Friday, March 14, 2008

КАЛИШИЙН НААДАМ

Польшид байх хугацаанд тус улсын цөөнгүй хот, мужаар аялж танилцжээ. Тэр бүгдийн дундаас Калиш хэмээх 120 мянган хүнтэй цомхон хот сэтгэлд тод хоногшин үлдсэн байна. Тус хотын дэд Ерөнхийлөгч ноён Тадеуш Кравчыковскигээс 2005 оны эхээр надад захидал ирсэн юм. Уг захидалд Монголын ард түмний үндэсний баяр наадмыг өөрийн хотод тэмдэглэж өнгөрүүлэх саналтай байгаагаа дурдаж ЭСЯ-наас тусламж хүссэн байлаа.
Калиш хотын иргэн хатагтай Лидия Кания гэдэг эмэгтэй хэдэн жилийн өмнө Монголд очиж манай үндэсний баяр наадмыг үзжээ. Тэгээд хотынхоо удирдлгад хандаж санал тавьсан аж. Калиш хотод Монгол Улсын иргэн бизнесч Мөрөн, түүний гэргий хүний эмч Болормаа нар ажиллаж амьдардаг юм байна. Тэд хатагтай Лидия Канияд тусалжээ.
Би ЭСЯ-ныхаа ажилтнуудаас, Польшид олон жил аж төрсөн иргэдээсээ асууж сураглаж урьд нь Польшид Монгол наадам зохион байгуулж байсан эсэхийг сонирхов. Мэдэх хүн байсангүй. Тэгэхлээр энэ нь Польшид бидний анд нөхөдтэйгөө хамтран зохион байгуулах анхны наадам болж таарав. Калиш хотын удирдлага, хатагтай Лидия Канияд талархаж буйгаа илэрхийлж тэдний санал санаачилгыг Элчин сайд дэмжиж байна хэмээн хариу өглөө. Удалгүй хатагтай Лидия Кания, Болормаа нар ЭСЯ-нд ирж бидэнтэй биечлэн уулзаж санал бодлоо солилцов. Ингээд бэлтгэл ажилдаа шуурхайлан орсон юм.
ЭСЯ-ны 3 дугаар нарийн бичгийн дарга А.Батсайханаар ахлуулсан хориод хүний бүрэлдэхүүнтэй Баяр наадмын комиссыг Элчин сайдын тушаалаар байгуулж бэлтгэл ажлынх нь төлөвлөгөөг батлав. Баяр наадмын комиссын дарга болон орлогч нарыг Калиш хотод илгээж газар дээр нь нөхцөл байдлыг судлуулав. Тэдний сэтгэлд хотын төв цэнгэлдэх хүрээлэн нийцсэн байна.
Аливаа улс орныг сурталчлахад үндэснийх нь хоол ундны үйлчилгээ чухал үүрэгтэй байдаг. Айлын талын хүсэлтийн дагуу ЭСЯ-наас мастер тогооч Д.Оюунчимэгийг Калишид томилолтоор ажиллуулж тэндхийн тогооч нарыг монгол хоол хийх аргачлалд сургасан нь ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.
Улаанбаатараас долоон зуун мянган төгрөгөөр асар майхан захиалж авчруулав. Маш сайхан асар байсан. Баяр наадмын комиссын орлогч дарга Цэгмэд 32 бөхийн зодог шуудгийг Монголд захиалж хийлгүүлэв. Баяр наадмын комиссын гишүүн Бадиа Калишийн наадмын эрхий мэргэн харваачдын ид хавыг үзүүлэх гурван ширхэг нум сум бэлтгэв. Баяр наадмын комиссын дарга А.Батсайхан, Киев дэх манай консулын ажилтан Х.Болдхуяг нар Монголоос зориуд хэрэг болгож Булган, Өвөрхангайн уруул чимчигнүүлсэн сайхан айраг авчруулав. Гүүний айраггүй монгол наадам гэж юү байх билээ гэлцсэн хэрэг. Бүжиг дэглэгч Батжаргал эхнэр Алимаатайгаа хавсраад их аятайхан ул боов хийж баяр наадмын идээнд нэмэрлэв. Энэ мэтээр хүн бүр эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн билээ.
Эх орноосоо алс холд сууж буй монголчууд үндэсний баяр наадмаа тэмдэглэнэ гэхээр сэтгэл нь сэргэж, идэвхи санаачилга нь оргилдог юм билээ. Нэг л мэдэхэд төлөвлөсөн өдөр болчихсон байсан. 2005 оны 7 дугаар сарын 9-ний өглөө эрт Варшаваас гарч дөрвөн цаг хэртэй давхиад Калиш хотод очлоо. Баяр наадмын нарийвчлан гаргасан төлөвлөгөөний дагуу өглөөний 10 цагт Калиш хотын Ерөнхийлөгч ноён Януш Пенхеж болон хотын бусад удирдлагатай уулзав. Ноён Януш Пенхеж хотынхоо тухай, иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэх талаар хийж буй ажлаасаа дэлгэрэнгүй ярьж танилцууллаа. Хүн ам нь ихэд залуужсан нь Монголыг эрхгүй санагдуулж байв. Ажилгүйдлийг багасгах талаар хийж гүйцэтгэсэн ажил үйлсээрээ Калиш хотын удирдлага бахархах эрхтэй санагдсан. Энд Польшийн ДХЯ-ны нэр хүндтэй дээд сургууль байрладаг, Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын 3 офицер тус сургууль дээр 2005 оны хавар ирж семинарт сууж туршлага судлаад явсан тухай, өөрийнх нь хотод нэг монгол айл байдаг тухай тэд ярьж байлаа. Үүнээс үзвэл Монгол Улс Калиш хоттой ямар нэг хэмжээгээр холбогдож буй нь тодорхой байв.
Хотын Ерөнхийлөгч ноён Януш Пенхеж бол дөлгөөхөн зантай маш даруухан хүн байв. Ажлаа арван хуруу шигээ сайн мэддэг нь түүний ярианаас түвэггүй мэдрэгдэж байлаа. Ийм хүмүүс хот, муж, дүүргийг толгойлж байхад Польш улс түргэн хурдацтай хөгжилгүй яах билээ гэж санагдсан.
Калишид болсон монгол наадмын тухай би маш олон зүйлийг дурсан яримаар байна. Гэвч ийнхүү нуршихаа түр түдгэлзэж «Монголчууд» сонины 2005 оны 8 дугаар сарын дугаарт нийтлэгдсэн үйл явдлын товчоон, тус сонины сурвалжлагчид өгсөн өөрийн товчхон ярилцлагыг ямар нэгэн нэмэлт өөрчлөлтгүйгээр тэр чигээр нь толилуулья гэж санав. Эдгээрээс уншигч та илүү тодорхой ойлголт авах болов уу. Тодорхой ажил үйлс санаачлан хэрэгжүүлэх явцад хүмүүсийн зан чанар илүү тод харагддаг билээ. Калишийн наадмын бэлтгэл ажил дээр ч энэ нь мөн харагдсан. Өдөр бүр шахам утсаар ярьж илүүтэй санаачилга гаргаж буй дүр эсгэгчдээс зарим нь яг цагаа болохоор ажил унагаж итгэл алдах нь байхад юу ч хэлэлгүй дув дуугуй явж байгаад хэрэгтэй үед зөндөө зүйл хийж аминд ордог хүн ч бас байдаг юм билээ. Аман дээрээ дэмжиж буй дүр үзүүлэвч ачир дээрээ зүсээ хувиргаж бусдыг уруу татагчид гарч л байв.

Польшийн Калиш хотноо болсон «Монгол наадам»-ын арга хэмжээний
хүрээнд зохиогдсон үйл явдлын товч хураангуй.

2005 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 8-нд Польшийн Калиш хотын төв зоогийн газруудад «Монгол хоолны өдөрлөг» зохион байгуулагдав.
ЭСЯ-наас мэргэжлийн туслалцаа үзүүлж, өдөрлөгийн нээлтэд Баяр наадмын комиссын орлогч дарга Цэгмэд нарын төлөөлөгчид оролцож сэтгүлчдийн асуултад хариулт өгсөн байна.
2005 оны 7 дугаар сарын 9-нд Элчин сайд Львов хотноо Монгол Улсын Өргөмжит консулаар ажиллуулахаар нэр дэвшиж буй ноён А.Курач, Гданьскийн эмч Т.Болд нартай Калиш хотноо уулзаж Украины Львов хотноо дорнын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх асуудлаар санал солилцож зөвлөлдөв
. 2005 оны 7 дугаар сарын 9-нд Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Т.Баасансүрэн Калиш хотын Ерөнхийлөгч ноён Януш Пенхежтей тус хотын захиргаанд уулзаж хоёр талын харилцааны асуудлаар, тэрчлэн Калиш хотноо зохиогдох монгол наадмын талаар санал солилцов. Уулзалтад Калиш хотын дэд ерөнхийлөгч ноён Тадеуш Кравчыковски болон албаны бусад хүн байлцав.
2005 оны 7 дугаар сарын 9-нд Польшийн Калиш хотноо 2004 онд Монголоор аялсан Збигнев Панекийн «Бенедикт Полакийн мөрөөр» сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэв. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын ЭСЯ-ны ажилтнууд, монгол иргэдийн төлөөлөгчид, Калиш хотын удирдлага оролцов.
2005 оны 7 дугаар сарын 9-нд Польшийн Калиш хотноо Варшав дахь Ази Номхон далайн орнуудын музейгээс эрхлэж «Монголын түүх» сэдэвт уг музейн цуглуулгын үзэсгэлэн нээгдэв. Монгол Улсын ЭСЯ-ны ажилтнууд, монгол иргэдийн төлөөлөгчид, Калиш хотын удирдлага нээлтэнд нь оролцов.
2005 оны 7 дугаар сарын 9-нд Монгол Улсын Элчин сайд Т.Баасансүрэн Калиш хотын бизнесчид, иргэдийн төлөөлөгчидтэй уулзаж «Монгол, Польшийн харилцааны уламжлал ба шинэчлэл. Орчин үеийн Монгол улсын тухай» сэдэвт лекц уншиж, хүмүүсийн сонирхсон асуултад хариулав.
2005 оны 7 дугаар сарын 9-нд Калиш хотын Ерөнхийлөгч ноён Януш Пенхеж Монгол Улсын Элчин сайд ноён Т.Баасансүрэн, түүний гэргийг хүндэтгэн үдийн зоог барив.
2005 оны 7 дугаар сарын 9-нд Польшийн Калиш хотноо тус улсын нэрт уран бүтээлч Гудзоватыгийн «Бүргэдүүд» сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болов. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Элчин сайд Т.Баасансүрэн болон Калиш хотын удирдлагууд оролцов.
2005 оны 7 дугаар сарын 9-нд Калиш хотноо Монгол орноор удаа дараа явж аялсан уран бүтээлч Болеслав Урин, Ян Рогала, Збигнев Панек нартай тус хотын төлөөлөгчид уулзалт хийв. «Говь, тал, уулыг туулан» хэмээх сэдэвт уг уулзалтад оролцогчид тэднээс олон арван зүйлийг асууж сонирхож хариулт авсан байна.
2005 оны 7 дугаар сарын 9-нд Калиш хотын соёлын төвд Монголын ардын урлагийн «Хулан хонгор» хамтлагийн тоглолт болж Монгол, Польшийн 500 гаруй иргэд уг концертыг үзэж сонирхов. Нэг цаг хагас гаруйн хугацаатай үргэлжилсэн эл тоглолтын уран нугаралт, Монголын олон ястан үндэстний бүжгүүд үзэгчдийн сонирхлыг гойд татаж байлаа.
2005 оны 7 дугаар сарын 9-ны орой Калиш хотод Польшид суралцаж буй монгол оюутны холбооноос үдэшлэг цэнгүүн зохион байгуулав. Уг арга хэмжээнд Люблин хотноо суралцаж буй монгол оюутнууд, мөн Уж хотын оюутны төлөөлөгчид хамгаас илүү идэвх зүтгэлтэй оролцов.
2005 оны 7 дугаар сарын 9-ны орой Калиш хотын Ерөнхийлөгч ноён Януш Пенхеж тус хотноо болж буй «Монгол наадам»-д оролцогчдыг хүндэтгэж хүлээн авалт зохион байгуулав.
Хүлээн авалт дээр Калиш хотын Ерөнхийлөгч ноён Януш Пенхеж, Монгол Улсын Элчин сайд ноён Т.Баасансүрэн нар харилцан баяр хүргэж үг хэлэв.
Монгол наадмыг тус хотод зохион байгуулах санаачилга гаргасан Калиш хотын иргэн хатагтай Лидия Кания-д Элчин сайд амьд цэцгийн баглаа барьж талархал илэрхийлэв.
2005 оны 7 дугаар сарын 10-нд Калиш хотын төв цэнгэлдэх хүрээлэнд Монгол наадам болов. Наадмыг Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд ноён Т.Баасансүрэн, Калиш хотын Ерөнхийлөгч ноён Януш Пенхеж нар нээж үг хэлэв. Хөгжимд Монгол улс, БНПУ-ын төрийн дуулал эгшиглэж хоёр улсын төрийн далбааг төв цэнгэлдэх хүрээлэнд гүн хүндэтгэлтэйгээр мандуулав.
Монгол Улс, БНПУ-ын төрийн далбааг намируулсан морьтонгууд, монгол үндэснийхээ зодог шуудгаа өмссөн хүчит бөхчүүд, монгол иргэдийн төлөөлөгчид, Польшийн сумо сонирхогчид болон жудо бөхийн тамирчид цэнгэлдэх хүрээлэнд жагсан орж ирээд «Монгол наадам»-ын төв асрын өмнүүр баяр ёслолын байдалтай явж өнгөрөв.
Монгол үндэсний хээ хуараар чимэглэсэн төв асарт Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд ноён Т.Баасансүрэн, Калиш хотын Ерөнхийлөгч ноён Януш Пенхеж нарын албаны хүмүүс суусан байлаа.
Асрын голд монгол ул боов давхарлан өрж, чихэр жимсээр чимсэн идээ будаа таваглаж, монгол хонины мах чанаж тавьсан байв. Мөн айраг цагаа тэргүүтнийг аягалаж, түрүүлсэн бөхчүүдийг боов боорцог, ааруул бяслагаар мялааж байсан нь үндэсний баяр наадмыг эрхгүй санагдуулж, хүмүүсийн сонирхол татаж байв. Радиогоор монгол ардын уртын дуу уянгалж байлаа.
Калиш хотноо болсон «Монгол наадам»-ын арга хэмжээний хүрээнд:
- 32 хүчит бөхийн барилдаан
- Эрхий мэргэн харваачдын тэмцээн
- Шагайн харваа
- Монгол, Польшийн шатарчдын тэмцээн
- Монгол, Польшийн хүүхдүүдийн гүйлтийн уралдаан
- Шүлэг найргийн тэмцээн, уран уншлага
- Зураач С.Чимэддоржийн уран зургийн үзэсгэлэн худалдаа
- Польшийн сумо бөхчүүдийн үзүүлэх тоглолт
- Жүдо сонирхогч хүүхдүүдийн үзүүлэх тоглолт тус тус болж өнгөрөв.
Монгол Улсын сумын заан М.Энхбаатар болон сумын начин цолтонгууд, чөлөөт бөхийн олон улсын тэмцээний аварга алт, мөнгөн медальтай Б.Бат-Энэрэлт, жүдогийн спортын мастер Чинзориг нар баяр наадамд бяр хүчээ сорьж барилдсан нь хүчит бөхчүүдийн баридлааныг улам ч сонирхолтой болгосон байна.
Оюутан А.Сэнгэванчиг эл наадамд түрүүлж, сумын начин Базар үзүүрлэв. Гэрэлт-Од, Б.Бат-Энэрэлт нар шөвгийн дөрөвт үлдсэн байна. Түрүүлсэн бөхийг дурсгалын диплом 300 ам доллар, үзүүрлэсэн бөхийг дурсгалын диплом 200 ам.доллар, шөвөгт үлдсэн бөх тус бүрт нэг зуун ам долларын урамшуулал дурсгалын диплом олгожээ.
Зохиогдсон бусад уралдаан тэмцээнд оролцож түрүүлсэн, амжилт үзүүлсэн тамирчдыг Калиш хотын Ерөнхийлөгч, Элчин сайд нарын гарын үсэгтэй дурсгалын диплом үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулжээ.
Яруу найргийн тэмцээнд ЭСЯ-ны жолооч М.Энхбаатар 1-р байр, эмч Лхагва 2-р байр, эмч Уртнасан, сурагч Б.Хатантуул нар удаах байрыг эзэлсэн байна. Тэмцээнд түрүүлэгчид баяр наадмын талбайд шүлгээ уншиж сонсгожээ.
ЭСЯ-наас баяр наадмын үеэр ашгийн бус хонжворт сугалаа сугалуулж монгол,польшийн иргэдэд Монгол Улсаа сурталчлах арга хэмжээ зохион байгуулсан нь чухал ач холбогдолтой болсон байна.
Польшид анх удаагаа болж өнгөрсөн «Монгол наадам»-ыг МОНЦАМЭ-гийн сурвалжлагч П.Шагдар сурвалжилж, телевизийн ТV-9 сувгаар Монголд үзүүлжээ. Польшийн сонин хэвлэлд Калишийн наадмын талаар дэлгэрэнгүй мэдээлсэн байна.
2005 оны 7 дугаар сарын 10-нд Элчин сайд ноён Т.Баасансүрэн өөрийн хотноо «Монгол наадам»-ыг амжилттай сайн зохион байгуулсан Калиш хотын Ерөнхийлөгч ноён Януш Пенхеж, дэд Ерөнхийлөгч ноён Тадеуш Кравчыковски болон хотын бусад удирдлагыг хүндэтгэж өдрийн зоог барив. Элчин сайд Калиш хотын удирдлагад баяр талархлаа илэрхийлж бэлэг дурсгалын зүйл гардуулсан байна.
2005 оны 7 дугаар сарын 11-нд Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Т.Баасансүрэн Монголын ард түмний үндэсний баяр наадам-Их Монгол Улс байгуулагдсаны 799 жил, Ардын хувьсгалын 84 жилийн ойг тохиолдуулан Варшав хотын «Амбасадор» зоогийн газарт хүлээн авалт хийв.
Хүлээн авалтад БНПУ-ын Засгийн газрын орлогч дарга хатагтай Изобелла Яруга-Новацка, Калиш хотын Ерөнхийлөгч ноён Януш Пенхеж нарын зэрэг Польшийн талын албаны хүмүүс, Варшав дахь гадаадын Элчин сайд нар, Монгол Улсын иргэдийн төлөөлөгчид оролцов.
Энэхүү үйл явдлын товчооноос харахад «Калиш» хотноо зохион байгуулсан «Монгол наадам»-ын арга хэмжээний хүрээнд маш олон ажлыг амжуулж Эх орноон, Монгол Улсаа сурталчилсан нь харагдаж байгаа биз? Тэр үед төрсөн сэтгэгдэл миний дараах ярилцлагаас уншигч танд улам ч тодорхой харагдах болов уу.

No comments: