Friday, March 14, 2008

БУРМААР БУС УРМААР ТЭЖЭЭ ГЭДЭГ ЮУТАЙ ҮНЭН

Эх орноосоо алс хол суухад нутаг ус, ах дүүс, анд нөхдөө санагалзах нь хүний ёсон буй заа. Хэн нэгнээр захидал ирэх, хэдхэн үгтэй Е-майл бичсэн ч сэтгэл сэргээд ирнэ. Намайг Польшид суух хугацаанд олон хүн захидал ирүүлжээ. Хаягдаж үрэгдүүлэлгүй хадгалаад байсан чинь хавтас дүүрсэн байна. Үзэг нэгт сэтгүүлч Ц.Дашдондов, Б.Ганбат, Г.Бямбажал, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, Х.Чилаажав гээд маш олон нөхдөөс ус нутаг, Улаанбаатарын сонин хачныг өгүүлсэн, утга зохиолын болоод улс төрийн амьдралаас сонирхуулсан захидал байх аж. Гучин жил үерхэж нөхөрлөсөн сэтгүүл зүйн болоод утга зохиолын анд сайн нөхөр Бажуудайн Ганбатын минь сүүлчийн захиа ч байж л байна. Намайг нааш явахаас хэдхэн хоногийн өмнө үзэг нэгт нөхөр Б.Ганбат, Б.Пүрэвдаш, Ц.Мөнхбаатар гурав маань надтай Ц.Мөнхбаатарын хувийн цайны газарт уулзан ганц шил юм суллаж сэтгэлийн үгээ ярилцаад гурван жилийн дараа хүрээд ирэхэд чинь ахиад яг энэ бүрэлдэхүүнээрээ уулзалдая гэсэн сэтгэлийн ерөөл тавиад салж билээ. Тэгэхэд би Б.Ганбаттайгаа сүүлчийн удаа уулзаж суугаагаа мэдсэнгүй. Польшид ирсэн хойноо би түүний бичсэн Чадраабалын Лодойдамбын тухай номыг эхнээс нь эцсийн хуудсыг хүртэл маш анхааралтайгаар уншиж сэтгэл ихэд хөдөлж билээ. Тэр даруй маш урт захидал бичиж явуулсан. Хариу нь нэг их удалгүй ирсэн. Тэр захиа түүний сүүлчийнх байжээ.
2004 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн өглөө ажилдаа ирж шинэ долоо хоногийн ажлаа төлөвлөн бичиг цаасаа эмхэлж цэгцлэн нухсаар суутал нэг мэдэхэд үд дунд өнгөрсөн байв. Тэгтэл гэнэт утас дуугарав. Улаанбаатараас В.Алзахгүй ярьж байна. Бажуудайн Ганбат зуурдаар нас барж бид дөнгөж сая оршуулаад ирлээ. Чамд дуулгахгүй бол болохгүй гээд ярьж байна. Танай аймгийн харьяат Дуурийн театрийн гоцлол дуучин Ганбат бас нас нөгчив. Бид чинь хоёр сайхан Ганбатаа алдчихаад сууж байна даа хө гэлээ. Би юу гэж хэлэхээ мэдэхгүй, түүний үгэнд огт үнэмшихгүй байв. Бодол санаа, цаг хугацаа зогсчих шиг санагдаж билээ. Талийгаачийн гэр рүү залгаж түүний эхнэр Юмсүрэнтэй ярив. Үг хэлж болохгүй хоолой зангираад байснаа санаж байна. Харин Юмсүрэн надаас илүү дээр сэтгэлээ чангалан барьж чадаж байх шиг санагдсан. Цагаа болохоор эмэгтэй хүн чинь эр хүнээс илүү сэтгэлийн тэнхээтэй байдаг юм билээ.
Тэр өдрийн тэмдэглэлээ өнөөдөр эргэн сөхөж үзвэл «Эхнэр Юмсүрэнтэй нь утсаар ярьж эмгэнэл илэрхийллээ. УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлийн албаны дарга Б.Оюун-Эрдэнэд факс илгээж эмгэнэлийн цахилгаан утас илгээв.
Анд сайн нөхөд минь ар араасаа явж одох юутай аймшиг. Хэсэг уйлав. Амьдрал гунигтай, утга багатай санагдаж байна» хэмээн тэмдэглэж үлдээжээ.
Яруу найрагч Банзрагч нас барсан тухай мэдээлэлд сэтгэл бас их эмзэглэснээ санаж байна. Б. Оюун-Эрдэнэд хаяглаж илгээсэн эмгэнэлийн цахилгааныг тэр өдрийн тэмдэглэлд хавсарган үлдээсэн байв. Түүнийг уран зохиол, нийтлэлд дуртай, түүнийг ойлгож хүндэтгэдэг уншигчиддаа толилуулж сэтгэлийн гунигаа хуваалцахад буруудах нь юу билээ гэж бодлоо.

УИХ-ЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН АЛБАНЫ ДАРГА
Б.ОЮУН-ЭРДЭНЭ ТАНАА

Дашдожийн Нацагдоржийн нэрэмжит утга зохиолын дээд шагналт зохиолч, Чадраабалын Лодойдамбын анхны шагналт утга зохиолын шүүмжлэгч, Монгол Улсын нэрд гарсан сэтгүүлч, унаган багын минь үзэг нэгт үнэнч сайн анд нөхөр Бажуудайн Ганбат зуурдаар таалал төгссөн тухай итгэхийн аргагүй эмгэнэлт мэдээг дөнгөж сая Улаанбаатараас утсаар сонсоод энэхүү хэдэн өгүүлбэрийг эвлүүлж ядан бичиж сууна.
Бажуудайн Ганбат бол бүтээж туурвихын үлгэр дууриалыг бидэндээ үзүүлсэн гайхамшигтай хөдөлмөрч, гайхалтай авьяаслаг, Монголд олон төрөхгүй уран бүтээлч байв. Тэрээр анд нөхөддөө туйлын түшигтэй, Ч.Лодойдамын «Тунгалаг Тамир» романы өгөөмөр сайхан сэтгэлт Цахиур Төмөрийг өөрийн эрхгүй санагдуулдаг гүндүүгүй сайхан, гүжирмэг шулуухан монгол эр хүн байв. Эдгээр өгүүлбэрийг би өнгөрсөн цаг дээр бичиж, эрхэм сайн журмын нөхрөө харамсан харамсан дурсаж эргэж тэр минь бидэндээ харагдахгүй шүү дээ гэж бодохуйяа асгаран гарах нулимсаа тогтоон барьж даанч чадахгүй байна.
Б.Ганбат нь УИХ-ын хэвлэл, мэдээллийн алба, ялангуяа «Төрийн мэдээлэл» сэтгүүлийг үүсгэн байгуулж бэхжүүлэхэд өөрийн олон жилийн хөдөлмөр бүтээл, жинтэй хувь нэмрийг оруулсан чадварлаг зохион байгуулагч байсныг та бид мартах учиргүй буй заа.
Миний энэхүү эмгэнэл гашуудлыг талийгаачийн хань Юмсүрэн, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд нь хожимдсон ч гэсэн дамжуулж өгөхийг Танаас гуйя.

Т.Баасансүрэн, гэр бүл, үр хүүхдийн хамт
Варшав хот, 2004 оны 4 дүгээр сарын 19 гэжээ

Алив зүйлийг өнгөрсөн цаг дээр өгүүлэх тун хэцүү юм. Гэвч амьдрал өөрөө өчигдөр, өнөөдөр, маргааш гэсэн гурван цагийн эргэлтэд багтаж байдаг юм болохоор яая гэх билээ дээ.
2003 оны 10 дугаар сарын 10-нд надад бичсэн 14 хуудас уртын урт захидалдаа миний найз Б.Ганбат амьдрал, уран бүтээлийн тухай бодол эргэцүүллээ хуваалцсан байж билээ. Одоо эргэж бодоход уран бүтээлч сайн нөхрийн минь сэтгэлийн захиас байжуу дээ гэж бодогдох юм. Тэр бас намайг Польшид хоосон суугаагүй биз, уран бүтээлээ хийж байгаа биз гэж сануулсан байсан.
«Би чамайг тэнд байхдаа шинжлэх ухааны докторын бүтээлээ туурвиасай, тэндээ хамгаалчихвал бүр сайнсан гэж бодох юм. Явахад чинь ч хэлж байсан даа. Тэгээд дараа нь тэр сэдвээ нийтлэлийн хэлбэрээр, бодол эргэцүүллийн маягаар, уран сайхантайгаар, баримттайгаар дэлгэрүүлээд, наанаа энгийн сайхан хүүрнээд цаанаа шинжлэх ухааны чанараа хадгалаад томоо сайхан ном бичээсэй. Чи л чадна даа. Хожмын сэтгүүлчдэд ёстой нэг эрээд олдохгүй эрдэнэ, сураад олдохгүй сувд тэр болно доо. Ш. Лувсанвандангийн цагаан ном гэдэг шиг л үнэтэй юм болно. Дахин хэлэхэд чи л чадна. Яагаад гэвэл чи мэргэжлийн сэтгүүлч эрдэмтэн төдийгүй, сайн зохиолч хүн. Чи мэргэжилдээ үнэн сэтгэлээс ханддаг хүн. Чамд боловсрол нь, туршлага нь, онол нь /урьд, одоогийн/, туулсан зам нь бүгд байна. Чи өндөр уулын орой дээрээс тэр бүхнийг одоо харж байна. Тэр ном зохиолчийн бас сэтгүүлчийн авьяас, туршлага, чадвар хослон шингэсэн бүтээл болно.
Лодойдамба бугайн амьдрал, уран бүтээлийн тухай ном бичихэд сэтгүүлчийн хөдөлмөр эрхлэх явцад олж авсан туршлага маань надад их тус болсон гэж би боддог шүү» хэмээн бичсэн байж билээ.
Үзэг нэгт бусад нөхөд маань ч надаас юу хийж байна. Ямар бүтээл туурвиж байна л гэж асуудаг юм. Элчин сайдын ажил алба тэнь сайн уу гэж барагтай л бол асуухгүй шүү. Тэр ажил тэдний хувьд төдийлөн сонирхол татах алба биш гэдгийг би ойлгодог болохоор юм хэлдэггүй юм.
Сайн нөхөр, туршлагатай сэтгүүлч Гэндэнгийн Бямбажалаас ирүүлсэн хоёр ч урт захидал байна. «Ноён элчин сайд сээмэн шар дүүдээ. Да хүрээний хэнхэг шар өвгөнөөс» хэмээн тодотгон хаяглаж байгаад уулын горхи боргилон үелзэн урсах адил хөврүүлсэн тэдгээр захидлаас нутгийн минь уулс харагдах шиг, шандаст хурдан хүлгүүдийн минь янцгаах чимээ сонсогдох шиг болдог юм. Г.Бямбажал бас л юу хийж, ямар бүтээл туурвиж байна гэж асуусан байсан.
Нэрт сэтгүүлч Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Дашдондов өөрийн захидалдаа амс хэмээн архи, амтал хэмээн ааруул илгээв. Аглаг тал нутгаас тань адууны хомоол хоёрыг явуулав. Уугиулж утааг нь үнэрлээд унасан нутгаа дахин нэг дурсаарай гэж бичсэн нь онгод хийморио сэргээгээрэй гэсэнтэй яг адилхан сонсогдож байсан билээ.
Авьаслаг яруу найрагч Ү.Хүрэлбаатарын захидал яруу найргийн уран тансаг мөрүүд шиг санагддаг юм. Тэр надад бичсэн нэгэн захидалдаа:
«Тэртээ алсад, тэнгэрийн хаяаны үзүүрт, Харь газарт, хамаатан садан мэт Баасансүрэн анд минь суугаа хэмээн бодоход нэгэн бие хоёр болж, нэгэн хүслэн хорь болж биелэх мэт бодогдоно. Сэвшээ салхи навчис дунд наадаж сэрүүн хонох арван тавны саран эрхлэн тоглох монгол нутгийн цэнхэр хавар шувтарч зуны урь хэдийнэ оржээ. Яг л ийм үед таны минь онгод хийморь яргуй мэт цэцэглэж оюун ухаанаас тань сонгомол зохиолын үер хурайлан буудагсан. Одоо ч тийм буй заа» хэмээн асуусан байж билээ.
Төр засаг, түмэн олны итгэлийг дааж гурван жил Элчин сайдаар ажиллаад нутагтаа буцаж очихдоо би хэний ч өмнө нүүр улайхгүй гэдэгтээ итгэлтэй байна. Хэлэх үгтэй, хийсэн ажилтай болохоор тэр буй заа. Хуримтлуулсан албаны холбогдолтой бичиг цаас л лав арав хорин боть болжээ.
Харин найз нөхдийн дээрх асуултуудад бүдэрч мэдэх шинжтэй хүйтэн хөлс чийхарч байна. Гурван жил гэдэг хүний амьдралын хувьд багагүй хугацаа. Уран бүтээлч хүнд бол эргэж олдохгүй их хугацаа. Би энэ гурван жилд уран зохиол, сэтгүүл зүйд юу хийж ямар хувь нэмэр оруулав гэж өөрийн эрхгүй өнөөдөр өөрөөсөө асуугаад хариулж чадахгүй хулгамнан сууж байна.
Үзэг нэгт зохиолч Элчин сайд Т.Султан уран зохиолын 2-3 чамбай ном бичээд гаргачихсан байсан. Эрдэмтэн Элчин сайд Б.Даш-Ендон эрдэм шинжилгээний цөөнгүй ном туурвисан гэж дуулсан. Академич Б.Чадраа надад тэр ямар хөдөлмөрч хүн бэ? Нэг жилд гурван ном бичиж байна шүү дээ гэж толгой сэгсрэн ярьж билээ. Ингээд бодохоор цаг хугацааг өөрөө санаачлан гаргаж ажил албаа зөв зохицуулж чадвал Элчин сайд хүн ч багагүй зүйлийг туурвиж бүтээж болдог бололтой.
Миний хувьд харин тэгж чадсангүй. Дутуу ажиллажээ. Энэ нь миний өөрийн нэг муу зуршилтай холбоотой бололтой. Өнгөрсөн гучин жилд бичиж туурвиснаа эргэж санахад би гол төлөв ээлжийн амралтын өдрүүдээр бичиж бэлтгэсэн байх юм. Нэг зүйл бичье гэж олон хоног, сар, жилээр бодож санаанд бууснаа зэрвэс тэмдэглэн үлдээж явсаар ээлжийн амралтаа авмагц үзэг, цаас нийлүүлэн өдөр шөнөгүй суусаар гараас гаргаж санаа сая амардаг билээ. Сайхан ч амарсан юм шиг өөрт санагддаг юм. Польшид Элчин сайдаар томилогдоод ажил төрлийн байдлаас болж 2003 онд амарч чадсангүй. Ерөнхийлөгчийн айлчлал, энээ тэрээ болсоор зун болж за эхлээд ажилтнуудаа амраагаад авья. Сүүлд зай зав гарна биз. Тэр үед нь больё гэж хойш тавьсаар явтал нэг мэдэхэд он шувтарсан байж билээ. 2004 онд нутагтаа очиж амарна. Ёстой нэг сайхан амарна даа гэж сэтгэлээ хуурч явтал хамт ажиллаж байсан дипломат ажилтан, жолооч нарын томилолтын хугацаа дуусч зэрэг зэрэг нутагт дуудагдаад гав ганцаархнаа үлддэг байгаа. Шинэ томилогдсон хүмүүс ирэхийг хүлээсээр найман сар хүргэж, тэгтэл Польшийн Гадаад Хэргийн сайд Монголд албан ёсны айлчлал хийх болоод ажил төрөл ар араасаа ундрав. Айлчлалын дараа Эх орондоо долоо хоноод л Варшав буцахаас өөр аргагүй болсон. 2005 оны зун ээлжийн амралтаа хуваарийн дагуу эдлэх гэж бэлтгэж байтал хамтран зүтгэгчийн маань төрүүлсэн эх нь өөд болж нутаг дуудагдаад бараг хоёр сараар эзгүйрэв. Ганц сайд, ганц ажилтан, ганц жолоочтой ЭСЯ-нд энэ мэт урьдчилж тааварлашгүй зүйлс нэг бус гардаг юм. Ингээд миний мэдэлд хагас бүтэн сайны амралтын өдрүүд л үлдэж байгаа юм. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдгийн үлгэр болж байгаа биз?
Гэхдээ хов хоосон ч бас суусангүй. Өнгөрсөн гурван жилд Монгол Улсын Төрийн шагналт зохиолч Балжирын Догмид зэрэг үзэг нэгт нөхөддөө зориулж нэг өгүүллэг бичжээ. Хөөрхөн өгүүллэг болсон. Монголдоо очиж байгаад «Цог» сэтгүүлд, эсвэл аль нэгэн сонинд нийтлүүлэх бодолтой байна. Гол төлөв бямба, ням гаригт сууж цоохорлосон тэмдэглэлүүд минь нэгдэж нийлээд «Элчин сэтгүүлчийн тэмдэглэл» хэмээх энэхүү номыг бүтээж байна. Үүндээ би сэтгэл хангалуун байна. Польшид тодорхой хугацаагаар сууж аж төрж ажилласан монгол сэтгүүлч, монгол зохиолчийн чин сэтгэлийн өчил юм. Хамгийн гол нь Монголд гарч буй Польшийн тухай хамгийн анхны нийтлэлийн ном билээ. Монгол, Польшийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оруулж буй миний өчүүхэн хувь нэмэр юм.
Би сүүлийн арав гаруй жилийн турш хүний амьдралын тухай нэгэн бодол эргэцүүллийн роман бичихсэн гэж мөрөөдөж явна. Бичлэгийн хэлбэр нь өвөрмөц сонин байх юм. Түүнийгээ эхэлсэн. «Алаг цоохор амьдрал» хэмээн одоогоор нэрлээд байгаа. Хэзээ дуусахыг хэлж мэдэхгүй. Ямар ч байсан Польшид эхэлсэн, Монголд дуусгана. Харин академич Цэндийн Дамдинсүрэнгийн төрсөн охин доктор профессор Анна Цэндийна миний «Тэрбумтан» романыг орос хэл рүү хөрвүүлснийг 2006 оны эхээр Улаанбаатар хотноо цөөн хувь хэвлүүлэх боломж гарсныг нэмж хэлье. Уг романыг гадаадад хэвлэх сонирхолтой байгаагаа зарим хэвлэлийн газар илэрхийлсэн.
Ийм л зүйлийг би үзэг нэгт найз нөхөддөө хэлж чадах байна. Чамлалтай гэдэгтэй огт маргахгүй. Үнэхээр өөрийгөө голмоор байгаа юм. Гэхдээ нэг зүйлийг зөвөөр ойлгоорой гэж найзуудаасаа гуйх байна. Гадаад харилцаа бол миний хувьд цоо шинэ салбар байсан. Тийм учраас би шинэ ажилдаа дадаж дасах, түүнд багагүй цаг хугацаагаа зарцуулах хэрэгтэй байлаа. Дадаж дасах төдийгүй хэнээс ч дутахгүй ажиллах хэрэгтэй байлаа. Тийм учраас тодорхой хугацаанд үндсэн мэргэжил, үйл хэргээсээ хөндийрсөн ч байж болох юм. Ийм тайлбар хангалтгүй гэдгийг ойлгож байна. Учир нь миний үзэг нэгт нөхөд бол гайхалтай хөдөлмөрч, гайхамшигтай бүтээлч улс байгаа юм. Тэднийхээ амыг хаахад нэмэр болгохын тулд нэгэн эргэцүүлэл нийтлэлээ чамлахгүйгээр эл номондоо оруулах нь зүйтэй гэж үзлээ. Өнгөрсөн гурван жилд төвийн сонин хэвлэлд тун цөөхөн зүйл бичжээ. Нэг нь энэ юм. Нэр нь «Дэлхийн дэлдгэр чихийг дэлдийлгэж чадах уу, монголчууд бид». 2004 оны хавар

«МОНЦАМЭ мэдээ» сонинд бүрэн эхээрээ нийтлэгдсэн билээ.
2005 оны 4 дүгээр сарын 14-нд Монгол, Польшийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой болов. Энэхүү түүхт үйл явдалд зориулж «Варшав дахь Монгол Улсын Элчин сайдын Яам. Монгол, Польшийн харилцаа» хэмээх ном бэлтгэж гаргав. Намайг анх Польшид Элчин сайдаар томилогдоход уншиж танилцах материал ховорхон, байгаа зарим нь эмх замбараагүй эрээвэр хураавар байдалтай байсан билээ. Монгол, Польшийн харилцааг судлагч нарт, монголч эрдэмтэд тэрчлэн цаашид энэ салбарт ажиллах, Варшав дахь ЭСЯ-нд ирээдүйд тохоон томилогдох залуу дипломатчдад гарын авлага болох болов уу гэж найдаж байна. Уг номыг бүтээхэд архивын материал ухаж төнхөхөөс эхлээд бичиж бэлтгэх, эмхлэх цэгцлэх гэж багагүй хөдөлмөр зарцуулсан. Цэвэр уран бүтээлийн ном биш ч судалгааны бүтээл болсон болов уу.
Хэд хэдэн зохиолч, судлаач, нийтлэлчдийн бүтээлд задлан шинжлэл хийхийг оролдож судлал, шүүмжлэлийн өгүүлэл бичсэн байна. Эргэж харахад сонин ч юм шиг санагдсан тул ганц нэгийг сугалан авч энэхүү номондоо орууллаа. Үүнийгээ харин би уран бүтээл, судлал шүүмжлэлийн өмнөх жилүүдийн үйл ажиллагааны минь үргэлжлэл гэж ойлгож байна.
Анд нөхөр Бажуудайн Ганбатын сүүлчийн захиа, захиасын талаар түрүүнд би цухас дурдаад өнгөрсөн. Нөхрийн захиас, даалгавар шиг эрхэм зүйл гэж үгүй. Тэр хүн надад итгэж найдаж байсан байна. Тиймээс Монголын сэтгүүл зүйд сүүлийн гучин жилд хийж бүтээснээ эргэж харах, нийлүүлж нэгтгэн эмхэтгэж түүвэрлэх санаа төрж байна. Энэ бол миний үүрэг юм. Нөхдийн өмнө, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг юм. Хамгийн гол нь Монголын сэтгүүл зүйгээс надад хүлээлгэсэн даалгавар байж таарна. Хөндөж босгоод дуусгалгүй орхисон зүйл зөндөө. Дуусгасан сэдэв нь ч нэг бус. Тэр бүгдийгээ зангидаж рамлах бодол байна. Уг нь бодоогүй биш бодож байсан юм. Өмнөх үгэндээ ч дурдсан билээ. Шинжлэх ухааны докторын сэдэвт бүтээл гээд байдаг минь тэр юм. Бараг зуун жилийн түүхтэй Монголын сэтгүүл зүйн хөгжил дэвшлийн түүхэнд үнэлэлт дүгнэлт өгч, Монголд ардчилсан чөлөөт хэвлэл хэрхэн үүсэн төлөвшсөнийг бичиж үлдээх ёстой болов уу гэж бодож байна.
«Алаг цоохор амьдрал» романаа дуусгах, сэтгүүл зүйн бүтээлүүдээ эмхлэн цэгцэлж нэгтгэх, шинэ санаагаар нэмж баяжуулах, зарим зүйлмйг цоо шинээр бичиж бэлтгэх гэсэн үндсэн гол зорилт өмнө минь лав байна. Энэ нь дор хаяхад таваас арван жилийн хөдөлмөр шаардана. Бурхан тэнгэр надад нас заяаж, энерги хайрлах юм бол цаана нь гарна л гэж бодож байна.


Монгол Улсын төрийн шагналт зохиолч Балжирын Догмид
зэрэг үзэг нэгт уран бүтээлч нөхөддөө зориулав.

No comments: