Friday, March 14, 2008

«ИХ ӨР»- ИЙГ ЦАЙРУУЛСАН НЬ ЭНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН ТҮҮХЭН ГАВЬЯА МӨН

Засгийн газар бүхэн өөрийн гэсэн өвөрмөц ул мөртэй. Тэр нь түүхэнд тод ба бүдэг харилцан адилгүй үлдэж хоцордог аж. 1996-2000 онд ажилласан эвслийн Засгийн газар гэхэд дөрвөн жилийн дотор дөрвөн Ерөнхий сайдыг сольж өөрчилснөөрөө Монгол Улсын түүхэнд нэн содон харагдаж байх жишээтэй. Бас Санжаасүрэнгийн Зоригийн амь насанд зэрлэгээр халдаж хөнөөсөн дуулиант хэрэг явдал гарсан нь ч энэ үеийн түүхийн «хар толбо» болж үлдэнэ.
Намбарын Энхбаярын Засгийн газрын 2000-2004 оны үйл ажиллагааны түүхэнд хамгийн тодоор тэмдэглэгдэж үлдэх түүхэн үйл явдал бол Монгол Улсаас ОХУ-д / хуучин ЗХУ/ төлөх Их өрийн ээдрээтэй асуудлыг Монгол Улс, Монголын ард түмний амин эрх ашигт нийцүүлж нэн ухаалгаар шийдвэрлүүлсэн явдал мөн. Манайх Оросод өртэй, өргүй гэж олон жил амтай бүхэн нь л шуугилдсан. Тэглээ гээд ямар ч нэмэр болоогүй. Бямбасүрэнгийн Засгийн газрын үед, бас Наранцацралтын Засгийн газрын үед уг урхаг асуудлыг шийдвэрлэх алхам хийх гэж оролдсон боловч айлын талын хатуу байр суурийг зөөлрүүлж чадаагүй нь бодит үнэн юм. Далан хувийг нь хөнгөлж өгч болох юм гэсэн үг ах нарын амнаас гарч байсныг бид мартаагүй байна. Их өрийн үлдсэн гучин хувийг Монгол Улс төлнө гэвэл хэдэн үеэрээ гүрдийтэл зүтгээд ч барахааргүй байв. Тийм учраас хойт хөрштэйгээ эрүүл саруул ухаанаар санал солилцож ам хэлээ олох явдал хамгийн чухал байлаа. Аваагүй идээгүй, өгөхгүй чадахгүй гэж тэнэглэн зүтгэх нь ерөөс утгагүй зүйл байсан. Монгол Улсын ГХЯ-наас гаргасан ЗСБНХУ-аас манай улс авч ашигласан шилжих рублийн зээл, техник эдийн засгийн тусламжаар 1947-1990 онд Монголд барьж байгуулсан обьект, үйлдвэрүүдийн жагсаалтыг уншигч та үзсэн бол аргагүй л аваад хэрэглэчихэж дээ гэж эрхгүй итгэнэ. Тэнд он оноор нь ангилж 95 зүйлийг сэдэвчилэн жагсааж үзүүлсэн байна лээ. Түүний дотор 700 гаруй км урт засмал зам, Наушки-Улаанбаатарын хоорондын 428 км урт төмөр зам /1947-1949 он/, цахилгаан станц, сүүний комбинат, мах комбинат болон талхан завод /1952-1957 он/, Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Булган, Хэнтий, Хөвсгөл, Дорнот, Увс аймгийн гурилын механикжсан үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт 3000 авто машин, 2500 трактор, 350 комбайн болон ХАА-н бусад машин техник /1958-1960 он/, Дарханы дулааны цахилгаан станц, Дархан-Шарын гол, Дархан-Сүхбаатарын 160 км цахилгаан дамжуулах шугам, жилд нэг сая тонн нүүрс гаргах Шарын голын нүүрсний ил уурхай, Улаанбаатарт жилд 70 мянган метр кв талбай бүхий орон сууц үйлдвэрлэх комбинат /1961-1965 он/, Улаанбаатарт 130 мянган кв метр бүхий орон сууц, 14 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай үйлчилгээний төв,Дархан-Улаанбаатарын 227 км урт цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугам, 7000 өрөмдмөл худаг, 6000 уурхайн худаг, /1966-1970 он/, Чойбалсан хотын хүнсний комбинат, автомат телефон станц, Орхонтуул, Эрээнцав, Халхын гол, Зүүнхараагийн төмс, ногооны төрөлжсөн аж ахуй, Бэрхийн хайлуур жоншны уурхайн өргөтгөл, Толгойтын алтны уурхай, хөдөө аж ахуйн 16600 хашаа, Монгол Зөвлөлтийн хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж, Улаанбаатарын III цахилгаан станц, Улаанбаатар-Багахангайн 120 км төмөр зам, сүүний 13 ферм, 700 гаруй мянган кв метр орон сууц /1976-1980/, Атрын болон тэжээлийн 8 аж ахуй, сүүний 6 механикжсан ферм, малын 13000 хашаа, 10 гаруй сая га усжуулах уст цэг, Улаанбаатарын IV цахилгаан станц, Багануурын нүүрсний уурхайн эхний ээлж, Улаанбаатар-Дархан, Багануур-Чойрын гэх мэт 1000 гаруй км урт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам, Эрдэнэтийн хивсний үйлдвэр, Улаанбаатарын ээрмэлийн үйлдвэр, талх чихрийн комбинат, Хавдар судлалын эмнэлэг, нэгдсэн III эмнэлэг /1981-1985 он/, Бог бод малын 10400 хашаа, Дарханы керамзитын үйлдвэр, Улаанбаатарын тоосгон завод, Политехникийн дээд сургууль, 1100 мянган кв метр талбай бүхий соёл ахуйн барилга байгууламж зэрэг обьект, үйлдвэрүүд бичээстэй байгаа юм. Яах ч аргагүй баримт бол энэ. Бас 1065,4 сая шилжих рублийн буцалтгүй тусламжийг ЗХУ-аас Монгол Улсад үзүүлснийг ч он оноор нь тэмдэглэсэн байна лээ.
Улс төрийн зарим хүчнүүд Монгол Улсыг өрийн дарамтанд унагасан гол буруутан нь МАХН гэж дайрч давшилдаг. Улс орноо урагшлуулж хөгжүүлье л гэвэл гаднын зээл тусламж авч л таарна. Энэ бол бүх улс оронд байдаг нийтлэг үзэгдэл. Монгол Улс ч түүнийг тойрсонгүй. Дайрчээ. Тэрхүү зээл тусламж нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан хот болж сүндэрлэсэн. Цэцэрлэг ясли, сургууль, эмнэлэг болж дүрс хэлбэрээ өөрчилсөн, аймаг сумдын төвд гэрэл цахилгаан болж цацарсан, ээрэм талд худаг болж ус эрдэнийг ундруулсан, тариа болж найган гурил болж хувираад талх боов хэлбэрээр хүн ардын гар дээр хүрч очиж байсан хэрэг юм. Уурших адил тэнгэрт хийсч арилаагүй, усанд хаясан чулуу шиг сураггүй алга болоогүй. Хэн нэгний өвөр түрүүнд ороогүй, хэзээ яасан нь мэдэгдэхгүй нэгмөсөн алга болоогүй. Харин монголын ард түмний сайн сайхан амьдралын тулд л зориулагдсан билээ.
Дааж давшгүй энэ их өрийг хэзээ яаж хэн зориглон барагдуулах билээ хэмээн гутрангуй үзэлтнүүд шаазгай шиг шаагилдаж, шар шувуу шиг гууглалдаж байсан нь тун саяхан. Гэтэл үүнийг МАХН, түүний байгуулсан Намбарын Энхбаярын тэргүүлсэн Засгийн газар шийдвэрлүүлж чадлаа. Монголын ард түмний хувьд 2004 оны шинэ жилийн шилдэг бэлэг нь үнэхээр энэ байв. Арван тэрбум ам доллартай тэнцэх өрийн 98 хувийг хүчингүй болгон цайруулж үлдсэн 2 хувийг буюу 250 сая ам долларыг Монголын Засгийн газар 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ОХУ-д төлжээ. Эл мэдээг шинэ жилийн өдрүүдэд дэлхийн цахилгаан мэдээний агентлагууд яаравчлан дамжуулсан билээ. Уг мэдээ Монголд олон олон хүнийг баярлуулж, мөн цөөнгүй хүнийг цочирдуулжээ. Чихэндээ итгэж ядан байсан нь ч бий. Уур уцаар нь огцом хөдөлсөн ганц нэг хүн ч бас байсан нь мэдээж.
Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу багийн иргэн Г.Халзан МОНЦАМЭ-гийн сурвалжлагчид ярихдаа ОХУ-д төлөх их өрийг тэглэсэн тухай сонсоод сэтгэл үнэхээр өндөр байна. Их өрийн зээлийг юунд зарцуулж байсныг мэдэх амьд гэрчийн нэг нь би. 1965-1970 онд Заамар сум-нэгдлийн даргаар намайг ажиллаж байхад зээлийн хөрөнгөөр 10 жилийн сургууль, дотуур байр, уурын зуух, засварын газар, ус түгээгүүрийн байгууламж, 28 айлын орон сууц барьж Ар-уртын багийг иж бүрнээр тохижуулж, малын 119 хашааг худгийн хамт барьж байгуулан хүлээлгэн өгсөн гэжээ. / «МОНЦАМЭ» мэдээ 2004.01.9/ Дархан хот бол тэр чигээрээ зээлийн хөрөнгөөр боссон юм шүү гэж тус аймгийн засаг дарга Д.Хаянхярваа мөн хэлсэн байна. / «МОНЦАМЭ» мэдээ, 2004.01.7/. Ингэж хэлж батлах хүн хэдэн мянгаараа байгаа бололтой. Дархан- Уул аймгийн 10 гаруй их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа 4000-аад оюутан их өрийг цайруулж барагдуулсанд талархаж баярын цахилгаанд гарын үсгээ зурсан нь ч үүнийг баталж байна.
Москва дахь Олон улсын банкинд ажиллаж буй эдийн засгийн ухааны доктор Д.Моломжамц МОНЦАМЭ-гийн сурвалжлагч П.Шагдарт Их өрийг цайруулсны ач холбогдолыг тайлбарлаж ярилцлага өгөхдөө «Монгол Улсын гадаад нэр хүнд их өснө. Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс, хөрөнгө оруулагчдын зүгээс манай улсыг сонирхох сонирхол, манайд хөрөнгө оруулах итгэл үнэмшил ихээхэн сайжирна. Өөрөөр хэлбэл, манай улсад гадаадаас хөрөнгө оруулах явдал эрс нэмэгдэнэ» / «МОНЦАМЭ» мэдээ. 2004.01.14/ гэж үнэлсэн бол Үндэсний статистикийн газрын дарга П.Бямбацэрэн 11,4 тэрбум шилжих рублийн зээлийн хөрөнгөөр Монгол Улсад 800 шахам үйлдвэр, аж ахуйн газар, олон мянган соёл, боловсрол, эрүүл мэндийн болон орон сууц барьж байгуулсныг онцгойлон тэмдэглээд өнөөдрийн түвшингээр тооцож үзвэл манай улсын бүтэн жилд үйлдвэрлэж буй ДНБ-ний хэмжээг 10 дахин, жилийн төсвийн орлогын хэмжээг 20 дахин өсгөсөнтэй тэнцэх тийм их өр төлбөрөөс бид чөлөөлөгдлөө. Энэ нь манай үндэсний эдийн засагт асар их боломж, нөөц чадавхи бүрдүүлэх дотоодын таатай нөхцөлийг буй болгож байна гэжээ.
Их өрийг Энхбаярын Засгийн газар цайруулж чадсантай холбогдуулж Монгол Улсын сүүлийн тавь жаран жилийн хөгжлийн түүхийг биеэр туулж зовлон жаргалыг нь нэвт шувт мэдэрч ирсэн манай улс, нийгмийн ахмад зүтгэлтэн Д.Моломжамц, Д.Содном, Д.Гомбожав, Т.Рагчаа, С.Жалан-аажав, П.Жасрай, П.Дамдин, М.Пэлжээ, Ё.Очир, Д.Салдан, Д.Готов, Ж.Дулмаа, Л.Лантуу, У.Аварзад нарын хэсэг хүмүүс Ерөнхий сайдад бараалхаж гардуулсан илгээлтдээ «Таны гүйцэтгэсэн энэ ариун үйлс Монгол Улсын түүхэнд томоор тэмдэглэгдэх ёстой бөгөөд Та эх орон, ард түмнийхээ өмнө гарамгай гавьяа байгууллаа гэж ахмадууд бид үзэж байна» гэж онцлон тэмдэглэсэн нь нэн учиртай.
Гэтэл Намбарын Энхбаярыг адлах шидлэх хүмүүс ч бас төдхөн гараад л ирсэн билээ. Хайран 250 сая ам доллар . Өгөхгүй байх ёстой байсан зүйлийг дур мэдээд өгчихлөө. Ард түмний хөрөнгөөр гараа угаачихлаа. Маш буруу юм хийлээ гэж Дашзэвэгтэнгүүд шуугилдав. Үүнийг нь оросын сэтгүүлчид шүүрч аваад Монголд ч гэсэн өөрийн гэсэн Жириновски нар зөндөө бий хэмээн сенсаацлав. Хордох хийгээд шордохыг зэрэгцүүлж байгаад хор найруулсан энэ мэт үгийг олж сонссон орос хүмүүсийн сэтгэлд тийм ч сайхан байгаагүй л болов уу. Яр тэмбүүнээс нь салгаж өгсөн гэж л бидэнд гомдоогүй юм бол монголчууд оросуудад өөр юундаа дургүйцсэн юм. Хуцаад байвал хулхидаад өгч чадна шүү гэх өнгө аястай үгийг ноён В.Жириновски хэлж байсан нь хэдхэн жилийн өмнөх явдал билээ. Курилын арлуудыг Японд, Зүүн Германыг баруун Германд нь, Монголыг Хятадад худалдаад олсон мөнгөөрөө ЗХУ-ын ард түмэн хэдэн жилдээ л баян тансаг амьдарч чадна хэмээн шатрын хаан Каспаров ичихийг мэдэхгүй ил тод донгодож байсан нь сонин хэвлэлийн хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ. Тэр ч битгий хэл ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Борис Ельцин хүртэл Монголын их өрийг бид сонирхогч бусад оронд худалдах эрхтэй гэж шуудхан мэдэгдэж байсан нь саяхан.
Ингээд бодохоор их өрийн тухай асуудал бол маш их урхагтай, улс орны тусгаар тогтнол, Монголын ард түмний хувь заяатай шууд холбоотой туйлын ээдрээтэй нарийн асуудал байсан нь ойлгогодож байна. Энэ бүхнийг тал бүрээс нь сайтар бодолцон тунгааж байж үнэн зөв, бодитой үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй бизээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабандиас ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд 2004 оны 1 дүгээр сарын 7-нд илгээсэн цахилгаан утсанд ЗХУ-аас БНМАУ-д олон жилийн турш олгож ирсэн шилжих рублийн зээлийн төлбөрийн асуудлыг хоёр улсын Ерөнхийлөгчийн уулзалтын үеэр ярьж тохиролцсон зарчмуудыг үндэс болгож шийдвэрлэсэнд монголчууд сэтгэл дүүрэн баяртай байгааг илэрхийлээд энэ нь Монгол Улсын цаашдын хөгжилд шинэ таатай боломжийг нээн өгч, ард түмнийг маань өнгөрснөөрөө бахархаж ирээдүйдээ итгэх итгэлээр жигүүрлүүлж байна гэж онцлон тэмдэглэжээ. Өрийн асуудлыг зохицуулсан нь Монгол Улс, ОХУ бие биендээ халуун сэтгэлээр найрсаг ханддаг өндөр дээд уламжлалдаа үнэнч, бүрэн эрхэт байдал, тусгаар тогтнолоо гүнээ хүндэтгэж, харилцан хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлэх, сайн хөрш, түншийн ёсоор хамтран ажиллах зарчмуудыг харилцаандаа удирдлага болгож байдгийн тод илрэл, бодит үлгэр боллоо гэжээ. Зүгээр ч нэг ингэж тэмдэглээгүй бололтой.
ОХУ-ын албаны хүмүүс ч бас дуугүй байсангүй. Тус улсын ГХЯ-ны сайд, Засгийн газрын тэргүүний хэмжээнд ОХУ энэхүү өрийг цайруулснаар Монгол Улстай онцгой харилцаатай гэдгээ нотолсон юм хэмээн удаа дараа мэдэгджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинээс 2004 оны 2 дугаар сарын 19-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабандид илгээсэн хариу цахилгаан утсанд шилжих рублийн зээлийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн нь дэлхий дахины байдал амаргүй байгаа өнөө үед орос, монголын харилцааны онцгой чанарыг бэхжүүлэхэд чиглэсэн алхам болсон гэж үнэлж байна. Халхын голын хамтын ялалт, дэлхийн хоёрдугаар дайны үеийн холбоотны харилцаагаар батжсан манай ард түмнүүдийн найрамдал, сайн хөршийн харилцааны олон жилийн уламжлал, өнөөгийн Монгол улсын хөгжилд шинэ Орос орны зүгээс үзүүлж буй дэмжлэг энэ бүхний үндэс суурь болсон юм. Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэгтээ хариуцлагтай ханддагаа итгэл үнэмшилтэйгээр харууллаа.
Монголын эдийн засгийн бодит боломжийг харгалзан өрийн асуудлыг хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэсэн нь манай хоёр орны харилцааг иж бүрнээр нь, түүний дотор хөрөнгө оруулалтын хүрээнд цаашид хөгжүүлэх өргөн төлөвийг нээж байгаа гэдэгт итгэл төгс байна гэж онцлон тэмдэглэжээ.
Энэ бүхнээс үзвэл их өрийн асуудалд аль аль тал нь маш нухацтай, олон талаас нь тунгаан бодож туйлын хариуцлагатайгаар хандсан нь тодорхой харагдаж байна. Хэрэлдэх бус ярилцах, сөргөлдөх бус зөвлөлдөх, хардаж сэрдэх бус харилцан итгэлцэх арга тактикийг Намбарын Энхбаярын Засгийн газар сонгон авч асуудлыг үүсэн буй болсон түүхэн нөхцөл байдалтай нь зөвөөр холбон авч үзэж, өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн бодит боломжоо айлын талд зөв ойлгуулж, Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны ирээдүйг юу юунаас илүүтэйгээр эрхэмлэн чухалчилсан нь эрхгүй мэдрэгдэж байна. Энэ бол туйлын ухаалаг бодлого гэлтэй.
Намбарын Энхбаярын Засгийн газрын өнгөрч буй дөрвөн жилийн үйл ажиллагааг янз бүрийн өнцгөөс янз бүрээр харж үнэлж дүгнэж болно. Тэр бүгдийн дотроос би өрийн тухай асуудлыг, түүнийг шийдвэрлэсэн байдлыг тусгайлан сугалж авч онцлон өгүүлэхийг зорилоо. Энэ бол дуугүй өнгөрч болохгүй сэдэв юм.
Намбарын Энхбаярын Засгийн газар ганц ОХУ-д төлөх өрийн асуудлыг шийдвэрлээд зогсоогүй юм гэдгийг нэмж хэлье. 2002 онд Чех Улсад төлөх өрийг, 2003 онд Словак, БНАСАУ-д төлөх өрийн асуудлыг тус тус бүрэн шийдвэрлэжээ. Мөн Польш улстай үүссэн өрийг зохицуулах талаар урьдчилсан тохиролцоонд хүрч чадсан байна. Ингэхдээ нэг ам долларыг арван шилжих рубльтэй тэнцүүлэн авч үзэж итгэлцүүр болгосон байна. Социалист системийн хүрээлэлд байх үедээ БНМАУ бараг бүх социалист орноос их, бага ямар нэгэн хэмжээний зээл тусламж авч байсан бөгөөд тэр нь өр болж хуримтлагдан өдгөөг хүргэсэн түүхтэй билээ. Энэ асуудалд Энхбаярын Засгийн газар онцгойлон анхаарч хүчтэй үйл ажиллагаа явуулж бодитой үр дүнд хүрсэн нь түүний засгийн газрыг Монгол Улсын үе үеийн бусад Засгийн газраас онцгойруулан ялгаруулж байна гэж баттай хэлж болно. Энэ бол гавьяа мөн. Үүнийг гардаж хэрэгжүүлсэн Ерөнхий сайдыг Хөдөлмөрийн баатар болгосон ч багадана л гэж би хувьдаа бодож байна.
Монголчууд өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэж ярьдаг. Түүнээс үнэн үг ховорхон болов уу. Тийм болохоор их өрөөс салгаж өгсөн Намбарын Энхбаярын Засгийн газарт талархаж, түүний энэхүү үйл ажиллагааг зүй ёсоор үнэлж түүхэнд мөнхөлж үлдээх учиртай. Учир нь зээл тусламж авдаггүй улс орон байдаггүй ч, түүний үр дагавар маш их урхагтайг манай их өрийн гашуун сургамж бидэнд ноцтойгоор сануулж байна. Түүнийг төлж барагдуулснаар монголын ард түмэн, түүний саналаа өгч байгуулсан Засгийн газар санаа амран тайвшрах эрхгүй. Яагаад гэвэл сүүлийн арав гаруй жил хандивлагч улсуудаас авч хэрэглэсэн зээл, тусламжийн өрөнд Монгол Улс бас л бөөстөх адил торлогдчихоод байна. Түрүүчийн өрөө эргүүлэн төлж эхэлсэн ч гэлээ цаана нь зөндөө өр ээлжээ хүлээгээд байж байна. Тэдгээрийг ОХУ шиг тэглэж цайруулах улс орон нэгээхэн ширхэг ч байхгүй гэдгийг сайтар санаж явах учиртай. Зайлшгүй хэрэгтэй, маш ашигтай, өчүүхэн бага хүүтэй зээл буюу буцалтгүй тусламжийг л цаашид авч, хэрэгцээгүй хийгээд өндөр хүүтэй зээлээс шуудхан татгалзаж сурах хэрэгтэй байна. Хэрэггүй шахам зээл тусламжийг бид чамгүй авсаар ирснээ бүрмөсөн болих хэрэгтэй юм. Больж ч байх шиг байна.
«Монгол Улс амиа аргацаасан тусламж дэмжлэг авдаг байдлаасаа ангижирч хөгжлийн тусламж дэмжлэг авдаг боллоо» гэж Дэлхийн банк, ОУВС, Монголд хандивлагч орнуудын 2003 оны Токиогийн уулзалтаас дүгнэжээ. Тэд худлаа хэлээгүй байж таарна.

No comments: