лхамсүрэнгийн Энэбиш гэгч хүдэр бор эрийн гэгээн дүр төрхийг сэтгэлдээ бас эргэж нэгэнтээ дурсан бодолхийлж байна. Туулж өнгөрүүлсэн амьдралынх нь зам гэрэл, сүүдрийн аль алийг араасаа дагуулсан тэр монгол эрийн цээжинд эмээлтэй хазаартай морь бүхлээрээ багтаад эргэлдэж хөрвөлдөж явждээ хөөрхий. Ингэж шулуухан хэлэх нь шударга ёсонд эрхбиш нийцэхсэн буй заа гэж бодож байна. Зууны зам гэж нэрлэе гэлцэж байсан гэдэг. Мянганы зам болгоё гэж Ч.Улаан сайд санал гаргасан хэмээн сонссон юм байна. Үнэн, худлыг мэдэхгүй. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хөхүүлэн дэмжиж тогтоол шийдвэр гаргаж их ажлыг эхлүүлснийг л мэдэж байна. Тухайн үед буюу 2000 онд Мянганы замыг эхлүүлнэ гэхэд ухасхийж уухайлан дэмжсэн нь тийм ч олон биш байхаа. Тэглээ ч мянганы замыг бүгдээрээ « буцалж бургилж байгаад» байгуулах юм шүү гэж уриалж байсан нь бас цөөнгүй. Тийм хүмүүсийн тоонд би сэтгүүлч Ганчимэгийг цохож нэрлэхийг хүсч байна. Харамсалтай нь «Өдрийн сонин» түүний нийтлэлийг дэмжээгүй юм. Харин «Зууны мэдээ», «Өнөөдөр» зэрэг сонин, монголын радио, телевиз, МОНЦАМЭ агентлаг дэмжиж бүх нийтийн сонорт хүргэж үзэл санааг үйл ажиллагаа болгож хувиргахад их үүрэг гүйцэтгэсэн билээ. «Ургацын далай» нэвтрүүлгээрээ урьд өмнө нь өргөн олон түмний дотнын танил болсон бүдүүн хоолойт зохиолч, сэтгүүлч Д.Цэдэндамба өглөө ч, орой ч мянганы зам гэдгээс өөрийг хэлж ярихаа больсон юмдаг.
Энэ бол сүүлийн хэдэн жилд гараагүй нүдэнд үзэгдэж харагдахуйц ажил үйлс үнэхээр мөн байлаа. Миний санахад Монголд ерээд оноос хойш, түүний дотор өнгөрөгч дөрвөн жилд зах зээлийн жинхэнэ утгаараа бүрэлдэн төлөвшиж буй салбар бол барилга байгуулалт гарцаагүй мөн. Өнөөдөр Улаанбаатарт, бас аймгуудын төвд юу л барьж байна, барилга л барьж байна. Үүнтэй хэн маргалдах юм бэ. Тавин жил гар хүрээгүй байсан Сүхбаатарын талбайгаа хүртэл өнгөлж шинэчилж өөд татаад авлаа шүү дээ. Айл гэрийн хойморь өнгөтэй, жавхаатай шил толь шиг гялалзаж байх ёстой биз дээ.
Пүүс, компани, аж ахуйн нэгжүүд сайхан сайхан байшин барилгад суурьшин тохиждог болов. Арван жил мартагдсан айлын сууц байгуулалт энэ дөрвөн жилд ахин амиллаа. МОНЦАМЭ-гийн залуу ажилтан надад авгай бид хоёрт манай байгууллага үнэ төлбөргүй хоёр өрөө сууц олголоо гэж баярлан хэлж байсан. Засгийн газраас ахмадууд болон төрийн албан хаагчдад зориулан 200 айлын сууц хувааилснаас хувь хүртсэн нь тэр байлаа. БНХАУ-ын 50 сая юанийн зээлийн хөрөнгөөр 1000 айлын, Монголын барилгачдын холбооны «Шинэ зуун» төслийн 1985 айлын, «Кёкүшүюзан» сангийн 1000 айлын, «Богд холдинг» ХХК-ийн 1088 айлын орон сууцны хорооллууд Улаанбаатарт ар араасаа цувран босч эхэллээ. Өнөөх муу нэртэй, луу данстай социализмын үед Брежневийн бэлэг нэрэн дор л нэг иймэрхүү юм болж байсныг бүдэг бадаг санаж байна. Үүний зэрэгцээ бараг айл бүр хувиараа өөр өөрсддөө таарч тохирсон байшин барилга, адаглаад л зуслангийн сууц барьж эхэлснийг мартаж болохгүй. Ерээд онд эл хуль болж эзгүйрсэн Хандгайт, Яргайт, Жигжид, Шарга морьт, Гачуурт чиглэлд өнөөдөр хөл гишгэх зайгүй зуслангийн сууцаар дүүрчээ. Монгол Улс 1999 онд 300 айлын орон сууцыг ашиглалтанд өгч байсан бол 2000 онд 680, 2001-2002 онд тус бүр 1000 гаруй айлын орон сууц, 2003 онд 2000 гаруй айлын орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгчээ. Ашиглалтад өгсөн орон сууцны хэмжээг 1999 онтой харьцуулахад бараг 7 дахин нэмэгдсэн байна. Төрийн мэдлийн 84584 айлын орон сууц хувьчлагдахаас өнөөдрийн байдлаар 83650 айлын орон сууц хувьчлагджээ. Энэ бол өмч эзэндээ буюу найдвартай гарт очиж чадаж буйн нотолгоо.
Өнгөрч байгаа дөрвөн жилд үндэсний үйлдвэрлэл сэргэж өндийх шинж төлөв бүрэлдэж, экспорт зохих хэмжээгээр нэмэгдэж, хот хөдөөд шинэ шинэ үйлдвэр, аж ахуйн газрууд нээгдсэн нь олзуурхам шинэ үзэгдэл байлаа гэж хэлж болох буй заа. Монголд анх удаа Олон овоот, Бороо, Бумбатын алтны үндсэн ордыг ашиглах уулын баяжуулах үйлдвэр ашиглалтад оров. Зөвхөн энэ гуравхан үйлдвэрт Монгол Улс өнөөдөр жилд 6,5 тонн алт олборлож байна. Алттай хүн барагтай л бол айлын гар харахгүй шүү дээ. Зөвхөн Улаанбаатарт гэхэд тоосгоны 12 үйлдвэр, төмөр бетон эдлэл, зуурмагийн 10 үйлдвэр ашиглалтад орсон байх жишээтэй ажээ. 2001-2003 онд мах боловсруулах 8 үйлдвэр шинээр ашиглалтад оржээ. Хүчин чадлынхаа тавхан хувийг ашиглаж их хэмжээний алдагдалтай ажиллаж байсан Дарханы төмөрлөгийн үйлдвэр гэхэд 2003 онд анх удаа 500 сая төгрөгийн ашигтай ажилласан мэдээтэй байна.
Монголын Оюу толгойн зэсийн орд дэлхийн олон олон томоохон бизнесчдийн чихийг дэлдэх болсон нь бас нууц бишээ. Газрын тос олборлох эхний алхмаа Монгол Улс хийж байна. 1998 онд 26 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан Эрдэнэт бүрэн хүчин чадлаараа ажиллаж жилд бараг 24 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх болов. Энэ онд Эрдэнэтийн молибдений баяжмалыг боловсруулах үндэсний үйлдвэрийг Монгол Улс ашиглалтанд хүлээж авна. Аймаг бүр, ахиулаад сумдууд хүртэл нэг ба нэг хэсэг үйлдвэр, аж ахуйн газруудыг шинээр барьж байгуулснаа өнөөдөр ам бардам хэлж байна. Ховдод гэхэд цементийн томоохон үйлдвэр, Завхан, Баян-Өлгийн нисэх онгоцны буудлын өргөтгөл шинэтгэлүүд, Ховд, Дорнод, Өвөрхангайд бүсийн оношлогоо эмчилгээний төвүүдийг тус тус ашиглалтад өгчээ.
Маш товчоор хэлэхэд өнгөрсөн зууны ерээд он Монгол Улсын түүхэнд үндэсний аж үйлдвэрлэл уналтад орсон он жилүүд байсан бол 2000 оноос уг уналт зогсож, улмаар сэргэж амилах, хөгжин дэвших үе шат нь эхэлжээ гэж хэлж болно. Ерээд онд ноолуурын ганц үйлдвэртэй байсан Монгол Улсад өнөөдөр ноолуурын 85 үйлдвэр ажиллаж, бүтээгдэхүүн нь өөрийн улсын төдийгүй харийн улс орны хүмүүсийн таашаалд нийцэх болов. Ноос боловсруулах 13 үйлдвэртэй байсан Монгол өнөөдөр ноосны 22 үйлдвэр, Улаанбаатарт оёдлын ганц том үйлдвэртэй байсан бол хот, хөдөөд оёдлын 92 үйлдвэр ажиллаж, бүтээгдэхүүнээ алс холын АНУ-д хүртэл гаргах болжээ. Арьс шир, нэхий боловсруулах хүчин чадал 20-40 хувь өсч энэ чиглэлийн 13 үйлдвэртэй байсан Монгол Улс өнөөдөр 66 үйлдвэртэй болж нэмэгджээ.
2000 оноос өмнөх арван жилд Монгол Улсад аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн 31,2 хувийн бууралттай байжээ. Гэтэл аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний өсөлтийг 1999 онтой харьцуулбал 2000 онд 2,4 хувь, 2001 онд 10 хувь, 2002 онд 14,2 хувь, 2003 онд 16,4 хувиар тус тус нэмэгдсэн байна. Хамгийн гол нь боловсруулах салбарын уналт зогсож үйлдвэрлэл нь 2001 онд 11,7 хувь, 2002 онд 38,9 хувь, 2003 онд 42,5 хувиар өсчээ. Өнөөдөр Монгол Улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд боловсруулах салбарын эзлэх хувийн жин 47,7 хувь болж нэмэгдсэн нь үндсэн гол бахархал гэлтэй. Манай улсын экспорт 1999 онд 452,2 сая ам доллар байсан бол 2003 онд 600,2 сая ам долларт хүрчээ. Монгол Улсад өнөөдөр дэлхийн таван тивийн 124 орны 3083 компани нэг тэрбум гаруй ам. долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. Эзэн Богд Чингис хаанаас найман зууны тэртээд явуулж байсан үйл ажиллагаа, хүсэл мөрөөдөл өнөөдөр ахин биеллээ олж чөлөөт худалдаа Монгол оронд жинхэнэ утгаараа хэрэгжиж эхэллээ гэж хэлэх үндэстэй байна.
Нүүдэлчин монголчуудын аж амьдралд сүүлийн жилүүдэд зарчмын чанартай үндсэн эргэлт гарч эхэлсэн гэж баттай хэлж болно. Өнөөдөр малчид өвс хадаж авцгаа гэж дээрээс шахуулж шавдуулдгаа нэгэнт больжээ. Хоёрхон жилийн өмнөх намар би үүнийг нүдээрээ харж үнэмшсэн. Дархан, Сэлэнгийн сав газарт алд дэлэм чөлөөтэй хадлангийн эрүүл талбай ч үлдээгүй байж билээ. Уул тал, нуга толгодын энгээр өвсөн бухлууд борооны дараах мөөг шиг, эгнэж жагссан харуулын цэрэг шиг жирийж харагдсан. Монголын уламжлалт мал аж ахуй улам бүр эрчимжих чиглэл рүү орж өвс хадлан бэлтгэх, шахаж бордон тэжээх тухай ойлголт энд тэндгүй өргөн дэлгэр тархжээ. 2001-2003 онд өвөл, хавартаа манай нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь ган, зудад нэрвэгдсэн боловч малчид тариаланчид түүнийг даван туулж чаддаг болсон нь бахархууштай.
Засгийн газар 2003 он гэхэд аймаг бүрт худаг засварлах, шинээр гаргахад зориулсан хөрөнгө оруулалтыг 1999 оныхоос 70 гаруй хувиар нэмэгдүүлж чадсаны үр дүнд сүүлийн гурван жилд нийтдээ 3440 худгийг ашиглалтад оруулж 9,6 сая га бэлчээрийг усжуулсан байна. Энэ бол Монгол Улсын түүхэнд сүүлийн арав гаруй жилд гарч байгаагүй томоохон ахиц амжилт гэж хэлж болно хэмээн хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд ярьж байна.
«Газар тариаланд сэргэлт гарлаа. Сүүлийн арван жилд аваагүй арвин их ургац хурааж авсан. Мал өссөн, малын тоо толгой 25,4 саяд хүрч зүй бус хорогдол 1,5 саяар буурч, төл мал 800 мянгаар нэмэгдлээ. Эрчимжсэн мал аж ахуй, усалгаатай тариалан хөгжүүлэх тухай ойлголт эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болсон. Хамгийн гол ололт бол хүмүүсийн сэтгэлгээнд дорвитой өөрчлөлт гарсан явдал. Хийе, бүтээе гэсэн сэтгэлгээ газар сайгүй давалгаалж байна» гэж Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал сурвалжлагчид ярьжээ.
/ «МОНЦАМЭ мэдээ», 2004.02.19/
2002 оны байдлаар манай улсын нийт 175,9 мянган малчин өрхийн 24,1 мянга нь цахилгаан үүсгүүртэй, 29,4 мянга нь телевизортой, 18,4 мянга нь автомашинтай, 32,5 мянга нь мотоцикльтэй байгаа нь 1999 оныхоос 8,4-54,6 хувиар нэмэгджээ. Улсын манлай уяач Ононгийнд би очиж үзсэн. Гэрийх нь гадна УАЗ-469, Жип, Волга гэсэн гурван тэрэг зогсож байсан. Ийм айл Монголд тийм ч олон биш бизээ гэж бодоод өнгөрсөн минь алдаа байжээ гэж одоо бодогдож байна. Ингээд бодохлоор олон олон хүний аж амьдрал зөвхөн хот суурин газарт төдийгүй хөдөө орон нутагт ч бас дээшилсээр л байгаа юм байна.
Сүүлийн жилүүдэд тасралтгүй үргэлжилсэн ард иргэдийн амьжиргааны түвшингийн уналтыг зогсоож, нийгмийн доторх тэнцвэргүй орлогын ялгааг багасгаж, туйлын ядуурлыг арилгах талаар Намбарын Энхбаярын Засгийн газар санаа тавьж ажиллажээ. 2000-2003 онд өмнөх оныхтой харьцуулахад ажлын байрны захиалга 2 дахин, ажилд зуучилсан хүний тоо 2,2 дахин нэмэгджээ. Мэргэжлийн сургалтад хамрагдсан хүний тоо гэхэд 4,7 дахин өссөн байна. Хүмүүс мэргэжил шинээр эзэмшиж, мэргэжлээ дээшлүүлж байгаа нь тун баярлууштай. Манай Ерөнхийлөгч Нацагийн Багабандийн хэлэх дуртай нэг үг бий. Хүнд загас барьж өгч бэлэн хоол бэлтгэж өгсний хэрэггүй. Ач тусаар бага юм. Харин тэрхүү амтат хүнс болох загасыг яаж барих вэ гэдэг арга чаргыг зааж сургаж өгвөл илүү үлдэцтэй, цаад хүндээ тустай болно гэж тэрбээр энд тэнд хүмүүстэй уулзахдаа нэг бус удаа хэлж ярьдаг хүн. Тэр үг хэрэгжлээ олсныг дээрх тоо баримт барин тавин өгүүлж байна.
Ахмад дайчин, алдар цолтонд үзүүлдэг тусламжийн хэмжээг өмнөх Засгийн газрын үеийнхээс 2 дахин нэмэгдүүлжээ. Олон хүүхэдтэй өрхийн нэг хүүхдэд жил бүр олгох тэтгэмжийн хэмжээ 2000 төгрөг байсныг 6000 төгрөг болгожээ. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг шат дараалан нэмэгдүүлж, татварын ачааллыг мэдэгдэхүйц бууруулжээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээнд зарцуулсан хөрөнгийн нийт хэмжээ Намбарйн Энхбаярын Засгийн газар үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхлэхийн өмнөх үе буюу 1999 оныхоос 2,1 дахин буюу 34,3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэсэн албан ёсны мэдээлэл байна.Өнгөрсөн хугацаанд зөвхөн төсвийн байгууллагад ажиллагсдын цалин болон тэтгэврийн хэмжээг 2 дахин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3,3 дахин нэмэгдүүлжээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт ч чихэнд чимэгтэй үг, өгүүлбэр цөөнгүй дуулдах болсон нь юутай сайхан. Ахиад л тоо баримтад тулгуурлаж ярья. 2001-2003 онд 655 ор бүхий 10 цэцэрлэгийн байрыг 417,2 сая төгрөгөөр барьж байгуулжээ. Цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 2000 оныхоос 10,9 мянгаар нэмэгджээ. Сүүлийн 3 жилд хичээлийн болон дотуур байр, спорт залын барилга 38-ыг барьж ашиглалтад оруулахад 32,1 тэрбум төгрөг зарцуулж сургуулийн суудлын тоог 14478-аар нэмэгдүүлжээ. Мөн хугацаанд ЕБС-ийн 698 сургуулийн хичээлийн болон дотуур байрыг 11,8 тэрбум төгрөгөөр засварласан нь сургуулиудын барилгад сүүлийн арван жилд хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт болсон байна. БСШУЯ-наас сүүлийн гурван жилд 17040 хүнийг бичиг үсэгт тайлсан гэнэ гэвэл уншигч та лав гайхах биз. Бараг толгой дараалан зуун хувь бичиг үсэгтэн болж ЮНОСКО-гийн шагнал хүртэж байсан Монгол Улс сүүлийн арван жилд арагшаа алхам ухарч бичиг үсэг мэддэггүй 44203 иргэнтэй болсон байна. Тэднээсээ 17 мянгыг нь бичиг үсэгт тайлсан нь энэ. Чамлах юм бишээ. Үлдсэн 27 мянгыг нь хаяж орхилгүй цаасан дээр нэрээ тавьдаг болговол сайн юмсан.
2001-2003 онд давхардсан тоогоор Монгол Улсын Засгийн газар 63840 оюутны сургалтын төлбөрт 16,7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийг үзүүлжээ. 27553 суралцагчийн сургалтын төлбөрт 6,2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, 1993 оноос хойш их, дээд сургууль, коллежид сургалтын төрийн сангийн зээлээр суралцаж байсан 23038 хүний зээлийг хүчингүй болгожээ.
Төрийн сангийн зээлээр болон Засгийн газар хоорондын хэлэлцээр, буцалтгүй тусламжаар гадаадад сургаж буй магистрант, докторантын тоо гэхэд 2001-2003 онд 559 болсны дотор 2003 онд элсэгчид 2000 оныхоос 60 хувиар өссөн байна. Шинжлэх ухаан, техникийн арга хэмжээнд зөвхөн 2004 онд 4,6 тэрбум төгрөг зарцуулахаар батласан нь 2000 оныхоос 2,6 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс харахад Засгийн газар боловсрол, шинжлэх ухаанд хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр хайрлалгүй зарцуулж маргаашийн гэрэлт ирээдүй өөдөө тэмүүлж ажилласан нь илэрхий байна.
Соёл, урлагийн салбарт ч энэ Засгийн газар үр өгөөжөө харамлалгүй хайрлажээ. Бурхан багшийн гүн ухааны алдарт сургаалыг эх монгол хэлнээ хөрвүүлэн буулгасан соён гэгээрүүлэгч Намбарын Энхбаярын Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд сонгодог урлаг, хүүхдийн зохиол, их спортыг төрийн ивээлд авч халамжилсан нь санамсаргүй зүйл байсангүй. Хүүхдийн номын ордон Улаанбаатарт ашиглалтад орж, монголчуудын морин хуур хөгжмийг Дэлхийн утга соёлын шилдэг өвийн бүртгэлд хамруулж, Монголын утга зохиолын 108 ботийн цувралыг хөрөнгө мөнгө гарган хэвлүүлж дуусгав. Их аварга Ёкозуна Д.Дагвадоржийн алдар нэр сумо бөхийн дэвжээнд мөнхрөв. Энэ бүхэн бол үнэхээрийн буянтай сайхан ажил үйлсийг эхлүүлж, бэхжүүлж буйн түрүүчийн үр шим гэлтэй.
1996-1999 онд дунджаар улсын хэмжээнд шинээр сумын 2 эмнэлгийн барилга барьж байсан бол 2000-2004 онд 40 хүртлэх барилгыг ашиглалтад оруулж засварын хөрөнгө 2 дахин нэмэгджээ. 2000-2003 онд аймаг, нийслэлийн яаралтай тусламжийн автомашины хангамж 66,8 хувь, сумдад 41,4 хувьд тус тус хүрчээ. Энэ нь эмнэлгийн түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлтийг сумдад 40-өөс доошгүй хувьд, аймаг болоод нийслэлд 60 хувьд хүргэх Засгийн газрын зорилт давж биелсэн гэсэн үг юм. Үүн дээр эрүүл мэндийн салбарт 25 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэнд тэтгэвэрт гарахад нь 12 сарын, сум, тосгон, сум дундын эмнэлгэт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэнд 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг нэг удаад олгодог болсон, эмч дутагдалтай орон нутагт урамшуулалт цалинтайгаар 3-5 жилийн гэрээгээр ажиллуулж байгаа зэрэг үйл ажиллагааны дэвшилт хэлбэрүүд нэвтэрч буйг нэмж хэлэх хэрэгтэй болов уу. 2000 онд улсын хэмжээнд ердөө 29 газарт халуун ус ажиллаж байсан бол 2004 онд 334 сум, суурин газар халуун устай болж, түүнд улсаас 1,7 орчим тэрбум төгрөг зарцуулжээ.
МАХН 2000 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө боловсролыг тэргүүлэх салбар болгож хөгжүүлэх, шинжлэх ухаан, урлаг соёлын ололтыг хүн ардын сайн сайхны төлөө зориулах, их спортыг халамжилж эрүүл мэндийн салбарын материаллаг баазыг бэхжүүлэх талаар сонгогчиддоо өгсөн амлалтаа мартсангүй, идэвхтэй хэрэгжүүлжээ.
Хүн амын энх тунх аж төрөх нөхцлийг бүрдүүлэх, гэмт хэрэг өдүүлэгчид, хээл хахуульд өртөгсөд, архидан согтуурагчидтай хатуу тэмцэх амлалтаа ямар нэг хэмжээгээр биелүүлэв. 2000-2003 онд улсын хэмжээнд нийт 89618 хэрэг бүртгэгдсэн нь 1996-1999 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргээс 3,8 хувь буурсан үзүүлэлттэй байна. Мөн хугацаанд үйлдсэн гэмт хэргийн 87,8 хувийг илрүүлжээ. Энэ бол харьцангуй өндөр үзүүлэлт юм. Монголын цагдаа, хүчний байгууллагынхан хэргийн мөрөөр шуурхай ажиллаж ирсэн уламжлалтай. Тээр жил Интерполын төлөөлөгчид Монгол айлчилж тухайн үед Монголын цагдаагийн байгууллагын даргаар ажиллаж байсан генерал Пүрэв хэрэг илрүүлэлтийн талаар тэдэнд мэдээлэхэд удирдагч нь ихэд гайхаж Монголын цагдаа үнэхээрийн сайн ажилладаг юм байна. Манайд ингэж ажилласан бол надад үндэсний баатар цол олгох байсан гэж хэлсэн гэдэг.
Мэдээж манайд олдохгүй, баригдахгүй гэмт хэрэгтэн нэг бус байгаа нь ойлгомжтой. Жишээ нь улс төрийн зүтгэлтэн С.Зоригийн аллагын хэрэг байна. Энэ талаар тагнуул, цагдаагийн байгууллагынхан ам ангайх дургүй байгаа ч ажил үйлс алхам алхмаар урагшилсаар байгаа гэдэгт итгэлтэй байна. Засгийн газраас уг хэргийг илрүүлэхэд үнэтэй мэдээлэл өгч тусалсан хүнд 500 сая төгрөгийн шагнал өгөхөөр амласан. Францаас нэг сэжигтэй этгээдийг барьж авчраад хорин байцааж байгаа сурагтай. Хачирхалтай нь 16 настайгаасаа эхлэн хэрэг түвэгт орооцолдож 6 удаа шүүхээр шийтгүүлж хэдэн арван жилийн ял сонсож явсан Д.Энхбат гэгчийг Эх оронд нь авчирмагц Монгол Улсыг хаана байдгийг ч бараг мэдэхгүй шахам гүехэн «мэдлэг»-тэй харийн зарим иргэд бөөн бөөнөөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, парламентын даргад захидал цахилгаан илгээж хүний эрхийг зөрчиж байна. Д.Энхбатыг шоронгоос нэн даруй сулла хэмээн шаардаж эхэлсэн нь тун сэжигтэй.
Захидал, цахилгаан бичсэн тэр гадныхан буруутай бишээ. Тэднийг уриалж өдөж тийм юм бичүүлсэн зохион байгуулагч нь хэн бэ гэдэгт хэргийн учир байгаа юм. Монгол Улсын ГХЯ тэрхүү Д.Энхбат гэгчийн тухай дэлгэрэнгүй тайлбар хүртэл гаргаж үнэн байдлыг ойлгуулах талаар ихээхэн хүчин чармайлт гаргасны эцэст харийн иргэдийн үгэн «түрэмгийлэл» сая зогссон билээ. Үүнээс үзвэл С.Зориг агсныг зэрлэгээр алж хөнөөсөн аймшигт хэрэг усанд хаясан чулуу шиг уусч шингэн алга болоогүй бололтой. Хэргийн мөр улирч баларч, цаг хугацаа алдсанд л хамаг учир байгаа болов уу.
Аливаа хэрэг зөрчлийн эх үүсвэр, дэвсгэр суурь болж өгдөг архидан согтуурах явдал Монгол Улсад өнөөдөр мэдэгдэхүйц багасчээ. Ерээд оны дунд үе, сүүлчээр архидалт хавтгайраад байсан билээ. Саарал ордонд гэгээн цагаан өдрөөр явж ороход хүртэл халамцуухан хүнтэй тааралдаж болдог л байв. Авгай хүүхнүүд нь хүртэл уудаг болоод байсан үе. Монгол Улсын Засгийн газраас, ялангуяа Ерөнхийлөгчийн зүгээс нийгмийн энэхүү гаж үзэгдэлтэй шийдвэртэй тэмцэл явуулсны үр дүнд уг урхаг өвчнийг үхлийн хорт хавдар болгож хувиргалгүйгээр дарж авлаа гэж хэлж болохоор болоод байна. Өнөөдөр манай хүмүүс, ялангуяа залуус айргаан сөгнөж, аяга пиво, хундага дарснаас цааш ахиж давардаггүй боловсон төлөвшлийг олж байна. Ерээд оны эхээр наймаа хийдэг хүн бүр архи «цусладаг» байсан бол өнөөдөр түүнд дурлаж хөтлөгддөг томоохон бизнесч нэг ширхэгийг ч хайгаад олохооргүй болжээ. Энэ бол нийгэм цэвэршиж буйн шинж тэмдэг. Энэ бүхний үр дүнд улс орны эдийн засаг бэхжиж, нийгэм тогтворжиж, хүн амын маргаашдаа итгэл итгэл илэрхий сайжирч эхэллээ.
2000 онд Намбарын Энхбаярын Засгийн газар 1,1 хувийн өсөлттэй эдийн засгийг хүлээж авч байсан бол өнгөрч буй дөрвөн жилд эдийн засагт мэдэгдэхүйц ахиц гарч дотоодын нийт бүтээгдэхүүн 2002 онд 4 хувиар, 2003 онд 5,5 хувиар тус тус өсчээ. 1999 онд ДНБ-нд эзлэх төсвийн урсгал тэнцэл 0,3 хувийн, нийт тэнцэл 11,9 хувийн алдагдалтай гарч байсан бол сүүлийн гурван жилд төсвийн алдагдал 2 дахин буурсан байна.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 1999 онд 30,4 сая ам доллар байсан бол 2003 онд 79 сая ам долларт хүрч 2,6 дахин өсчээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт 1999 онд 10 хувь, 2000 онд 8,1 хувь, 2001 онд 8 хувь байсан бол 2002 онд 1,6 хувьтай гарсан байна. Энэ нь Монгол Улсад эдийн засгийн шилжилт эхлэсэн 1991 оноос хойшхи инфляцийн хамгийн бага түвшин юм.
Хүн амын амьжиргаа сайжирч, тогтворжиж байна. Жишээ нь иргэдийн нийт хадгаламж 2000 оны эцэст 125,5 тэрбум төгрөг байсан бол 2001 онд 169,8 тэрбум, 2002 онд 282 тэрбум, 2003 онд 435 тэрбум төгрөгт тус тус хүрч Засгийн эрхийг эвслээс хүлээж авч байсан 2000 оныхоос даруй 3,5 дахин өссөн байна. Иргэд маань мөнгө төгрөгтэй болж, түүнийгээ банкинд хадгалуулдаг болж байгаа нь энэ. Банкинд итгэх итгэл нь нэмэгдэж байгаагийн гэрч. Ерээд онд төрийн өмчийн Ард, Монгол даатгал, Төв Ази, ХОТШ, Сэргээн босголт банк, хувийн өмчийн Эдийн тэнгэр, Эксим, Монгол бизнес банк ар араасаа мөр мөрөө даран дампуурч байсныг уншигч та мартаагүй гэдэгт итгэж байна. Тэр үед олон хүн алдагдаж алга болсон хэдэн янчааныхаас араас нулимас дуслуулж байсан билээ. Тэгэхэд банкны тогтолцоо бүхэлдээ хямарч 47,3 тэрбум төгрөгийн банкны өр үүсээд байсан юм.
Өнөөдөр тэр үзэгдэл үгүй болжээ. Намбарын Энхбаярын Засгийн газрын үед Монгол Улсын банк, санхүүгийн үйл ажиллагаа цэгцэрч банкинд итгэх иргэдийн итгэл сайжирч, банк хүн ард, аж ахуйн нэгжүүдэд урт, богино хугацааны зээлийг өгч урамшуулдаг болсон нь том ололт мөн гэлтэй.
Засгийн газрыг ажил хүлээж авахын өмнө буюу 1999 онд Монгол Улс 116,9 сая ам. долларын нөөцтэй байлаа. Энэ нь импортын барааны 10,7 долоо хоногийн хэрэгцээг хангаж байв. Тэгвэл өнөөдөр манай улс 275 сая ам долларын цэвэр нөөцтэй, тэр нь импортын барааны 17,4 долоо хоногийн хэрэгцээг хангах чадвартай болоод байна. Их өр, бас бус зүйлийг дарж барагдуулаад тэр шүү.
Одоогоос яг дөрвөн жилийн өмнө УИХ-ын гишүүн М.Далайхүү бидний хэсэг хүн ХБНГУ-д очиж Эбертийн сан дээр туршлага судалж билээ. Тэдний нэг томхон мужид парламентын сонгуулийн кампанит ажил ид өрнөж байв. Арван мянган хүний цуглаан болж Германы социал демократ намын дарга, ХБНГУ-ын канцлер ноён Герхард Шройдер үг хэлэхэд нь бид биечлэн оролцож парламентын сонгуулийн өмнө Засгийн газрын тэргүүн юу ярьдгийг нь сонсов. Уран илтгэгч Г.Шройдер бүтэн цаг илтгэв. Олон олон зүйл хэлсэн. Тэдгээрээс манай нам засгийн эрхийг барьж байхад ХБНГУ-ын иргэд их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах эрх, бодит боломж нь үүрд хадгалагдан үлдэнэ. Үүнийг бид зуун жилийн өмнө иргэддээ хэлж байсан, өнөөдөр ч давтан тунхаглаж байна. Их, дээд сургуульд, иргэдээ үнэ төлбөргүй сургаж дээд боловсрол олгодог улс орон дэлхий ертөнцөд тун цөөн шүү гэсэн нь аадар бороо асгаран нижигнэх адил удтал үргэлжилсэн алга ташилтын хамт цээжинд хадагдан үлджээ. 2000 оны МАХН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт бид тэрхүү санааг түлхүү тусгаж өгөх гэж хирдээ л хичээсэн билээ. Ард түмэн ч халуунаар талархан хүлээж авсан юмдаг. Тэрхүү зорилт хэрэгжин биелж байгаа нь А.Цанжид сайдын сэтгүүлчидтэй уулзахдаа хийсэн мэдээллээс тодорхой харагдаж байна. Уламжлал бүхий энэ зорилт удтал хадгалагдаж үлдээсэй гэж би хувьдаа хүсэх байна.
Бонн хотноо болсон арван мянган хүний тэрхүү цуглааны үеэр би тэдний заримтай нь уулзаж үг өдөж санал бодол солилцож үзсэн. Нэг немц эр Германы сонгогочдын хувьд ямар намын засгийн газар байх нь тийм ч гол бишээ. Яаж аж амьдрал дээшлэв гэдэг нь харин маш чухал. Сард би ойролцоогоор 17 өндөг хүнсэндээ хэрэглэдэг. Энэ хэмжээ нэмэгдэж байна уу, хасагдаж байна уу гэдэгт л хэргийн учир байгаа юм. Социал демократ нам засгийн эрхийг барьж буй он жилүүдэд дээрх үзүүлэлт тогтвортой хадгалагдаж байгаа учраас би тэднийг дэмжиж байна гэж хэлж билээ.
Энэ бол сонгогч хүний үнэн сэтгэлийн үг. Ийм хэмжүүрээр уншигч та Намбарын Энхбаярын Засгийн газрын үйл ажиллагааг үнэлж дүгнэхийг хичээгээрэй. Мэдээж ололт амжилт, дутагдал доголдлын аль аль нь байж таарна. Ажил хийсэн хүнд алдаа оноо байнга дагалдаж байдаг нь ертөнцийн жам юм хойно. Жишээ нь Намбарын Энхбаярын Засгийн газар юг хийж эс амжив хэмээн би ч гэсэн шүүмжлэлтэйгээр хандаж байна.
Миний санахад эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх эхлэлийг энэ дөрвөн жилд Монгол Улсад тавьж чадсан боловч энэ нь Монгол Улсын гарцаагүй ирээдүй юм, өөр зам байхгүй гэдгийг хэд хэдэн чиглэлээр үлгэр дуураил болохуйц аж ахуйн нэгжүүдийн бодит үйл ажиллагаагаар харуулах ёстой байсан болов уу. Жишээ нь нийслэл хотын ойр орчимд дээд зэргээр механикжиж автоматчилагдсан сүүний фермүүд, гахай тахианы шахаж бордох төвүүд, өвөл зунгүй жилийн дөрвөн улиралд тасралтгүй үр өгөөжөө өгөх хүнсний ногооны хүлэмжүүд зэргийг ногоон, цагаан хувьсгалын арга хэмжээний хүрээнд төрийн идэвхтэй оролцоотойгоор зориуд зохион байгуулах шаардлагатай байсан байж мэднэ. Ийм эхлэлүүд бий. Гэхдээ хангалттай биш. Түүнийг зөвхөн хувийнхны өөрсдийнх нь идэвх сонирхолд найдаад орхиж болохгүй.
Ган гачиг, зуд турхан Монголд үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Өнгөрсөн жилд бүх дэлхийг бүхэлд нь нөмөрсөн хэт халуурал гэхэд л ойрын зуун жилд хоёр жил тутамд нэг удаа давтагдах төлөвтэй байна хэмээн цаг уурчид оношилж байна. Мичин жилийн зуд турхан нэгэн жаранд бус харин тав арван жил тутамд давтагдах магадлал хэвээрээ байна. Ийм нөхцөлд нүүдлийн мал аж ахуйн ирээдүй маш бүрхэг байгаа юм. Тиймээс Монгол Улс эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланд эргэлт буцалтгүй шилжлээ гэж үе үе тунхаглахдаа гол нь биш шууд ханцуй шамлан хэрэгжүүлж эхлэх, бүх нийтийн үйлс болгож дэлгэрүүлэхэд хэргийн учир байгаа юм. Эрчимжсэн хөдөө аж ахуйн талаарх зорилтыг эрчимтэй үйл ажиллагаагаар л сая хангаж чадна гэдгийг байнга санаж явах ёстой болов уу. Энэхүү эрчимтэй үйл ажиллагаа илэрхий үгүйлэгдэж байна. Монгол Улсын эдийн засаг хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйгаас хэзээ ямагт хараат байх болно. Ган зудыг гаргуулахгүй бай гэж Засгийн газраас тулган шаардаж арай болохгүй байх. Тэгвэл хэтэрхий бүдүүлэг хэрэг болно. Тийм боловч болзошгүй ирээдүйд эртээс буурь суурьтай бэлтгэхийг шаардах нь иргэд бидний үүрэг, бас эрх.
Үндэсний үйлдвэрүүдийн уналт зогссон нь тун сайн хэрэг. Зөвхөн сэргэлт хангалтгүй. Түүнийг цэцэглүүлж хөгжүүлэх талаар шинжлэх ухааны үндэстэй, эдийн засгийн ухаалаг бодлогыг цаашид тасралтгүй хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Эрдэнэтийн зэс молибденийг Монгол Улс баяжмалаар нь хичнээн жил гадагш гаргав. Эцсийн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэл тэнд хэрэгтэй байна. Энэ чиглэлээр бүсээ чангалж байгаад ч гэсэн зоригтой алхам хийх ёстой. Эрдэнэтийн түүхийг Оюу толгойд давтаж болохгүй. Ерөөсөө арьс шир, алт эрдэнэсээ түүхийгээр нь гадагш цутгаад байж таарахгүй. Үндэсний үйлдвэрлэлийг улсын нэгдсэн бодлогоор хөхүүлэн дэмжиж үйл ажиллагааг нь жигдрүүлээгүй цагт улс орон хэзээ ч баяжиж дэвжихгүй болов уу. Сонгодог эдийн засгийн онол хуучраагүй л бол түүхий эдээ гадагш зөөсөн улс орон хөл дээрээ босч хөгжсөн нь бараг үгүй гэдэг. Өнөөдөр ч тийм хэвээрээ байх шиг байна. Үүний тулд үндэсний үйлдвэрлэлд үйлчлэх татварын нэн ухаалаг тогтолцоог бүрэлдүүлж боловсронгуй болгон төлөвшүүлэх шаардлагатай болов уу. Өөрийн зах зээлийг, өөрийн үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах, хөгжүүлэх бодлого нь улс орны тусгаар тогтнолын төлөөх бодлого, үйл ажиллагааны нэг салшгүй хэсэг байх ёстой гэдэгт би хувьдаа үнэнхүү итгэдэг хүн. Монголд экспортын чиглэлийг голлосон үндэсний үйлдвэрлэлийг түлхүү хурдацтайгаар хөгжүүлэх явдал тэргүүн зэргийн зорилт байх ёстой.
Сүүлийн жилүүдэд хүн амын дунд орлогын ялгаа ихсэж, ажилгүйдэл ба ядуурал арилахгүй амь бөхтэй зууралдсаар байна. Үүнд нөлөөлж буй дотоод, гадаад цөөнгүй хүчин зүйлс үйлчилж байгаа нь ойлгомжтой юм. Хэдий тийм боловч аль ч Засгийн газрын өдрийн бодол, шөнийн зүүд нь ажилгүйдэл, ядуурлыг арилгаж багасгах явдал даруй мөн. Өнгөрч буй дөрвөн жилд «Хүний аюулгүй байдлыг хангах сайн засаглал», «Тогтвортой амьжиргаа», «Хөдөөгийн ядуурлыг тогтвортой бууруулах» зэрэг төслүүдийг хэрэгжүүлж тодорхой амжилтанд хүрсэн нь үнэн боловч санаа амарч тайвшрах яагаа ч үгүй байна. Ядуурал манай нийгмийн нэг заналт дайсан хэвээрээ, хот хөдөөд ажилтай ажилгүй нь үл мэдэгдэх залуус хөлхөлдсөөр байгаа нь нууц биш юм. Гадаадад хөдөлмөр эрхлүүлэхээр гаргаж буй хүний тоо жилээс жилд нэмэгдэж байвч санасан түвшинд хүрэхгүй байна. Энэ чиглэлээр идэвхтэй бөгөөд санаачилгатай ажиллах шаардлагатай.
Монгол Улсын Засгийн газраас бүс нутгийн хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулж гаргасан нь үнэхээрийн нэг том давшил мөн. Үүнийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрвөл зохилтой. Гагцхүү түүнийг тодорхой бодлого, үе шаттайгаар шуурхайлан хэрэгжүүлэх хэрэгтэй болов уу. Цаг алдаж байна. Бас зориг дутаж байна ч гэж зэмлэмээр байна. Эхлүүлсэн ажлаа хойш тавьж огт болохгүй. Эс тэгвэл нийслэлийг зорьсон их нүүдлийг хэзээ ч зогсоож чадахгүй. Баг багаараа, сум сумаараа нүүж одно. Эзэнгүй уул ус олширно. Монгол Улсын нутаг дэвсгэрийг хөгжлийн таван бүс болгож тулгуур ба дагуул төвүүдийг тодорхойлсон нь чухал ач холбогдолтой нь ойлгомжтой. Үүнд түүхэн уламжлал, нутаг дэвсгэр, байгаль цаг уурын онцлог, оршин сууж буй хүн амын тоо бүтэц, тухайн аймгийн эдийн засгийн чадавхи, дотоод гадаад нөхцөл байдал зэрэг бүхий л хүчин зүйлийг тал бүрээс нь харгалзан үзэж эрдэмтэд, мэргэжилтнүүдийн үгийг Засгийн газар анхааралтай сонссон гэдэгт итгэж байна. Амин чухал ийм зүйлд нутгархах, үндсэрхэж явцуурах, зулгуйдаж найр тавин нялганах явдал хэрхэвч байж таарахгүй. Ямар ч үнэ цэнээр хамаагүй аймгийнхаа төвийг болж өгвөл аль нэг бүсийн тулгуур төв, бүр ядвал дагуул төв болгох гэж хөл мэдэн гүйж, хэл мэдэн бурж яваа хүмүүсийг буруутгах аргагүй ч зөвтгөн хүлээж аваад төрийн бодлогыг булингартуулбал тун тусгүй.
Ирэх дөрвөн жил төдийгүй ирээдүйн он жилүүд дэх Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх нэг чиглэл үүнд төвлөрөх ёстой буй заа. Алтанбулаг, Замын үүдийн эдийн засгийн чөлөөт бүсээр сэтгэл ханан хязгаарлаж яавч болохгүй. Улс орны төв хэсэгт, Улаанбаатарын нутаг дэвсгэрт ч эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулж болно.

No comments: