Friday, March 14, 2008

ШҮЛГИЙН ЧИНЬ МӨР БҮХЭН СОНДРЫН ӨНГӨӨР ГЯЛБАЛЗАЖ БАЙГ

/ЯРУУ НАЙРАГЧ БАРХАСЫН ДОРЖИД БИЧСЭН ЗАХИДАЛ/

«Би чамд хайртай» хэмээх анхны чинь шүлгийн түүврийг маш анхааралтай уншиж танилцав. Бараг зуугаад шүлэг найргийг багтаасан энэ түүвэрт онож хэлсэн зүйрлэл цөөнгүй байна. Тун аятайхан болсон, анхаарал татсан мөрүүд ч бас байна.
Тэнгэр цэв цэлмэг
Нар зөөлхөн төөнөнө
Тэртээх уулсын толгойд
Цасны сүүлч цайрна /«Хавар»/ гэх буюу эсвэл
Цэцгэн дээр бөмбөлзөх дусал
Шүүдэр үү? Нулимас уу?
Цээжин дотор пэлбэлзэх бөөн юм
Хайр уу? Хагцал уу?гэх зэргээр /«Хүлээлт»/ бичсэн нь
анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл уншигчийг татаж байна гэсэн үг.
Намрын салхин сэрчигнэхүй
Навчис бороо шиг асгарна
Насны амрагаа мөрөөдөхүй
Нулимас гол шиг үерлэнэ хэмээн бичсэн /«Гаслан»/ нь дүр
дүрслэлийн хувьд тун муугүй болжээ. Ер нь чиний номын доторх шүлгүүдээс харахад ардын дуу шүлэг, цэцэн цэлмэг үгс зэргийн зохиомжоос санаа авсан буюу адилтган дуурайсан болов уу гэлтэй, эсвэл илэрхий нөлөөн дор нь бичсэн юмуу гэж санаж болохоор шүлгүүдийн чинь ур чадвар илүү сайн болсон санагдлаа. Жишээ нь «Дөрвөн их тайвшрал» шүлэгт:
Үйлийн хатууд үнгэгдэж нэг тавгүйтэхэд
Үрийнхээ зулайг үнэртэж нэг тайтгарна
Харанхуй явдалд эмзэглэж нэг бачимдахад
Ханийнхаа элгэнд наалдаж нэг тайвширна.
Элдэвт бүдчин давахын тэнхэл дутахад
Эцгийнхээ хэлснийг санахын цагт хатуужна
Илчгүй ааштанд дайруулж сэтгэл гутахад
Эхийнхээ хайрыг бодохын цагт уужирна гэж бичсэн нь их л
уянгатай бөгөөд оновчтой, хүмүүст наалдацтай санагдаж байна. Харин төгсгөл бадаг нь надад огт таашаагдсангүй. Тэртээ тэргүй дээрх хоёр бадагт гарч буй дөрвөн санаа уншигчийн хувьд маш ойлгомжтой бууж байхад
Сайн сайхан хоёрын гэрэл гэгээнд ханьсаж
Саар муу хоёрын сүүдэр харанхуйд эмзэглэж
Дөл шиг дэрвэлзэж яваа шүлэгч миний зүрхний
Дөрвөн их тайвшрал энэ буюу хэмээн базаж зангидах гэж оролдсон
нь дэмий илүүц зүйл болжээ. Гялтганасан шүр сувдыг хиртэй алчуураар боохтой адил мэт санагдаж байна. «Дөрвөн их тайвшрал» гэсэн гарчиг ч төдийлөн оносонгүй. Сайн бүтээлийг муу болгох эрх зохиогчид байх ёсгүй. Үүнийг сайтар санаж явахгүй бол цаашдын бүтээлд маш хортой. Өнгөлсөн дээр нь л өнгөлөөд, зүлгэсэн дээр нь л зүлгээд сайжруулаад байх хэрэгтэй.
Амраг хань чинь гоёж гоодоод
Амандаа сэмхэн дуу аялаад
Алаг нүднээсээ оч үсэргээд
Арай л ондоо харагдаад байхийм аа
Хайртай хань чинь инээд алдаад
Хархан үсээ имэрч бодлогошроод
Хааяа сэмхэн санаа алдаад л
Хачин өөр үзэгдээд байхийм аа гэсэн шүлгийн эхлэл их
хөөрхөн болжээ. Гэтэл цаашаагаа эрч нь харьж суларсан дээс шиг амт шимтгүй болж буй нь үнэнхүү харамсалтай санагдав. Залгуулаад
Хайр гэдэг хогшил биш
Хашиж чөдөрлөх адгуус биш
Харваад өнгөрөх богинохон насны
Хайсан жаргал, олдсон зовлон гэх зэргээр хоосон, хуурай хөндий
мөрүүд үргэлжилж буй нь уншигчийн урмыг хугалхаар болжээ. Үргэлжлэх 9 бадагт эхний 2 бадгийг гүйцэх гал цогтой мөрүүд алга байна. Гараа сайн бол бариа сайн гэдэгчлэн сайхан эхлэлтэй шүлэг яг тэр хэвээр цааш үргэлжилж маш сайхан төгсөлтэйгээр өндөрлөж байвал юутай сайхан билээ. «Цонхны цаанаас» хэмээх шүлэгт чинь эл дутагдал ахин давтагдсан байна.
Орой болж тэнгэр ягаарав
Од түгж сар гэгээрэв гэсэн маш гоёмсог торгомсог нарийн эхлэл
хийсэн атлаа цааш яван яван суларч
Цацраг туяагаар нүд гялбуулж
Цагаан харыг нуулгүй гялалзуулж
Чармай нүцгэн бүсгүй ертөнц
Цонхон цаанаас бүхэлдээ гэрэлтэнэ болтлоо бүдүүрэн бүүдийж
хайран юмыг яйран болгожээ. Ингэж уран бүтээлдээ хайнга хандаж яавч болохгүй болов уу.
Орой болж тэнгэр ягаарав
Од түгж сар гэгээрэв гэсэн хоёр мөрийг уншихад монголын сонгодог
шүлэг найргийн бадгууд сэтгэлд асах шиг сайхан сэтгэгдэл төрж байхад
Чармай нүцгэн бүсгүй ертөнц
Цонхон цаанаас бүхэлдээ гэрэлтэнэ гэсэн шолхийсэн хоёр мөрийг
уншихад өнөөх бадарсан сэтгэл үгүй болж байх жишээтэй байна.
Энэ бүгдээс нягталж үзэхэд өөрийн бүтээл дээрээ дутуу сууж, дутуу ажиллаж байна гэсэн нэг дүгнэлтийг өөрийн эрхгүй хийж болохоор байна. Би хэдийгээр яруу найрагч биш үргэлжилсэн үгийн зохиолч боловчиг шүлэг найрагт чинь ийм дутагдал байгааг олж харахгүй байж чадахгүй байна. Дараагийн 2 дахь номоо хэвлэлд бэлтгэж байгаа эгзэгтэй ийм үед чин сэтгэлийн зөвлөлгөө илүүдэхгүй болов уу гэж санагдсандаа үүнийг бичлээ. Чиний номноос би гүйцэд боловсорсон, өөгүй гэмээр хоёрхон шүлгийг л олж харлаа.
Энэ бол өнөөх алдарт «Хариас дуулсан дуу», бас «Жавартай хорвоо» хоёр юм болов уу.
Элстэй толгод минь зүүдлэгдээд байна.
Ээж минь торойтол харагдаад байна
Эвэртэй алга нь бодогдоод байна
Энгэрийнх нь үнэр санагдаад байна
Үүлс тэнүүчилсэн тал минь байна
Өвс нь бидэртэн салхилаад байна
Өндрийн оройд жавартай байна
Өөвийн харагдах нь аав минь байна
Харийн нутаг давчдаад байна
Харсан зүгтээ давхимаар байна
Хатуу дарсыг тулгамаар байна
Хашгирмаар ,дуулмаар ,уйлмаар байна
Аавдаа нэг шавхруулмаар байна
Айлгаж дараа нь тунирхмаар байна
Ээждээ очиж үнсүүлмээр байна
Эрхэлмээр, нялхармаар, ариусмаар байна
Цээлхэн дуугаа дуулмаар байна
Сэмхэн нулимас дусаамаар байна
Сэтгэл минь үргэлж нутагтаа байна
Цэцэгс зүүрмэглэсэн талдаа байна
Саравчилж тосох нь аав минь байна
Сандарч гүйгээ нь ээж минь байна
Салхи ханхалсан гэр минь байна
Сайхны дээд энэ л байна гэсэн эдгээр бадаг чинь жинхэнэ
монгол шүлэг болж, монгол ахуй нэвт мэдрэгдэж бүр үнэртэж, үзэгдэж, бас үгүйлэгдэж байнам бусуу.
Шүлэг найргийг ингэж л урлах хэрэгтэй юм даа. Харамсалтай нь гараас гарсан бүхэн тэгш сайн болдоггүй зовлон бий. Чиний энэ шүлэг сайн шүлгийнхээ хувьд ч, сайхан аятайнхаа ачаар ч Монголд дэлгэрмэл дууны нэг болжээ. Дууны шүлгийн амин сүнс нь ая айзам юм. Л.Балхжав гэдэг авьяаслаг хөгжмийн зохиолч хөвгүүн чиний дээрх шүлэгт гайхам сайхан ая хийж, түүнийг нь Чингисийн Жаргалсайхан зэрэг дуучид чадварлаг амьдруулж уран бүтээл болгосноор «Хариас дуулсан дуу» ард түмний хэмжээний бүтээл болжээ. БНСУ-д аж төрж буй монголчуудын хувьд бол «сүлд» дуу нь болсон гэж би сонссон юм байна. Зөвхөн ганц «Хариас дуулсан дуу» шүлгийн чинь төлөө чамайг МЗЭ-д гишүүнээр элсүүлж бүрэн болно гэж би бодож байна.
Хадтай чулуутай хахир хөрсөнд
Хайлаас яагаад ургав даа
Хайргүй юм бол чи надтай
Ямар лайгаараа учрав даа
Уултай асгатай уруу газар
Улиас яагаад ургав даа
Учир олохгүй биеэ зовоож
Уйлах хэрэг байна уу даа гэх зэргээр «Жавартай хорвоо»
шүлэгтээ хайр сэтгэлийн тухай энгүүн агаад уянгалгаар өгүүлсэн нь монгол ардын дууг өөрийн эрхгүй санагдуулж буйг хэлье. Энэ бол маш том амжилт юм.
Цас бударна, сарны гэрэлд
Салхи исгэрнэ, хадны оройд
Хүйт оргино, хөнжлийн мухарт
Хүү минь дутагдана, миний сэтгэлд /«Миний буруу»/ гэх буюу
эсвэл
Голын тэндээс ус цалгилах сонсогдоно
Холын тэртээд морь тургилах сонсогдоно
Хоёр биенээ амьсгаа даран чагнана.
Хорвоогийн шөнө намуухан ... .. халуухан гэх зэргээр /« Одод
хөвүүлсэн шөнө»/ үйл явдал, үзэгдэл юмсыг нүдэнд үзэгдэж сэтгэлд дурайтал дүрслэн үзүүлсэн сайхан мөрүүдтэй өөр шүлэг нэг бус байвч дутуудуулсан дутагдлаас ангид байж чадсангүй. Тэр ч битгий хэл
Халхын Юндэн шиг сайхан эр
Хайр горилж өвдөг сөгдөхөд
Хар хөмсөгт нүдийг нь хараад
Халуун зүрх чинь догдлохгүй гэж үү
Эсвэл намайг эзгүй хойгуур
Эгзэг тааруулж, нөхцөл бүрдүүлж
Эр хүн чиний минь гарыг атгахад
Эвгүйцэж чи минь догдлохгүй гэж үү
Авгай нөхрөөсөө сэмхэн далдуур
Амраг янагийн явдалд оролцож
Авир шивэр ярианд хутгалдан
Амьтан хүний зугааг гаргах шиг
Аягүй юм цөөхөн юм даа
Хурамхан амьдралд намайгаа хуурч
Худал хэлж сүнсийг минь тарчлааснаас
Хувьгүй зүрхийг минь эртхэн амрааж
Хутга шаасан нь хавьгүй дээр гэх мэтээр «Ханьдаа унших
шүлэг»/ бичсэн нь өөдтэй шүлэг огтхон ч болсонгүй. Ур хийц ч илэрхий үгүйлэгдэж байна.
Өнгөрсөн оны сүүлчээр миний нэг сайн танил, анагаах ухааны доктор Рагчаагийн Бямбаа надад Улаанбаатараас захидал ирүүлсэн юм. Түүндээ УИХ-ын гишүүн асан Гэндэнсамбуугийн Зуунайгийн «Аваатай, өгөөтэй хорвоо» номын талаар сонин хэвлэлд сэтгэгдлээ бичээч гэсэн байж билээ.Шүүмж бичихийг уриалсан хэрэг.
Г.Зуунай агсан бол авьяаслаг нийтлэлч байв. Р.Бямбаагийн эмхтгэн хэвлүүлсэн дээрх номонд түүний бичсэн бүх нийтлэл, таталбар, шүлэг найраг нь багтсанаас гадна сэтгүүлчидтэй хийсэн ярилцлага, аятай болоод ая хүлээсэн дууны шүлгүүд нь орсон байлаа.
Нөхрийн хүсэлтийг биелүүлэх гэж би уг номыг эхнээс нь дуустал гүйлгэн харав. Од шиг гялалзсан мөр тэнд цөөнгүй аж.Жишээ нь, «Өвгөд минь» хэмээх шүлэгт нь:
Хүрэн дээлтэй өвгөд минь
Хөлгөн их судрууд минь
Хүний дээд нь та нар
Хүслийн дээж нь бид нар
Танихгүй үсгээр бичигдсэн юм шиг
Та нарыгаа би үсэгчлэн ядна гэсэн мөрүүд байна. Энэ бол
гайхалтай торгомсог мөрүүд байгаа биз? Ийм гоё мөр бадаг нэрт найрагчдын үзгэн дороос ч тун цөөхөн гарах бизээ. Хүрэн дээлтэй алтай нутгийн өвгөдүүд нээрээ л хөлгөн их судрууд байдаг билээ. Үүнийг олж харж, онож хэлж чадсанаараа Г. Зуунай давтагдашгүй авьяастан санагдана.
Гэвч түүний бүх шүлэг зохиол «Өвгөд минь» шүлэг шигээ тэгш бөгөөд жигд болж чадсангүй. Түүнийх нь төлөө зэмлэх ч хэрэггүй юм. Яагаад гэвэл тэр мэргэжлийн зохиолч, яруу найрагч байгаагүй юм. Улс төрийн зүтгэлтэн байсан. Хэдий тийм ч зохиол нийтлэлд дуртай байжээ.
Өндөр Сэрхийн бэлд нь
Өвгөдийн минь онгон залаастай
Хөх бууцны хөлд
Хүйний минь чулуу булаастай
Хэлд орсон шулганаа минь
Хээрийн салхинд нь бичээстэй
Хөлд тэнцсэн мөр минь
Хөрс шороонд нь тамгалаастай
Галын дөл шиг Аргалант минь
Зүүдэнд дандаа уяастай
Талын зэрэглээ цацруулан
Зүрхэн дунд ургаастай / «Талын Аргалант»/ гэх буюу эсвэл
Авч гарсан чулуу минь
Алганд хөлрөөд байх юмаа
Ай хө
Нутгаа би санав уу
Нутаг минь намайгаа санав уу гэх мэтээр дүрсэлсэн тансаг
мөрүүд цөөнгүй бий. Энэ бүхнийг нь эмхэтгэж бүрэн хэмжээний ном болгож хэвлүүлсэн түүний анд нөхөр, анагаах ухааны доктор Р.Бямбаад миний бие машид талархаж хариу захидал бичсэн билээ. Үнэнч сайн нөхөд бол өнөөдөр шижир алтнаас ч үнэтэй юм.
Маш олон жилийн өмнөх нэг явдал миний сэтгэлээс огт гардаггүй юм. Б.Явуухулан, Д.Пүрэвдорж нарын зэрэг манай сод авьяастнууд, яруу найрагчдын бүтээл туурвил ид цэцэглэж байсан үе юмсан. Энэ хоёр их найрагчийн шүлгийн ном нэгэн удаа зэрэг хэвлэгдэв. Бэгзийн Явуухулангийн «Дэлхий» нэртэй сурагчийн нимгэн дэвтэр шиг даруухан ном эхнээсээ аваад дуустал цул шижир алтаар цутгасан мэт санагдаж байсан. Дандаа сайхан шүлгүүд. Усгүй. Дэндэвийн Пүрэвдоржийн шинэ бүтээл харьцангүй зузаан ном байв. Ганган шүлэг зөндөө. Тэгэхдээ өөлбөл юм олдохоор л бүтээл болсон байв. Энэ бол лав санамсаргүй тохиолдол байсан биз. Тэгэхдээ хэн нь хэн бэ гэдгийг хэлээд л өгч байх шиг санагдаж байж билээ. Үүнээс би юүг хэлэх гэж байна гэвэл уран бүтээлч хүн бүтээлийнхээ чанарт юу юунаас илүүтэйгээр анхаарах хэрэгтэй юмаа. Гараас гарсан бүхэн дандаа сайн болохгүй ээ. Харин тэдгээрийг номондоо оруулахдаа сонголтыг сайтар хийж, зөв шилж сонгон түүвэрлэж байх ёстой юм шиг байна гэдгийг л ялангуяа залуу уран бүтээлч нөхөддөө зөвлөхөд хэзээ ч илүүдэхгүй гэдгийг хэлэх гэсэн хэрэг. «Би чамд хайртай» шүлгийн түүвэрт:
Заазанд очсон ухна шиг юмтай
Заваарч хэвтэх гэж... даанч яаваа / «Даанч яаваа»/
Улсын төлөө амьдар гэсэн
Утгагүй бөгөөд сагсуу аксиомд хөтлүүлж
Болхи хийцтэй тэрэг шиг нийгмийн
Боолт эрэг шураг шиг нь явжээ / «Цэнхэр туфлитэй бүсгүй»/
Хөлийг би зураглах гэж
Хөөрсөн сэтгэлээ хуваалцах гэж
Хүн танд мэдрүүлэх гэж
Хөлдүү бадгууд цувууллаа /мөн шүлэгт/ гэх зэрэг
болхидуухан үг хэллэгтэй, гоо сайхны амт шимтгүй мөрүүд нэг бус тааралдаж байгаа нь үүний жишээ бизээ. Яруу найргийг тансаг сайхан эх хэлээрээ зохиох нь илүү дээр. Аксиом, реклам гэх мэт гадаад үг хэллэг хэрэглэлээ гээд шүлэг тансаг сайн болно гэж хэзээ ч үгүй. Хүмүүс ч ойлгохгүй. Тухайн цаг үедээ А.С.Пушкин хүртэл яруу уянгалаг орос хэлийг хамгаалж уран зохиолд франц үгсийг хэрэглэхийн эсрэг тэмцэж байсан түүхтэй билээ.
Чиний зарим мөр бадгуудаас «түшмэл» үнэр ханхалж байна. Хүний тухай, хүний орчлонгийн тухай бичиж байгаа болохоор юм юм л байгаа биз. Тэгэхдээ яралзтал алхалсан «цэрэг» шүлгүүд бичвэл илүү дээр ч байж мэдэх юм. Зохиолчийн өөрийнх нь эрхэлсэн ажил алба уран бүтээлд хүчтэй нөлөөлөх нь бий. Гэндэнсамбуугийн Зуунай авьяаслаг нэгэн мөн боловчиг нийгэмтэйгээ хэтэрхий зууралдаад уран бүтээл туурвих зав зайгүй явсан биз. Өөрийн чинь хувьд улс нийгмийн төлөө амьдрахгүй, түүний эрэг шураг болохгүй гэж өндөр дуугаар тунхаглаж байвч түүнээс хараат хэвээрээ байгаа нь бараг шүлэг бүрээс мэдрэгдэж байна Нийгэмд амьдраад нийгмээс гадна оршин тогтноно гэж байхгүй л дээ.
Би энд «Түшмэл шүлэг» гэсэн нэр томъёг зориуд хэрэглэлээ. Нэг их оноогүй ч байж болно. Тэгэхдээ тийм ойлголт байж бүрэн болмоор санагдсан билээ. «түшмэл шүлэг» төрж үржих нь уран бүтээлчийн ирээдүйд халгаатай учраас үүнийг зориуд цохон тэмдэглэж байна. Үүнтэй холбогдуулж хэлэхэд арав гаруй жилийн өмнө бол уран бүтээлийн номыг эх барьж авч хянан ариутгагчийн үүрэг хариуцлагын тухай их ярьдаг байлаа. Тэр үүднээс хандвал «Би чамд хайртай» номын хянан тохиолдуулагч манай нэртэй зохиолч, шүүмжлэгч Д.Цэнджав дутуу ажиллажээ гэлтэй. Гэвч өнөөдөр ингэж зэмлэх аргагүй. Учир нь номыг ариутган шүүгчид улс нийгмийн зүгээс үзүүлэх ямар нэгэн урамшуулал байхгүй болсон тул хариуцлага тооцох үндэслэлгүй болжээ. Өнөөдөр Монголд мэргэжлийн уран зохиолын шүүмж судлал байгаа хэдий ч ховор гандуу талдаа байна. Залуусын бүтээлд үг хэлж байгаа нь цөөхөн бололтой. Тийм нөхцөлд шинэ гарсан бүтээл туурвилд үзэг нэгт нөхөд нь хааяа боловч өөрсдийн сэтгэгдлийг хэлж байхад илүүдэх юун гэж бодсоных билээ. Ямар ч уран бүтээлч хүний хувьд өөрийнх нь бүтээлийг авч үзэж шүүмжилсэн «шүүмж» хүртэл «магтаал» болдог тул намайг хэтэрхий хатуурхлаа гэж бодохгүй гэдэгт итгэнэм. Залуу яруу найрагч Бархасын Доржийн «Би чамд хайртай» номын талаарх өөрийн сэтгэгдлийг би түүний өөрийнх нь бичсэн «Сэтгэлийн түлхүүр» шүлгийн нэг бадгаар буюу
Шүлгийнхээ мөр бүрээс солонго татуулж
Бараан үүлсийг цуучин гэгээ цацаж
Гомдох айдсыг чинь мөргүй үргээн
Сондрын өнгөөр гялбалзан бадрахсан хэмээсэн мөрөөр төгсгөхийг
хүсч байна. Түүний хоёр дахь номын шүлгийн мөр бүрээс сондрын өнгө гялбалзан гялтганах болтугай!

Д.Нацагдоржийн шагналт
зохиолч Тугалхүүгийн Баасансүрэн

Варшав, 2003 оны 9 дүгээр сар 10


ТӨГСГӨЛ ХЭСЭГ

Миний бие 1974 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийг сэтгүүлчийн мэргэжлээр төгсгөөд «Үнэн» сонины газарт хуваарлигдан очиж билээ. Өдөр тутмын эл сонины эрхлэгчээр Монгол Улсын Төрийн шагналт нэрт сэтгүүлч Цэндийн Намсрай ажиллаж байв. Их Сургуулийг онцсайн дүнтэй төгссөн миний улаан дипломыг Ц.Намсрай гуай эргүүлж тойруулж хэдэнтээ сонирхон харад
-За хүү минь маргаашаас ажилдаа орноо. Чамд сард 700 төгрөгийн цалин олгоно. Гэгээрлийн Яамны сайд байхдаа миний авч байсан цалин шүү. Их мөнгө байгаа биз гэж инээгээд
-Сэтгүүлч хүн чинь уран бүтээлч, улс төрч, бас дипломатч байх учиртай гэж нухацтай нь аргагүй нэмж хэлж билээ. Залуу байхад юмны учир начрыг нэг их сайтар эргэцүүлж бодох биш дээ. Ц.Намсрай гуайн хэлснээс сэтгүүлч хүн уран бүтээлч байх ёстой гэсэн үг нь сэтгэлд хоногшин хоцорч үлдээд улс төрч, дипломатч байвал зохилтой гэсэн нь чихний хажуугаар урсан өнгөрчээ. Урлаг, утга зохиолд хайртайн шинж байсан ч байж болох юм. Нэрд гарсан сайн сэтгүүлч, зохиолч болно гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж явсан үе. Өнөөдөр эргээд харахад сэтгэл, зүрхээ шатааж байгаад уран зохиолын хорин ном туурвижээ. Бас дээр нь нэмж сэтгүүл зүйн онол, практикийн асуудлаар арван нэгэн ном бичсэн байна. Монголын төр, засаг миний «Алтай» тууж, уянгын өгүүллэгүүдэд Монголын утга зохиолын дээд шагнал–Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртээжээ. Монголын зохиолчдын Эвлэл бас өөрийнхөө нэрэмжит шагналыг олгосон байна.
Сэтгүүл зүйн салбар дахь үйл ажиллагаа маань үр дүнгүй өнгөрсөнгүй. Монголын чөлөөт Сэтгүүлчдийн эвлэл дээд шагналаа олгожээ. Хамгийн гол нь МУИС зэрэг сэтгүүл зүйн салбарт мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудад миний бичсэн ном зохиолыг оюутнууд уншдаг, судлаачид эргүүлж тойруулж үздэг болсон байна. Сэтгүүлч Ц.Ганчимэг надтай хийсэн ярилцлагадаа энэ тухай бас дурдсан байсан.
Ингээд бодохоор сэтгүүлч хүн уран бүтээлч байх ёстой гэсэн зарчимд би чин үнэнч явсан бололтой. Японы тухай «Дэлхийг эзлэх Японы төлөвлөгөө» гэдэг ном, Туркийн тухай «Хүн хөшөөний дууль» гэдэг нийтлэлийн ном бичжээ. Польшийн тухай «Элчин сэтгүүлчийн тэмдэглэл» гэдэг бүтээл үүн дээр нэмэгдэж байна. Ард түмнүүдийг ойртуулахад, бие биенээ таньж мэдэхэд хэр чадлаараа зүтгэж өөрийн өчүүхэн хувь нэмрийг оруулах гэж зүтгэжээ хэмээн зоригтой хэлж болох буй заа.
Сэтгүүлч хүн улс төрч байх ёстой гэж Ц.Намсрай гуай хэлсэн нь үнэхээрийн яах аргагүй үнэн үг байсанд өнөөдөр би огтхон ч эргэлзэхгүй байна. Уран бүтээлийн талбарт уралдаж өнгөрүүлсэн гучин жил улс төртэй бат нягтаар сүлэлдэн холилдсон байх ажээ. Сэтгүүлчийн мэргэжлийн бусад мэргэжлээс ялгарах нэг онцлог нь энэ юм. Сэтгүүлч хүн нийгэмд, ард түмэнд үйлчилнэ. Сэтгүүл зүй нийгмийн нэг чухал институт болдгийн учир энэ юм.
Нийгэмд хөдөлмөрлөж өнгөрүүлсэн гучин жилийн нилээд, магадгүй ихэнх хэсэг нь Монголын нийгмийн улс төртэй яах ч аргагүй холбогдож байна. Нийгмийн чиг баримжааг гол болгосон ардчилсан социализмын үзэл баримтлалтай МАХН-д 26 настай байхдаа 1976 онд гишүүнээр элсэж үйл хэргийнх нь төлөө гучаад жил зүтгэж байна. Намын төв аппаратад болон анхан шатны байгууллагад нь ажиллаж, ная ерээд онд болж өнгөрсөн намын шинэчлэлд нэн идэвхтэй оролцон анхны жигүүрийг байгуулалцаж, МАХН түүхэндээ энх удаа сонгуульд ялагдан парламентад цөөнх болж ядарч зүдэрч явахад нь, олон зуу, олон мянган хүн түүнээс нүүр буруулж цааш зугтаж байхад нь /1996-2000 он/ намыг шинэчлэгч залуустай хамтран зүтгэж явснаа, 2000 онд төрөлх намаа ялалтад хүргэхэд нь бага боловч хувь нэмрээ оруулснаа эргэн санахад бахархалтай байна. Энэ үйл ажиллагаа цаашид ч насан турш үргэлжлэх нь ойлгомжтой. Ингээд бодохоор би яах аргагүй улс төрч явжээ. Энэ хооронд бас Улсын гэрэл зургийн газрын дарга, «Монголын ажилчин», «Монголын үндэсний мэдээ» сонины эрхлэгчээс эхлээд УИХ-ын хэвлэл, мэдээллийн албаны дарга, МОНЦАМЭ агентлагийн дэд захирал, Ерөнхий захирал хүртэлх удирдах албыг хашиж байжээ.
Ц.Намсрай гуай надад сургууль соёлд орж мэдлэг боловсролоо дээшлүүлэхийг хүссэн хүмүүс, албан тушаал ахих гэж байгаа улсыг байнга дэмжиж байгаарай гэж захисан билээ. Үүнийг би биелүүлхийн төлөө зүтгэж ажилласан. Олон хүнийг сургууль дамжаанд илгээж, цөөнгүй заримыг нь зэрэг зиндаа дэвшүүлжээ. Эрдэмтэн, сайд дарга болсон нь нэг бус бий.
Сэтгүүлч хүн дипломатч байх ёстой гэсэн үг бас үнэн ажээ. Үүний хамгийн тодорхой илэрхийлэл нь миний сүүлийн гурван жилийн үйл ажиллагаа юм. Урьд нь гүйцэтгэж ирсэн сэтгүүлчийн үйл ажиллагаа ч Монгол Улсын дипломатын үйл ажиллагаатай цөөнгүй тохиолдолд холбогдож, түүний нэг бүрэлдэхүүн хэсэг болж байсан аж. Манай улсын нэрд гарсан ахмад дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Дамбадаржаа гуай миний бичсэн «Дэлхийг эзлэх Японы төлөвлөгөө» гэдэг номыг уншиж үзээд ихэд олзуурхаж 2000 онд Монгол Улсын Гадаад Хэргийн сайдаар тохоон томилогдсон ноён Л.Эрдэнчулуунд тэр номыг уншиж үзэхийг зөвлөснөө надад сүүлд ярьж билээ. Туркийн тухай өгүүлсэн «Хүн хөшөөний дууль» номыг Анкарад сонирхож байна гэж дуулсан юм байна.
Наяад оны эхээр би Энэтхэгт зочлод «Зөрчил тэмцлээр дүүрэн Энэтхэг орноор» гэсэн томоохон тэмдэглэл бичиж өдөр тутмын «Үнэн» сонинд нийтлүүлсэн билээ. Маш олон уншигчид над руу утасдаж захиа хүртэл бичиж ирүүлж байсан. 2001 онд гэргийн хамт хамт Энэтхэгт ахин айлчлах завшаан тохиож Дели хотноо очиж билээ. МОНЦАМЭ, ПТИ агентлагийн хооронд хамтран ажиллах тухай протоколд гарын үсэг зурсан юм. Тэгэхэд Энэтхэгийн ГХЯ-наас надад онцгой хүндэтгэл үзүүлж бүр хориод жилийн өмнө миний бичсэн «Зөрчил тэмцлээр дүүрэн Энэтхэг орноор» хэмээх тэмдэглэлийг минь мартаагүй байсанд онц ихээр гайхаж бас баярлаж билээ. Түүх, соёлын олон зуу, мянган жилийн уламжлалаар холбогдсон Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа үнэхээр баялаг утга агуулагатайд би тэгэхэд улам итгэсэн. Нутагтаа буцаж ирээд «Ирээдүй өөдөө эрчлэн тэмүүлсэн Энэтхэг орноор» гэсэн цуврал тэмдэглэлээ бичиж «МОНЦАМЭ мэдээ» сэтгүүлд нийтлүүлсэн билээ.
Одоо эргэж санахад Болгар, Унгар, Герман, Вьетнам, Сигапур, Армен, Азербайжан, Орос, Хятад,Куба зэрэг цөөнгүй улс орон, ард түмний тухай нийтлэл бичиж байжээ. Тэдгээр нийтлэлийг маань нэг бус хүн уншсан гэдэгт итгэлтэй байна. Улс орнууд, ард түмнүүдийг ойртуулж бие биесээ таньж мэдэхэд сэтгүүлчийн үйл ажиллагаа, сэтгүүлчийн хөдөлмөрийн минь тодорхой хэсэг зориулагдсанд сэтгэл хангалуун байна. Энэ бол сэтгүүлч-дипломатчийн үйл ажиллагаа гэж бүрэн үндэстэй нэрлэж болох буй заа. Энэхүү үйл ажиллагааны маань нилээд том хэсэг найрсаг Польш улс, польшийн ард түмэнд, миний дотночилж танилцсан польш хүмүүст зориулагдаж буйд үнэхээр баяртай байгаагаа эцэст нь өчсүгэй.

No comments: