Friday, March 14, 2008

ШИВРЭН ШИВРЭН ОРСОН ЗҮСЭР БОРОО

/Өгүүллэг/

Утас дуугарав. Дорж харилцуурыг аваад
-Аймгийн захиргааны ахлах нягтлан бодогч Дорж сонсож байна гэж хоолойгоо шахан байж албархуугаар хэлээд хараагаа төв болгож хамаг биеэрээ анхаарч хариу хүлээлээ. Түүнийг сонсоод агшин төдий чив чимээгүй болсон харилцуурын нөгөө үзүүрт гэв гэнэт загатнасан юм шиг час час хөхөрч
-Аа базарваань ахлах нягтлан бодогч гуай юу гэж тохуурхсанаа ахин хөгжилтэйгээр тас тас инээв. Тэр даруй дорхноо зүггүйтсэн хүүхэд шиг болж хувирсан Доржийн нүдэнд хөх оч үсчиж суудал дээрээ тогтож ядсанаа хагас өндийж ширээгээ дэрлэх нь холгүй бөхийж байгаад
-Чи хэн бэ, битгий нохойтоод байгаарай. Нэрээ хэлэхгүй бол утсаа тавилаа шүү гэж сүрдүүлэв. Одоо бол түүний дуу хоолой арван наймт шиг жингэнэж байлаа.
-Базар байна аа, өөр хэн байдаг юм. Ахлах нягтлан бодох болоод дэвшчихсэн үү, миний нөхөр гэж утасны үзүүрт доогтой нь аргагүй хэлэх сонсогдов.
-Аа хөө гэж, чи байсан юм уу. Нэрээ шууд хэлэхгүй авгай хүүхэд шиг юу гэж айлгүйтээд байгаа барам бэ чи гээд Дорж хүд хүд инээлээ.
-Чи чинь төрөл арилжсан мэт өөр болчихсон байна шүү дээ. Дуу хоолой чинь хүртэл хиймэл, хөндий хүйтэн болчихож. Хүн андуурав уу гэж айлаа шүү гэж Базарыг үнэнээсээ хэлэхэд Дорж
-Аймгийн дарга муу нөхрийг чинь сүрхий тоож арван долоон тоот тушаалаа өчигдөр гаргаж суга дэвшүүлээд сууж байгаа нь энэ дээ хө хэмээн бахархангуй хэлэв.
-Анд минь чамд арван долоон тоот цаасан тушаал хэрэгтэй юү, эсвэл арван найман настай гол шиг сайхан гоо үзэсгэлэнт бүсгүй хэрэгтэй юү Гэж Базар урдаас нь асуув. Дорж
-Аль аль нь л хэрэгтэй байна. Хэн бэ тэгээд тэр чинь гэж тэсч ядан асуув. Загатнасан газар нь маажиж чадсандаа үнэ орж урамшсан Базар
-Алтан Москвад дөнгөж сургууль төгсөөд албан томилолт өвөртөлж манай редакцад хувиарлагдан ирсэн тостой гараар баримгүй, тоостой орчлонд төрөмгүй, эр бүрийн нүдийг соронздож татсан, эмс хүүхнүүдийн атаархлыг хөдөлгөсөн хөөрхөн тогос нэгийн ширхэг байнаа хө гээд үгээ таслан хүлээв. Дорж түүний үгийг өлгөн авч
-Танай редакци шинэ хүнтэй болоо юу. Алба ажлын далим гарч хот орвол танилцаж болох л юм. Архайж дархайсан олон адгуус нарын дунд орсон хөөрхий тэрхүү янзгыг би өрөвдөж байна. Хэлтэрхий ч үлдээлгүйгээр хэмхэлж идээд барах биз та нар гэж явуулав.
-Хэмлэн идэх нь байтугай хэл хүргэн долоож ч чадахгүй байгаад хамаг учир байнаа, Дорж минь. Чамайг ширтсэн, чамайг ярьсан, чиний хэдэн шүлэгнээс өөр юм бодохоо больсон хүүхэн байна гэж Базар ар араас нь дуржигнуулан урсгав.
-Аа ойлголоо. Миний шүлгийн түүврийг уншаа юу. Орчлонд олж уншсан олон бүсгүй шаналана даа хөөрхий. Ганц наана чинь биш Монголоор дүүрэн байгаа байлгүй. Түрүүч нь надад өөрсдөө захидал хүртэл бичиж байна гэж Дорж илэрхий онгиров.
-За чи битгий томроод бай. Чиний бодож байгаа тэр хүүхэн чинь энэ бишээ. Шал ондоо. Лусын гэгээн дагина л гэсэн үг. Яруу найрагт үнэнхүү дуртай. Хамгийн гол нь галзуутай сайн ойлгож байгаа юм. Торгон мэдрэмжтэй тогос мөнөөсөө мөн.
Чамтай уулзаж танилцахсан, учирч ярилцахсан гээд байгаа юм. Аз чинь гозойж байгаа дээр ажлаа хаяад ч болов түргэхэн хот орж ир гэж Базар түүнд учирлан ятгав.
-Албан тушаал дөнгөж дэвшчихээд байгаа хүн ажил хаян хот орно гэж байхгүй ээ. Тэр ярихгүй. Албан томилолт л авах гэж оролдоод үзье. Өгөх нь үү үгүй юү бас мэдэхгүй. Тэр хүртэл чи тэндээ аргалж бай гэж Дорж учир байдлаа тайлбарлав.
-Доржоо чи чинь арай албан тушаалын хэнээ тусчихаагүй биз. Атар талын онгон цэцгийн дэргэд ахлах нягтлан бодох юү юм бэ, үхсэн хойноо. Нулимаж орхих хэрэгтэй. Ахлах нябо, ахлах нябо гэнэ шүү. Их юм болж дээ. Хаан ширээнд заларчихсан биш ямар. Чи тэгээд ирэх юмуу, үгүй юү гэж Базар арга ядан гаслав. Ацан шалаанд орсон Дорж бяцхан бодлогширсноо
-Сүүлийн сард хэдэн ганган шүлэг бичсэн. Тэрнийгээ борлуулж хүн ардаа баярлуулах санаатай хот орох гэж байсан юм. Очноо, очно. Тэсвэр гаргаад хүлээж бай. Тэр хүүхнээ надад хадгалж бай гэж унаган багын найзыгаа тайтгаруулав. Ам авч санаа амарсан Базар
-За яамай түргэн ирнэ шүү. Нааш гарахдаа цахилгаан бичиж мэдэгдээрэй. Би тосч авна. Аминчилж ярих юм зөндөө байна . За чи мартавзай, заяаны чинь хань энд хүлээж байна шүү гээд утсаа таслав.
Дорж харилцуураа тавиад мушилзан инээмсэглэж Базар бачимдаж хэрэг болгож утасдахыг бодоход тэднийд гайгүй амьтан ирж дээ. Хүсээд байгаа тэр хүүхэн дээр чинь хүрээд очсон ч яадаг юм гэсэн шүү юм бодсоор ширээн дээрх хэдэн хүснэгтээ эмхлэн янзалж аймгийн дарга ирэх болоогүй юм болов уу гэж бугуйн цагаа хяламхийн хараад ажил албаа сайхан танилцуулж кокоо оноо авах юм шүү хэмээн мөрөөдөв.
Анхны улирлын тайлан баланс гаргах гэж Дорж долоон хоног од шуугитал сууж сампин цохиж цаас цоохорлов. Ерөнхий нягтлан бодогч авгай одоо миний амрах ээлж болсоон. Чам шиг залуу байхдаа нүдээ ширгэтэл сууж дарга нарт зарцлагддаг байлаа. Хорин жил хонон өнжин зүтгэж байж Ерөнхийн суудалд дэвшсэн. Арван сар үглэж байж ахлах нягтлантай болсны хэрэг юу билээ, хэд хоног энэ муу зовлогоо амрааж салхинд гарнаа гэж хэлээд гурван зуун км-ын цаадах сум руу томилолт авч алга болсон тул Доржийн нуруун дээр ачааны хүнд аргагүй л тохогджээ. Үүнд нь тэрбээр огтхон ч дургүйцсангүй. Харин ч дуртай нь аргагүй ханцуй шамлан чармайж, аймгийн захиргааны бөгс эргэх зайгүй жижигхэн өрөөндөө хоноглох шахаж байв.
Бүтэн долоон хоног нүд чирэмхийлгүй суугаад бүх зүйлээ бэлэн болгож аймгийн даргад нэгбүрчлэн танилцуулахад бэлэн болгоод бугуйн цагаа харвал оройн хорин цаг болж байв. Өдийд дарга сууж байгаа болов уу, явчихсан байдаг болов уу. Өглөө ч болдог юмуу гэж бодоод Дорж хөшсөн хүзүү сээр, дал мөрөө хөдөлгөн сунайтал утас дуугарав. Авбал авгай ерөнхий нябогийн дуу чихэн дээр нь хадаж
-Тайлан балансаа дуусгасан бол аваад ороод ир эгчийн дүү гээд тас тас хөхөрснөө утсаа тасалчихав. Алмайрч гайхсан Дорж энэ гайхал чинь ид шидтэй илбэчин гэчий биш байгаадаа. Санасан бодсон бүхнийг нэвт шувт харж байвал баларлаа шүү та минь хэмээн зүрх алдан эмээсээр хавтаст материалаа барьж өрөөнд нь явж орвол улаа бутарсан Ерөнхий нябо нь Сэврэй сумын даргатай хамт сайхан загнаж инээд алдчихсан сууж байв. Ширээн дээр чанасан мах, ингэний ааруул дэлгэн тавьжээ.
-Жал дарга энэ хүүг таних уу, манай ахлах ня-бо гээд Ерөнхий Дорж руу зааснаа
-За миний дүү наашаа суу. Мах ид, идээ амс. Сэврэй ногоон ч байгаа гээд малилзан инээв.
-Нутгийнхаа ганц яруу найрагчийг танилгүй яахав дээ энэ чинь. Чиний цэрэг болсон юм уу гээд сумын дарга Жал Доржийг ихэд хүндэтгэн босч гар барив.
-Доржийг манай нутгийн хүүхнүүд л голдуу таньдаг гэж бодож байсан юм. Харцуул бас таньдаг юм байж л дээ хэмээн Ерөнхий үгээр чимхсэнээ
-Алив тэр тайлан балансаа үзүүлээдэх. Эгч нь чамд яг долоон хонгийн ажил үлдээсэн байгаа биз. Цаана нь гарч чадсан бол чи овоо хүү юмаа гээд бичиг цаасыг авч гүйлгэн харснаа
-Манай ахлах нэг ийм байхгүй юм бол хэний ахлах ийм байх вэ дээ гэж бахархангуй хэлээд
-Долоо хоног би ч сайхан амарлаа. Долоо хоног Дорж ч сайн хөдөлмөрлөжээ. Маргааш өглөө эгч нь энийг аймгийн эзэнд нүүр бардам барьж орноо. Энэ бүхнийгээ тэмдэглээд гурвуулаа ганц ганц аяга ганзай цааш харуулах уу даа гээд Сэврэй ногоон хэмээх шимийн архинаас гурван шаазан аяга дүүргэж бялхуулан мэлтэлзүүлээд Жал дарга тэр хоёрт барив.
Яриа хөөрөө, нүүрэн дэх баяр баясал юм юмнаас нь харахад Сэврэй сумын дарга, Ерөнхий нябо хоёр жиг ургаж жигтэйхэн сайхан амарцгаасан нь илэрхий мэдрэгдээд, түүнийг нь далимдуулж Дорж сэврэй ногооноос ойр ойрхон гурван аягийг угсруулан татаж орхивол дотор халуу дүүгээд цаанаа л аятайхан болоод явчихав. Нэг мэдсэн яриа хөөрөө аяндаа асан дүрэлзэж, Доржийн уншсан хайрын бадгуудыг эр эмгүй магтацгаагаад ах дүү шиг ойр дотно болчихсон насны болоод зүсний ялгаа аль хэдийнэ арилсан байлаа. Ерөнхий ня-богийн малигар шар царай бумбан улаанаар тунараад улцгар улаан нүд нь торомгор гоёмсгоор тормолзож байв. Би согтож байна даа гэж гэнэт ухаарсан Дорж морь харах нэрийдлээр сэм гарч одов. Тэр хоёр нь ч түүнийг нэг их хориглосонгүй.
Маргааш нь мангартаж ногоорсон Дорж нойроос арайхийн сэрсэн ч ажил тасалж болохгүй хэмээн шүд зуун босч зогсоогоороо бүтэн данх хүйтэн цай залгилаад цаг бүртгэгчтэй уралдан ажилдаа ирэв. Сандалдаа ч тухлаж амжаагүй байтал утас жингэнэн дуугарав. Дорж харилцуурыг ярвайн байж аваад
-Байна уу хэн бэ хэмээн лавлабал Базар урдаас нь
-Үгүй чи чинь наанаа суусан хэвээрээ юү? Улаанбаатар орж ирнэ гэсэн чинь яасан бэ. Ёстой цусгүй алах нөхөр юмаа хэмээн шогшров. Дорж долоо хонгийн өмнөх яриаг таг мартсандаа сүрхий бантаж
-Үгүй чи байз гэм. Би явах гэж байсан юм. Нэгдүгээр улирлын тайлан баланс гаргах гээд... хэмээн түгдчив.
-Ахлах нябо болчихсоноо амьдралдаа олдошгүй аз гэж чи санаа юу. Юу юм бэ наадах чинь. Албан тушаал дэвшинэ гэдэг хортой эд. Харж байна уу, яг л бух шиг дөрлүүлчихэж байгаа биз. Больж үз хөөе. Холын холд хогон дээр аваачиж хая наадахаа. Чи одоо тэгээд сампин сайхан, ахлах нябо аягүй гоё гэж шүлэг бичих үү? Ямар шившигтэй булай хэрэг вэ гэж Базар түүнийг нүүр нүдгүй загнав.
Доржид Ерөнхий ня-бо нь харагдах шиг болж гуравтын бетон дүүрэн сэврэй ногоон сэнгэнэх шиг болоход дотор нь муухайран огиудас цутгаад явчихад хариу юу ч хэлж чадалгүй утсаа тавиад өлгүүрээс цуваа шүүрэн авч гадагш гүйн гарав. Тэр чигээрээ тэшүүлэн гүйж ойролцоох дэлгүүрт очиж хоёр шил шар айраг авч шараа тайлаад зориг орж эгчийнхээ ажил руу алхав. Түүний төрсөн эгч нь аймгийн төв больницад ерөнхий эмчээр ажилладаг байлаа. Доржийг хараад эгч нь хөмсөг өргөн гайхасхийж түүнийг асуунгуй харцаар ширтэв. Тэрбээр
-Эгчээ надад таван зуун төгрөг хэрэгтэй байна гэж шуудхан хэлээд өөдөөс нь эгцлэн харлаа.
-Тийм их мөнгөөр чи юү хийх гэж байгаа юм гэхэд нь
-Улаанбаатар орж яруу найрагчдийн шүлгийн уралдаанд оролцох гэсэн юм. Өөдтэйхэн костюм пиджак, сайн шаахай, цасан цагаан цамц, гил хархан галстук дэлгүүрээс авч гоёхгүй бол хөдөөний муусайн юмс гээд хүмүүс тоохгүй юм. Шүлэг нь хичнээн сайн ч, гандсан тэрлэгтэй нь адил санаад байх юм гэж учирлав.
Эгч нь түүнийг өлмийнөөс тэргүүнийг нь хүртэл шинжин ширтээд үг дуугүй цүнхээ уудалж таван ширхэг шар халзан зуут гаргаад өөдөөс нь сарвайв. Дорж ухаангүй баярлаж
-Эгчээ би энэ мөнгийг чинь хоёр дахь номоо хэвлүүлж шагналыг нь аваад хоёр дахин нугалж эргүүлж өгнөө гэж итгэлтэй нь аргагүй хэлэв.
-Тэр яахав, миний дүү, харин чи сайн шилж сонгож аваарай. Эсвэл эгч нь дэлгүүр хамт явалцаж туслах уу гэхэд Дорж
-Өө хэрэггүй ээ эгчээ, би өөрөө чадна гэв.
Дорж тэндээс гараад аймгийн төвийн зэргэлдээх Оросын цэргийн баазын барааны дэлгүүр рүү явав. Түүнд орос дэлгүүрт нэвтрэх үнэмлэх байлаа. Хагас дутуу хэдэн орос үгээ нийлүүлж байгаад худалдагч бүсгүйд шаггүй сайн ойлгуулж хоёр зуун гучин төгрөгөөр сайхан хар костюм, пиджак худалдаж авлаа. Хорин таван төгрөгөөр цагаан цамц, ерэн төгрөгөөр шөвгөр хар шаахай, арван төгрөгөөр тас хар зангиа худалдаж авав. Цаана нь зуу гаруй янчаан халаасанд үлдлээ.
Тэндээсээ гарч шуудангаар дайраад Базарт өнөө орой Сайншандаас галт тэргээр гарлаа. Өглөө угтаж ав гэсэн товч цахилгаан илгээгээд вокзалын кассаас унтлагын вагоны билет худалдаж авав. Гэртээ ирээд нүдээ гартал гоёж толинд өөрийгөө харвал нийслэл хотынхоос ер ялгарах юмгүй ганган залуу өмнөөс нь ширтэж байлаа.
Алтан Москвад сургууль төгсгөсөн амраг хүүхэн дээр очиж байгаагаа бодолцож аймгийн төвийн нийтийн халуун усанд шулба шумбаж хир буртаг, элс шорооноос ангижраад үсчинд хүрч үс зүсээ янзлуулав. Ингэсээр байтал галт тэрэг хөдлөх цаг ойртсон байлаа. Анд нөхөр Дондогтойгоо яаран сандран уулзаж Ерөнхий нябодоо өгөөрэй хэмээн товч зурвас бичиж үлдээгээд галт тэрэгний буудал руу яарлаа.
Унтаад сэрэхэд Улаанбаатар орж ирж байлаа. Гадгаш цонхоор гүйлгэн харвал Базар нэг нөхрийн хамт галт тэрэг даган гүйж байв. Би энд байна гэдгээ мэдэгдэн Дорж тэдэн рүү гар өргөн даллаад ганц хайртай хар цүнхээ авч гарах хаалга руу дөхөв.
Гурван нөхөр олон жил уулзалдаагүй ах дүү, амраг садан адил тэврэлдэн золгов. Базарын баярлаж байна гэдэг туйлгүй. Тэр Дорж руу ахин харж дарвайтлаа инээснээ
-Чамайг чинь өчигдөр өглөө уурлаад утсаа шидчихлээ л гэж саналаа шүү. Ахиад хичнээн залгуулаад ч авдаггүй. Завхарсан гуйлгачин шүү чи. За ингээд болоо юу, өөр авах барих юм байхгүй юү гээд түүний цүнхийг харлаа.
-Надад энэ навсгар хар цүнхнээс өөр юү байдаг юм бэ. Дотор нь харин хэдэн ганган шүлэг бий шүү. Унших уу гээд Доржийг тэдэн рүү харахад найз нөхөд нь зэрэг инээд алдан
-Одоо хэрэггүй ээ. Очиж байгаад Нарандаа уншиж өг гэж хөгжилдөв. Дорж тэдэн рүү гайхан харж
-Эндээсээ шууд танай ажил руу явах юмуу гэж асуухад Базар
-Үгүй ээ, яалаа гэж. Нарангийн гэрт нь очно. Тэр чамайг ирнэ гээд өчигдрөөс хойш унтаж чадахгүй хүлээж байгаа гэв. Дорж бүр ч гайхаж
-Өнөөх бүсгүйг чинь тэгээд Наран гэдэг хэрэг үү? Гэртээ хэдүүлээ юм бэ, аав ээж нь эвгүйцэхгүй биз хэмээн бяцхан болгоомжлов.
-Иш ш Дорж минь чи хотын амьдралаас мөн ч холож байна даа. Эрх тушаалтай эрхмүүдийн үр хүүхдүүд юү боллоо гэж ээж аавтайгаа хамт байх билээ. Хотын төвд хоёр өрөө байранд хонгор Наран чинь чамайг гав ганцаараа гайхаш тасран хүлээж байна. Олон юм битгий шалгаагаад бай. Очиж байгаад асууж лавлана биз. Одоо түргэхэн явах минь гэж Базар шамдуулав.
-Нартад ганцхан төрсөн хөөрхий Дорж найрагч ингээд Наран хэмээх бүсгүйд хүчиндүүлдэг юм байжээ. Эргээд элдэв юм болбол та хоёр хамтдаа хариуцна шүү. Эртнээс би анхааруулсан шүү гэж Дорж алиалаад тэднийг дагаж таксинд орж суув.
Арван таван минутын дараа тэр гурав хотын шинэхэн хорооллын есөн давхар байшингийн шатаар өгсөж байлаа. Үүд тайлж өгсөн өндөр зэгзгэр хүүхний дүрлэгэр алаг нүдийг хараад Дорж «Ямар сайхан бүсгүй вэ» гэж сэтгэлдээ дуу алдав.
-Намайг Наран гэдэг. Тантай танилцаж байгаадаа таатай байна гээд тэр бүсгүй яралзсан цагаан шүд гарган инээмсэглээд зөөлхөн булбарай гараа өгч түүнтэй элэгсэгээр мэндлэв. Болох болохгүй юм ярьж болохгүй боловсон хонгор байна гэж Дорж энэхэн зуур бодож амжлаа.
Зочдын өрөөний ширээн дээр цай хийгээд чихэр жимс бүгд бэлэн зэхээстэй байлаа. Гал тогооны өрөөнөөс шинэхэн буузны сайхан үнэр хамар нэвтлэн ханхалж байв. Доржийг ирнэ гэж хичээнгүйлэн бэлтгэсэн нь үнэн байлаа.
-Та замдаа ядарч ирэв үү. Гэртээ байгаа юм шиг тухалж цай хоол зоогло гээд Наран түүнд аяга дүүрэн сүүтэй цай бусдаас түрүүлж бариад дүрлэгэр алаг нүднээсээ баяр баясал гэрэлтүүлэн мишээв. Тэр нүдэнд ухаарал, бодрол хамт гэрэлтэж байх шиг Доржид санаглаа.
Үе тэнгийн дөрвөн нөхөд дуу шуу болон хөгжилдөж цай хоолноос нэрэлхэж зэнзийрхэлгүй идэж ууцгаалаа. Базар санаачилгыг гартаа авч хундага өргөв.
-Анд найз, авьяаслаг яруу найрагч Доржтойгоо ахин Улаанбаатарт уулзан золгож байгаадаа, тэгэхдээ энэ удаад манай редакцийн халуун ам бүлд шинээр бүл нэмсэн найруулагч Нарантайгаа танилцуулж байгаадаа бид маш сэтгэл хангалуун байна. Наран бол найруулагчаар зогсохгүй найраг шүлгийн хорхойион гэвэл үнэнд илүү нийцнэ. Доржийн «Оосор бүсгүй орчлон» шүлгийн түүврийг эхнээс нь эцсийнх нь хуудсыг хүртэл цээжээр мэддэг бүсгүй. Би Доржтой таван жил үй зайгүй үерхэж байна. Бас ч өөрийгөө шаггүй сайн зохиолч гэж бодож явдгаа нуухгүй. Тэгэхэд Доржийн шүлгийг Наран шиг цээжилж, хамгийн гол нь Наран шиг илүү ойр дотноор ойлгосон нь үгүй. Энэ бол нэгийг хэлээд байгаа хэрэг.
Удтал хүлээсэн энэ хундгыг Дорж, наран хоёрынхоо энэ учралт уулзалтын төлөө өргөе гэв. Бүгдээрээ болор жүнз жингэнэлдүүлэн тулгаад босоо зогсч эхний хундгыг ууцгаав. Наран хоёр дахь хундгыг сэлбэн дүүргээд
-Доржоо одоо би таныг чи гэж хэлбэл уурлахгүй биз. Энэ нь илүү дээр байх. Уулзаж байгаа нь анхных боловч уг үндэс хөөж яривал бид эртний танилууд. Найз нөхөд ч гэж хэлж болно. Утга зохиол биднийг танилцуулсан юм.
Би өөрийн чинь авьяас билгийг шүтэн бишрэгчийн нэг. Яруу найргийн чинь түүврийг элээтэл уншиж, итгэл сэтгэлээрээ ойртож дотноссон нэгэн. Тийм учраас Базарыг өдөж, бас хатгаж байгаад наранд ойрхон говиос чинь салгаж нааш авчирсанд уучлаарай гээд хундгаа авч зөвхөн түүнтэй тулгав. Тэр хоёр дув дуугүй бие биесээ ширтэлцэж байгаад шимэн ууцгаав. Базар нар баярлалдан алга ташиж дэмжлээ.
-Би шинэ юм бүхэнд дуртай. Шинэ юм бүхэн миний шүлгийн мөр, бадаг болдог юм. Наранд ойрхон говио насаараа хайрлаад барахгүй ч намайг нааш угз татаж авчирсан Наран бүсгүй чамд бас хайртай гэж хэлье. Наранд ойрхон говьд өчигдөрхөн би байсан бол нарсанд ойрхон хангайд өнөөдөр энд ирэхдээ ахиад л Нарантайгаа хамт байж байна гэж Дорж алиалах хошигнохыг хослуулан бүгдийг хөгжөөв. Наран гурав дахь хундгыг дүүргээд
-Ахлах нябо Дорж ажлаасаа салж чадахгүй хэцүүхэн байсан гэсэн. Телевизийнхэн бид ч ялгаагүй ээ. Тийм болохоор одоо ажилдаа явцгаана. Дорж чи ичиж нэрэлхэх юмгүй идэж уугаад амарч байгаарай. Орой ажил тараад гурвуулаа хүрч ирнэ. Тэгээд наргин хөгжилдөж ярьж хөөрч сууцгаая. Хамгийн гол нь чиний шинэ шүлгийг сонсцгооё. Одоо Монгол ёсыг бодож гурав дахь хундгаа тулгая гэлээ.
Ингээд тэр гурав ажилдаа явж Дорж эзгүй айлд гав ганцаар үлдэв. Хийх юм олдохгүй байсан тул аяга дүүрэн архи өөртөө хийж дуустал хөнтрөөд орон дээр адар ширтэн хэвтээд элдвийг эргэцүүлэн бодолхийлэв. Өчигдөрхөн Сайншандын гудамжаар таваргаж Ерөнхий нябо бүдүүн шар авгайтайгаа сэврэй ногоон хуваалцаж явсан Доржийг өнөөдөр нийслэл хотын нэгэн шинэ хороололд ямбалж, янаглан тансархаж байна гэхэд хэн итгэх билээ хэмээн бодоход хөх инээд хүрэх шиг болж байв.
Наран бүсгүй бие хаа, нуруу туруу тэгш гоолигхон, царай зүсээр хэнд ч гологдохгүй үзэсгэлэнтэй агаад аль ч аавын хүүг номхруулан тогтоох дүрлэгэр алаг нүдэнд нь ухаалгын шинж тэмдэг нэвт гэрэлтээстэйг Дорж эрхгүй мэдэрсэн тул орой ирэхэд нь хэрхэн яаж угтах, хэнд юү гэж хэлэхээ цээжиндээ нягтлан ямар шүлгээ яаж уншихаа нүдээ аниад төсөөлөн бодож эхлэв. Ийнхүү хэсэг хэвтэснээ жигдхэнээр дуржгинатал хурхирч гарлаа.
Хаалга онгойн үүдэнд хүмүүс хөгжилдөн инээлдэхэд л сая нойроос сэрж нүдээ нухчсаар өндийн босч ирлээ. Базар, Нарангийн редакцийнхан бөөнөөрөө хүрч иржээ. Бүгдээрээ Доржийг танимхайрхан гар барьж шинэ шүлэг олонтой юу, ингээд манай редакцийн хүргэн болох байсан юмуу хэмээн инээлдэж баяр хөөр болцгоов. Наранг харвал ярьж хөдлөх, инээх нь хүртэл сэтгэл татах увидастай агаад Доржийн сэтгэл сэм сэмхэн сэвэлзэн дэгдэлзэж эхлэхэд он гарсаар гараас гаргаж цааснаа буулгасан тавь гаруй шүлгээ нэгд нэгэнгүй цээжээр уншиж бүгдийг алмайруулав. Найраг шүлгээ уншихдаа Доржийн хоолой хүчээ авч буй Зил –130 машин адил улам улам хүнгэнэн жигдэрч, монхордуу улаан хамар нь мотор адил үе үе сартагнан онгод хийморь нь асан асан бадраад үйл хөдлөлөө дагаад үс гэзэг нь намиран хийсч цоглог агаад хийморлог бадрангуй болгож байв.
-Аргагүй Данзанравжаагийн удам, сүнс сүр сүлд нь мөндөө хөөрхий гэж хэн нэг нь аярхан шивнэхэд дэргэдэх нөхөр нь
-Алтан говийн алтан найрагч шүү, манай Дорж ч гэж магтав.
-Говийн найрагч Хангайн найрагч болж байгаа шүү гэж Базар тэдэнд сануулав. Шүлгээ уншихын сацуу тэдний яриаг чих шүргэн сонсож амжсан Дорж
Би говийн ч найрагч
Хангайн ч найрагч
Хамаг монголын найрагч шүү гээд шүлгээ дуусгалаа. Нарангийн редакцийнхан нижигнэтэл алга ташин баяр хүргэв. Шог хошин төрлийн богино өгүүллэгээр нэрд гарч яваа Данзан гэгч залуу Дорж руу бахдангуй харж
Манжин улаан хамар нь хүртэл
Манай Доржид сайхан зохицсон байгаа юм шүү гэж явуулахад Дорж дорхон нь өлгөж аваад миний сайн нөхөр хэнд ч хэзээ ч заяагаагүй хоёр сайхан ногоон оюутай байж миний муу ганц шүрэн улаан хамарт юунд нь ингэтлээ дурлан шохоорхно вэ гэхэд хүмүүс элгээ хөштөл инээлдэн, инээд муутай зарим нь эвхэрч муужирч унахаа шахав. Данзан арван жилийн сургуульд байхаасаа мууран ногоон хэмээх хочтой явж иржээ.
Ухаалаг бүсгүй Наран инээдээ барьж ядавч ярианы сэдвийг бушуухан өөрчилж Доржийн шинэ шүлгээр нэвтрүүлэг бэлтгэх санал гаргалаа. Базар түүнийг хөхиүлэн дэмжиж зарим шүлгийг хөдөө хээр байгалийн дэвсгэр дээр авбал илүү хэмээн санал нэмэрлэв. Бусад нь энэ санааг сайшаан дэмжлээ.
Найр наадам хавтгайрч дуу хуур өрнөн нэг мэдэхэд оройн арав өнгөрч байв. Дорж, Наран хоёр бие биеийг түшин хүзүү толгойгоороо тэврэлдээд хэдэн жилийн өмнөх янагууд адил ойртон дотноссон байлаа. Данзан гэнэт санал гаргаж
-Дорж, Наран хоёртоо аз жаргал хүсэн ерөөе. Бид ер нь өнөөдөр яруу найргийн баярт биш, найз нарынхаа хуримд оролцож байгаа болж таарлаа. Энэ хоёрыгоо гэрлүүлж дэр нэгтгэн ёслол үйлдэе гэж уриалав.
-Тэр нээрээ үнэн байна. Тэгье, тэгье гэж бусад нь шуугилдацгаав. Дорж Наран руу харвал эрхлэн цээжинд нь толгойгоо наав.
-Горько, горько гэж хэн нэг нь хашгирахад бусад нь бас дагаж түрэв. Дорж яахав гэсэн харцаар Базар руу харвал тэрбээр ухасхийн босч ирээд
-Байз таминь. Юманд учир, суманд занги гэж бий. Бид ямар оросууд биш. Монголчууд монголчуудаараа үлдсэн нь дээр. Үнсэх үнгэлдэхэд хожигдоно гэж үгүй. Бэлэг дэмбэрэлээ бодож энэ хоёрынхоо гэрлэх ёслолыг маргааш өглөөний ургахын улаан нарнаар үйлдэе. Нар жаргаж шөнө орой болж байхад өнөөдөр дэмий. Харин одоо хос хоёроо амраая. Бүгдээрээ өглөө хүрч ирцгээе гэж санал гаргаснаар бүгд дуулгавартайгаар босоцгоож энэ өдрийн найр өндөрлөв.
Ингэж Дорж хотын хүргэн болов. Бал хоногууд харвасан сум шиг түргэн өнгөрч нэг мэдэхэд хотод ирээд хоёр сар өнгөрсөн байлаа. Өглөө Наран ажилдаа явж Дорж шүлэг бичиж гэрт үлдэнэ. Хөргөгч дүүрэн мах шөл, чихэр жимс, архи дарс. Наран Доржоор юу ч хийлгэхгүй, өөрөө бүхнийг гардана. Тэр тун ухаалаг төдийгүй туйлын ажилсаг бүсгүй байлаа. Юм юмыг нүд ирмэх зуурт амжуулна. Доржийг бордож тордоно гэдэг дэндүү. Өмсөх зүүхээр хүртэл өнгөлж гоёж гоодоод үе үе жүжиг кинонд авч явдаг байлаа. Үүнээс өөр Доржид гадгаш гарах шалтаг бараг гарсангүй. Нэг өдөр Наран ажилд явахдаа Доржид
-Миний өвгөн зав гаргаад буузны мах хөшиглөж байгаарай. Өнөө орой манайд миний оюутны найзууд ирнэ шүү гэж аминчлан захив.
Хүн амьтны бараа харалгүй бага зэрэг уйдаж эхлэж байсан Доржид энэ үг тун сайхан сонсогдов.
-Дэлгүүр хоршооноос авах юм байхгүй юү гэж лавлахад Наран түүний хошуун дээр шовхийтэл үнсээд
-Байхгүй ээ байхгүй. Бусдыг нь би бэлдчихсэн гэжээ.
-Танай ангийнхан чинь хэдэн хүн байдаг юм бэ? Татах махаа яаж тааруулах вэ гэж Дорж асуув.
-Таван хөөрхөн хүүхэн ирнээ. Чи харин нүд алдаж унавзай. Зарим нь чамайг харьяа гээд байгаа юм гээд Наран хөхрөв.
-Тавын таван хүүхэнд бол ганц бие хүрэлцэхгүй ээ. Ханилсан ханьтайгаа л хамт үлдэе гэж Дорж хэлэв.
-Тэр нь дээр байлгүй дээ гээд Наран хувцсаа өмсч ажил руугаа яарлаа.
-Тэр таван бүсгүй чинь юуг тохиолдуулж танайд цугларч байгаа юм бэ?. Ганц намайг л үзэх гэж арай ирэхгүй байлгүй дээ гэж Доржийг лавлахад Наран дүрлэгэр алаг нүдээ эргэлдүүлэн мишэлзсэнээ
-Авгайн чинь төрсөн өдөр болж байгааг чи мэдэж байна уу, үгүй юү. Танайд биш манайд ирж байгаа юм гэж түүнийг залруулаад үүдээ онгойлгов.
-Базарыг ч болохноо урихгүй юмуу. Тавын таван хүүхэнд тасчуулж дуусах байлгүй, би чинь гэж Доржийг араас нь хашгиран өгүүлэхэд Наран явуут дундаа
-Миний өвгөн өөрөө л мэд. Чамайг байхад надад өөр эр хүн хэрэггүй ээ гээд бараа нь далдарлаа.
Тавын таван бүсгүй. Дээр нь авгай. Арай ч дэндэх байлгүй. Базарыгаа хань болгож авнаа гэж Дорж шийдээд түүн рүү утасдаж
-Өвгөн чинь буузны мах татаж байна. Чи Наранд мэдэгдэлгүйгээр шил оргилуун дарс аваад ирээрэй. Өнөөдөр төрсөн өдөр нь юм байна. Хэд хүрч байгааг нь ч би мэдэхгүй юм. Орой ирэхээр асуухаас өөрөөс нь. Чи дарс мартавзай гэж аминчлан захиалав.
Ажлын дараа Нарантай хамт атар талын цэцэг шиг таван хөөрхөн хүүхэн хүрч ирлээ. Аль нь илүү үзэсгэлэнтэй юм бэ гэж Дорж сэм шохоорховч тэр нь тийм дутуу гэж өөлөх юм үнэндээ олсонгүй. Зан ааш атаархам эелдэг агаад өөр хоорондоо үе үе орос, англиар үг сольж гэв гэнэт болжморын сүрэг дэрхийн нисэлдэх адил гижиг хүргэм адтай чангаар инээлдэх ажээ. Базар хожигдосхийн хүрч ирэв. Долуулаа ширээ тойрч суугаад Нарангийн төрсөн өдрийг тэмдэглэлээ. Чимгээ, Дулмаа Урнаа, Уянгаа, Ариунгоо гэж Наран тэднийг танилцуулав. Хүүхнүүдийн хүсэлтээр Дорж шүлгээ уншиж, Базар балайдуу боловч инээдтэй онигоо ярьж хөгжөөлөө. Нэг ангийн зургаа орчин үеийн орос дуу дуулж, Ариунгоо гитар дарж байгаад барууны нэрд гарсан нэгэн хамтлагийн аяыг нэн чадмаг тоглож өөрөө бараг тэднээс дутах юмгүй англиар сэтгэл хөдөлтөл уянгалуулан дуулав.
Дараа нь хөнгөн хөгжмийн ая тавьж долуулаа бүжиглэлээ. Орчин үеийн олон сайхан бүжгийг онц чадамгай агаад хорхой хөдөлгөм сайхан бүжиглэцгээж байв. Энэ хотын хүүхнүүдийн хөл дэндүү шулуун, хаа гуя харц булаам гайхам гэж Дорж атаархан бодож байлаа. Бүтэн цаг бүжиглэхэд хэн нь ч ядарсангүй.
Дорж хайрын тухай шинэ бичсэн шүлгээ уншаад оргилуун дарсаа задалж авгайдаа баяр хүргэв. Хүүхнүүд хөөсрүүлсэн дарснаас шимэн ууцгаалаа. Нарангийн сэтгэл хөөрч улаа бутраад жаргалдаа багтаж ядан байв. Анд найз нарт нь Дорж таалагджээ. Хэн нэг нь вальсын ая тавихад Ариунгоо босч ирэн Доржийг бүжигт урилаа. Базар Наранг авч бүжиглэв.
Ариунгоогоос франц сүрчигний сайхан үнэр ханхийж байв. Хатуу дарсанд дотор халж зориг орсон Дорж түүний гарыг нуугитал чанга атгаад Дорноговийн клубт байгаа юм шиг салхи сэнсрүүлэн эргэлдвэл уургын морь шиг алдалгүй дагаж уран гоёор нуруу хотойлгон налж байлаа. Сайхан бүжиглэдэг дамшиг юм гэж Дорж бахархан бодов. Тэрбээр Чимгээ, Дулмаа, Урнаа, Уянгаатай бүгдтэй нь бүжиглэж үзлээ. Тэд ч дуртай нь аргагүй Доржтой өрсөлдөн бүжиглэж, Нараан чи нөхрийгөө биднээс харамлахгүй юм байгаа биз дээ хэмээн тоглоом шоглоом хийж байв. Яалаа гэждээ, яавал л яа гэж Наран улам явуулж хөгжил дээр хөгжил нэмнэ.
Наран нэг найзынхаа хамт гал тогооны өрөөнд оров. Ариунгоод англиар нэг юм хэлэв. Тэр толгой дохиод хоцорлоо. Дорж түүнийг бүжгэнд урьж
-Манай авгай та хоёр чинь ямар хэлээр юу яриад байна аа гэж сонирхоход
-Хүүхнүүдийн нууцаа гээд цаадах нь инээгээд өнгөрөв. Авгай эзгүйг ашиглаж Дорж түүнийг элгэндээ эвтэйхэн тэвэрвэл огт дургүйцсэнгүй, харин ч таалалтайяа наалдаж гарыг нь нуугитал тааламжтайгаар атгаж байв.
-Чи гэртээ утастай юу, надад өгөхгүй юмуу гэж Доржийг хэлэхэд чихэнд нь уруулаа наагаад таван тоог давтан шивнэв. Дорж мартахгүйгээр сайн гэгч нь тогтоож авлаа.
Нарангийн төрсөн өдөр сайхан болж найз нөхөд үүр цайтал дуулж бүжиглэв. Өглөө нь гэр гэрийн зүг явцгаалаа. Наран ч ажилдаа явав. Тэр юу ч болсон ажил таслахыг мэддэггүй бүсгүй байлаа. Энэ нь Доржид сайхан санагддаг байв.. Авгайнхаа төрсөн өдрийг найз бүсгүйчүүлтэй нь наргин хамтдаа тэмдэглэсэн Дорж бага зэрэг даварч гурван өдрийг улаан зээрд байдалтай өнгөрөөв. Наран түүнд юу ч хэлсэнгүй. Хорин тав дахь өдрийн өглөө
-Доржоо чиний царай цонхийгоод нэг л биш байна. Олон жил архи дарстай нөхөрлөсөн хүний ходоод гэдэс ямар сайн байв гэж. Элэг цөс чинь муудсан байлгүй. Чамайг аавд үзүүлж, эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлнээ гээд дагуулж явлаа. Түүний эцэг нь нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн нэрд гарсан эрдэмтэн профессор хүн байлаа. Хүргэнээ тэр өдөрт нь өрөө гаргаж ор засан хэвтүүлэв. Курс эмчилгээ хийнэ. Зүгээрээ гэж охиныгоо тайвшрууллаа.
Наран өглөө бүр цай зөөж, өдөрт халуун савтай хоол хийж авчирч Доржийг бөөцийлнө. Орой ажил тараад бас ирнэ. Баахан сууж өдрийн болсон инээдтэй ханиадтай зүйлийг ярьж хөөрөн Доржийг хөгжөөж байгаад орой болсон хойно гэр рүүгээ дургүйхэн явдаг байв. Түүнд Доржтойгоо хамт байх шиг жаргал байсангүй. Харин Доржид бол энэ нь улам улам яршиг түвэгтэй, уйтгартай болж байлаа. Долоо хоног эмчлүүлээд Доржийн зүс царай мэдэгдэхүйц өнгө орон сайжирч хүч тэнхээ нэмэгдэв. Эмнэлгээс гарах минь гэж бодогдох болжээ. Нэг орой тэсч чадалгүй Ариунгоо руу утасдав.
-Ярьдаггүй яачихсан хүн бэ. Эртүүдийн оройноос хойш би чамайг дандаа боддог болсон шүү гэж Ариунгоо ичиж нэрэлхэлгүй урдаас нь шулуухан түүнд хэлэв.
-Эмнэлэгт баригдаж хэвтээд үхэх гэж байхад юу ярихтай мантай билээ гэж Дорж тунирхав.
-Юу гэнээ, хаана хэвтэж байгаа юм бэ гэж Ариунгоо гайхав. Дорж эмнэлэг, тасгийнхаа дугаарыг хэлээд
-Ирвэл чи одоо л надтай ирж уулз. Наран дөнгөж сая эндээс явсан. Аав нь ч өдийд гэртээ хариа байлгүй гэлээ.
-Хоол унд хийлгүй яаж очих юм бэ гэж Ариунгоог учирлахад Дорж
-Энд хоол унднаас илүү юм алга. Архи дарс хүртэл байж л байна. Ариунгоо л алга байна гэж Дорж загатнасан газар нь маажив.
Ариунгоо хагас цагийн дараа тэдний өрөөнд сууж байлаа. Бүхэл бүтэн зууны турш уулзалдаагүй юм шиг ээнэгшин санагалзсан, эрхэлэлдэж наалдсан тэр хоёрыг хажуугаас нь харахад хаанахын хэн билээ гэж гайхахаас өөр аргагүй байв. Энэ өдрөөс хойш Доржийг эмнэлэгт хоёр хүн өдөр бүр ээлжлэн эргэдэг боллоо. Наран, Ариунгоо хоёрыг эмнэлгийн үүдэн дээр халз мөргөлдүүлэхгүйн тулд Дорж уран бэрийн нүүдэл нүүж зохицуулах болов. Мөр холбож бадаг тэрлэхдээ ч Дорж ийм нарийн ухаан зарж байсангүй.
Яг арван дөрвөн хоногийн дараа өглөө ажил эхлэхээс өмнө Наранг Доржийн өрөөнд хийцэлсэн гарын цай барьсаар хүрч ирэхэд тэр байсангүй. Ширээн дээр «Нараан намайг битгий хайгаарай. Дорж» гэсэн ганц өгүүлбэр бичиг үлдээгээд алга болсон байлаа. Наран нүдэндээ итгэхгүй хэсэг гөлрөн зогсов. Тэгснээ сандал дээр аяархан суугаад санчгаараа оролдон хэсэгхэнтээ бодолхийллээ. Уйлсангүй. Харин шүдээ чанга зуусан байлаа. Ийнхүү удтал дуугүй бодол болон сууснаа гэнэт хатгуулах адил цочисхийн бэлхүүсээ аяархан барилж үзээд нүүр дүүрэн инээмсэглэв. Тэгээд босч эмнэлгийн өрөөнөөс эргэж харалгүй гарч явлаа.
Наран Доржийг долоо хоног өдөр өнжилгүй эрэв. Хэнд ч энэ тухайгаа хэлсэнгүй. Гав ганцаараа хайлаа. Байж болох бүх газрыг нэгжиж, хэлж болох бүх хүнээс сэм сураглав. Эмнэлгээс эрт гэгч нь нэг хүүхний хамт гарч таксигаар явж одсоныг мөр болгож хайсаар үйлчилсэн жолоочийг олж уулзан хаана буусныг мэдэж аваад байдлыг гадарлаж аав, ээж хоёртоо дуулгав. Гав ганцаараа очихоосоо эмээжээ. Ариунгоогийнд аав, ээжтэйгээ хамт очив. Доржийг орноосоо ч босч амжаагүй байхад орж очжээ. Гэмт хүн гэлбэлзэж, дайрт морь далбилзана гэдгийн үлгэр болж Дорж Наран, түүний аав, ээжийн өөдөөс харж чадахгүй гөлөлзөж байлаа. Харин Ариунгоо Наран руу гэмшингүй хараад
-Уучлаарай найзаа, ийм нэг эвгүй юм болчихлоо. Би буруутай биш шүү гэв. Энэ үг Доржийг ухаан оруулж
-Тиймээ, энэ хүүхэн буруугүй. Би өөрөө энд хүрч ирсэн юм. Салья гэж салсангүй, салаа замын эрхээр л салчихлаа гээд орноосоо босч ирэв.
Наран юу ч хэлсэнгүй. Дүрлэгэр алаг нүднээсээ том том сувдан дусал унагаад Доржийг хүзүүдэн тэвэрч авав. Нарангийн аав түүнийг зэмлэнгүй ширтэж байв. Харин ээж нь
-За миний хоёр хүүхэд учир зүйгээ аятайхан ололц. Амьдралд аль эвгүй юм тохиолдохыг тэр гэх билээ. Дорж бол миний охины заяны хань нь мөн. Зам зуурт нь гай тотгор орчихлоо гэснээ Ариунгоо руу харж
-Чи л найзыгаа хорлочихлоо. Ингэж болдог юмуу хүүхээ гээд уухилан амьсгаадав.
-Би буруугүй гэдгээ хэлсэн шүү дээ. Хүргэнээ л та нар татаж авахгүй юу гээд Ариунгоо муухай царайлав.
-Сайн юманд саад мунддаггүй гэдэг л энэ дээ. За хүүхдүүд минь хэрүүл оруулаар юүхэв. Учир зүй, эв эеэ ололцоод эвтэй найртай явцгаая. Ариунгоо дүү минь чи ахиж ийм юм хийвүүзэй гээд ээж нь
-За миний хүү хувцсаа өмс. Гэр оронгүй юм шиг юү гэж айлд нуугдаж хэвтэх билээ, явья гэж Доржийг яаруулав.
Ингэнэ чинээ санаагүй байсан Дорж өөрийн мэдэлгүй өмд цамцаа өмсөж үг дуугүй дуулгавартай нь аргагүй хувцаслаад Нарангаар хөтлүүлж хадам аав, ээжийгээ даган гарав. Ариунгоо хар, цагаан дуугүй тэдний араас ширтсээр хоцорлоо. Аав, ээж хоёр нь Доржийг гэрт нь авчраад ахин олон ч юм үглэсэнгүй Нарантай үлдээгээд буцав. Наран харин анх удаа удтал мэгшин уйлав. Доржид байж суухад маш хэцүү байв. Аргадаж тайтгаруулж авчирсанд орвол алаад хаячихгүй яаваа. Газар дээр нь хэмх нүдчихгүй яасан юм бэ. Эр хүнд тэр нь дээр гэж Дорж тэчьяадан бодож байв.
Дорж, Наран хоёр гурван хоног бие биендээ нэг ч үг хэлсэнгүй. Хэлэх ч юм үнэндээ Доржид байсангүй. Наранд бол зөндөө юм байсан ч цээжээ дэлгэн нээж бас чадсангүй. Дорж гурван өдөр, гурван шөнө өнгөрсөн мөрөө эргэж харан бодолхийлэв. Сайхан айлын сайхан бүсгүйгээр тоглож байгаадаа харамсаж байлаа. Наранд тэр муу байсангүй. Тэгэвч Ариунгоогоо бас мартаж чадахгүй байлаа. Тэднийд ахиад очмоор санагдаж байв. Энэ бүгдийгээ эргэцүүлж бодоод Дорж нутагтаа буцья гэж сэтгэл шулуудав. Энд удаад нэмэргүй. Хоёр сайхан хүүхний хооронд холхиж гүйгээд хичнээхэн хугацааг ч барах юм билээ гэж тэрбээр гашуудан бодов. Цаснаар хот орж ирсэн тэрбээр навч ногоо дэлгэрч зун болж байхад Улаанбаатараас Сайншандыг зорин хөдлөв. Аав ээжтэйгээ уулзалдаж, ах дүүтэйгээ зөвлөлдөөд дараагийн ажлаа бодьё. Албан үүрэгт ажлаа ч хүлээлгэж өгөөгүй хаяж гарсан билээ би гэж Наранд учирлан хэлжээ. Энэ нь хөөрхий бүсгүйд ахиж би ийшээ ирэхгүй гэсэнтэй адилхан сонсогдож байлаа. Тэрээр уртаар санаа алдаад галт тэрэгний буудал даар гар даллан үлдэв. Базар түүнийг гаргалцаж өгөхөөсөө татгалзаж байна гэж утсаар хэлжээ. Ихэд уурлан хэлэнэсний илэрхий шинж тэмдэг нь энэ байлаа. Гэвч Дорж энэ бүхэнд гомдсонгүй. Гомдох ч эрх түүнд байхгүй юм. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь өөрөө байлаа.
Сайншандын галт тэрэгний буудал дээр буугаад Дорж урамгүйхэн гэр рүүгээ алхлаа. Гэрийнхэндээ ч нэг их юм ярьсангүй, орон дээрээ гутлаа ч тайлалгүй хэвтээд тааз ширтэн гиюүрэв. Доржийн занг андахгүй тул гэрийнхэн нь ч түүнээс юм асууж шалгаасангүй. Долоо хоног гиюүрч хэвтээд босоод ирнэ гэдгийг тэд мэдэж байлаа. Дорж нутгийн сониныг ч сурагласангүй. Ажил төрлөө ч асуусангүй. Гурав хоног ажил тасалсан хүнийг өчиггүй халдаг дүрэм байхад гурван сар гаруй хугацаагаар хаяж алга болсон хүнийг яаж ч өршөөх билээ. Хариуцлагад татаж сэргийлэхэд шилжүүлэхгүй бол гавьяа тэр хэмээн Дорж сэтгэж байлаа.
Ийнхүү элдвийг эргэцүүлэн бодож хэвттэл хаалга сэвсхийн онгойж нутгийн анд Дондог салхи татуулан орж ирэв. Доржийг галт тэрэгний буудлаас гэр рүүгээ харьж явна гэж сонсоод учиргүй яаран уулзах гэж ирсэн нь энэ ажээ. Сайншандын нохой нь хүртэл түүнийг андахгүй мэддэг байлаа.
-За завхай минь сайн явж ирэв үү. Өрөнд уначихсан хужаа шиг уруу царайлаад чи чинь яачихаав. Босноо хө, цаана чинь ажил төрөл хэцүүдлээ гээд Дондог түүнийг гараас нь угз татан босгов. Дорж муухан инээхчээн аядаад
-Юун ажил төрөл билээ, намайг аль хэдийнэ халаад хаячихсан байлгүй гээд түүн рүү асуунгүй харав.
-Гадаа гарч яринаа, энд биш. Алив бушуул гэж Дондог түүнийг яарууллаа.
Лав нэг юм болж, эдэнд миний хэрэг гарч гэж гадарласан Дорж уриалагхан нь аргагүй хувцаслаад түүнийг дагаж гарав. Зуны халуун нар талын мандалд нэгэнт далдарч шингэн харуй бүрий орчныг нөмрөн аваад сэрүү орж байлаа.
-Газрын гав руу шингэж далдарсан юм шиг чи чинь хаашаа алга болчихов оо? Хэзээ ирэх нь вэ гэж шувуунаас асуух л дутаж байлаа. Ядаж ганц удаа утас цохичиход яадаг хүн бэ, юу болов оо гэж Дондог гомдоллов.
-Яасныг ярих гэвэл Саран хөхөөн тууж хайлахтай адил юм болноо. Хоног өдөр нисэн өнгөрснийг мэдсэнгүй. Нэг л мэдэхэд бараг дөрвөн сар болчихож. Нийслэлийн хүүхнүүдийн урхинд нэг орвол мултарч гарах гэдэг ёстой хэцүү байдаг юм байна. Би тулдаа л амь мэнд ирлээ гэж Дорж учирлав.
-За яамай, харин ч цагаа олж ирж. Цаана чинь Анагаахын дээдийг төгсгөж манай аймагт хувиарлагдсан гурван сайхан гунхалзсан хүүхэн арван жилийн сургуулийн дотуур байранд долоо хонож байна. Хэлтэй бүхний хэл, нүдтэй бүхний нүдэнд өртөөд ёстой хэцүүдэж байна. Хүн хүнээс харамлаад Самдан бид хоёр хүч хүрэхээ болилоо. Чамайг хурдхан ирээсэй гэж Бурханд залбирах нь холгүй байлаа. Одоо тийшээ очьё. Сургуулийн үүдэнд Самдан хүлээж байгаа гэж Дондог учирлав.
Гиюүрэн уйтгарлаж хэвтсэн Доржид Дондогийн энэ шинэ мэдээ сэтгэл сэргээх таатай зүйл байлаа. Үг дуугүй зөвшөөрч Дондогийн хамт дотуур байрын зүг түргэн түргэн алхлав. Самдан тэднийг үүдэнд хүлээж байжээ. Тор дүүрэн талх, хиам, ундаа, шар айраг, таван шил архи авч бэлтгэл хангасан байлаа. Өнөө оройны уулзалтад мөнгө хайрлаагүй нь үүнээс харагдаж байв. Дондог тэднийг дотогш дагуулан оров. Байрны жижүүр авгайтай аль хэдийнэ дотно танил болжээ.
-Бид нар өнөө орой мөрийтэй хөзөр тоглоно. Хүн битгий оруулаарай гэж жижүүрт хэлээд бүтэн талх, кг чихрийн хамт бэлэглэж урамшуулав. Учрыг нь гадарласан жижүүр авгай
-Санаа зоволтгүй ээ. Би та нар руу нохой ч гишгүүлэхгүй гэж амаллаа.
Айдаггүйгээ авдартаа хийж авсан Дондог хоёр нөхрөө дагуулж хүүхнүүдийн өрөө рүү зоригтойгоор явж орлоо.
-Бүсгүйчүүл сайн байцгаана уу? Бүжгэнд явчихаагүй сууцгааж байна уу гэж Дондог хөгжилтэйгээр асуув. Давхраатсан алаг нүдтэй хөөрхөн бүсгүй уншиж байсан номоо тавиад түүн рүү эргэн харж
-Бүжиглэх гэж танай аймагт ирсэн гэж бодож байна уу хэмээн намжирдлаа. Зэргэлдээх орон дээр сууж байсан зэгзгэр өндөр хүүхэн босч ирээд Дондог, Самдан хоёртой гар барьж мэндлээд Доржийг гайхангүйгээр харав. Дондог түүнд дотносгоор
-Намжилмаа миний найзтай танилц. Яруу найрагч Дорж. Өнөөх миний яриад байдаг найз маань шүү дээ.Улаанбаатараас дөнгөж өнөөдөр ирсэн гэж түүнийг танилцууллаа
Бурмаа хэмээх гурав дахь бүсгүй Дорж руу талархалтайгаар харав. Тэдэн дотроо арай царай муутай нь тэр байлаа. Давхраатай алаг нүдтэйг нь Гэрэлмаа гэх агаад Доржийн сэтгэлд бусдаас илүүтэйгээр таалагдав.
Хүүхнүүд тэр дороо ширээ сандал засч нутгийн залуусыг урьж суулгав. Самдан авчирсан идээ будаагаа ширээн дээр тавьж, Дондог уран хошин юмс ярин хүүхнүүдийг хөгжилдүүлж, Дорж түүнд нь ташуур өргөн нэмэрлэж тэр дорхноо л ойр дотно танилцаж амжив.
Хүүхнүүдийн хүсэлтээр Дорж шүлэг уншлаа. Бүгдэд таашаагдаж ахин дахин уншуулав.
-Дорноговийн нэр төрийг мандуулж яваа хүн дээ. Догшин хутагт Равжаагийн амилсан хойт дүр байгаа юм гэж Дондог түүнийг ам мэдэн магтав.
Бүгдээрээ Доржийн уран бүтээлийн шинэ өндөр амжилтын төлөө хундага өргөцгөөлөө. Ойр ойрхон хэдэнтээ татаж улаан зээрд болсон Дорж хүүхнүүд рүү нүд талимааруулан харснаа
-Бүсгүйчүүдээ, та гурвын дотор миний заяаны хань байх шиг санагдлаа. Би өнөөдөр нохой гурав харагдтал архидана. Тэгээд та гурвын хэн нэгний орон дээр очиж ойчно. Тэр бүсгүй миний авгай болно гэж залахад хүүхнүүд гижигдүүлсэн юм шиг инээлдэж бие биесээ харж байв. Дорж дотроо бол давхраатай алаг нүдтэй хөөрхөн төрсөн Гэрэлмаагийн орон дээр очиж унана даа гэж бодож байлаа.
Дондог Намжилмаатай найрч, царай муут Самданд оногдож буй нь тодорхой болж байлаа. Дорж хэлсэн амандаа хүрч нохой гурав харагдтал архидав. Тэгээд ойчжээ. Өглөөгүүр үүр цайж байхад сая ухаан орж өндийгээд
-Хөөш таминь би хэний орон дээр хэвтэж байна вэ гэж хашгиран асуувал хүүхнүүд жиг жуг инээлдэн, Намжилмааг өвөртөлж амжсан Дондог нүцгэн цээжээ ил гаргаж өндийнгөө
-За Дорж минь чи хэлсэн амандаа хүрэх болж дээ. Чамаас болоод Самдан бүтэн шөнөжингөө ганцаардан хүлээж байна. Наадах чинь Бурмаагийн ор. Одоо чи очиж авгайгаа орондоо авчирч унт гэж тушаав. Өвөртөлж унтсан хоёр бүсгүй хөнжлөөрөө толгойгоо бүтээгээд жиг жуг хөхрөлдөв. Самдан нүдээ нухалсаар босч ирлээ.
-Би хэлсэн амандаа хүрнээ. Алив Бурмаа босоод ир гээд Дорж гуйвлан дайвлан хүрч очоод түүнийг бугуйдан татаж шууд босгон тэвэрч орондоо чирч гулдран оруулав. Гэдийн цахадсан Бурмаа аргагүйдэж аясыг нь дагалаа. Хамгийн ихээр баярлаж хөөрсөн Самданд хөөрхөн Гэрэлмаа хүчээр оногдов.
Ингэж Дорж хэтрүүлж балгасныхаа шанг хүртэж Бурмаатай дэр нийлүүлэв. Тэр царай муутай ч хөнжил дотроо урамтай хүүхэн байлаа
Түүнд нь Дорж салам татагдаж нэг мэдэхэд нээрэн үнэнээсээ ханилан суухаар сэтгэл шулуудсан байлаа. Бурмаа Улаанбаатарын унаган хүүхэд тул аав ээж, ах дүү нь бүгд хотод аж. Зунжингаа хамт байж янагшин дотноссон Дорж, Бурмаа хоёр намар оройн нэгэн өдөр нийслэл орж аав ээждээ золгохоор зорив.
Дорж Базарт цахилгаан илгээж авааль гэргийтэйгээ хамт аав ээжтэй нь танилцахаар очиж байгаа тул угтаж ав гэж мэдээлэв. Дорж, Бурмаа хоёрыг ганц чемоданаа дундаа барьсаар вокзал дээр буухад бүтэн автобус хөлсөлж айл нүүлгэн ачаа зөөхөөр бэлтгэсэн дуулгаварт нөхөр Базар нь хоёр нөхрийн хамт хөл газарт хүрэхгүй хүндэтгэж угтлаа.
Бурмаагийн аав ээжийнх Амгаланд хашаанд хоёр гэрээр намаржиж байв. Дөнгөж сургууль төгсөөд Дорноговьд хуваарилагдаж очсон том охиныгоо бушуухан эргүүлж хот авчрахаар арга чаргаа баран хөөцөлдөж байсан аав ээж нь аймагтаа багтахгүй архичинтай сууж гэнээ гэж дуулаад үгээ барж үйлээ эдлэж суусан тул тэр хоёрыг хүйтэн хөндийвтөр угтав. Энэнд нь Дорж юм бодсон ч үгүй. Базартаа хэлж автобусаа хашаанд оруулаад бүгдээрээ дотор нь сууж дуулж хуурдан өдөржин шөнөжин найрлав. Алийн болгон хүргэнээ ад үзэхэв гээд аав ээж нь ч тайвширчээ. Бурмаа жил өнжилгүй жирэмсэлж таван жил өнгөрөхөд Доржийнх гурван хөөрхөн банди, хоёр муухай охинтой өнөр өтгөн айл болсон байлаа. Бурмаагийн гурван дүү бүгд тусдаа өрх тусгаарлан гарчээ. Хааяа хүргэнтэйгээ аяга тагш юм хувааж уугаад халж хөөрөх үедээ хадам аав нь манай Дорж шиг гүндүүгүй сайхан хүргэн хаана ч байхгүй. Миний муу охин азтай хүн гэж хүргэнээ магтдаг болжээ.
Бурмаатай суугаад Дорж зөвхөн олон шар хүүхэдтэй болоод зогссонгүй хотод суурьшсанаар уран бүтээл дээрээ улам цэцэглэж хоёр жил тутамд нэг нимгэн шүлгийн түүвэр хэвлүүлдэг болов. Судлагч, шүүмжлэгчид Доржийн шүлэг найргийг янз бүрээр задалж шинжин яруу найрагт шинэ уур амьсгал шинэчлэл авчирсан хосгүй ховорхон яруу найрагчийн нэг гэж санал нэгтэй дүгнэх болжээ. Дөчин насны босгон дээр төр, засаг түүнд Төрийн шагналаа хүртээж авьяас бэлгийг нь үнэлэн баталгаажуулав.
Бурмаа нөхрөө бүх талаар тордож тулж түших агаад шүлэгч хүнд эрх чөлөө хэрэгтэй. Найз нөхөдтэйгөө наргиж цэнгэж яв. Аятайхан бүсгүй тааралдвал нүдэнд нь өртөж бай. Өртөхөө боливол үхэж дуусч байна гэж бод гэж хэлдэг хачин сонин бүсгүй байв. Хардаж сэрдэнэ гэж ер үгүй. Үүнд нь Дорж үнэнхүү баярлах бөгөөд нас ахих тутам улам янагшин хайрлах бөлгөө.
Ажил төрөл хийгээд янз бүрийн шалтгаанаар Нарантай үе үе тааралдахдаа Дорж өөрийгөө энэ хүүхний амьдралыг үрсэн өгөр толгойдоо би хэмээн өөрийгөө үггүй зэмлэж зүхдэг байв. Харин Наран юү ч үл хэлнэ. Аймшигтай нь тэр хүүхэн ахиж нөхөрт гарсангүй. Нэг хүнтэй сууж үзсэн боловч тэр нь бас бүтэлгүйтэж салсан гэх бөгөөд өөрийг нь яг хуулбарласан хоёр охиндоо зүрх сэтгэлээ бүрэн зориулах болжээ. Наран өндөр боловсролтой, ухаалаг хүүхэн мөн тул үр хүүхэддээ боловсрол, хэлний мэдлэг олгоход юугаа ч харамласангүй. Хоёр охин нь унаган орос хэлтэйн зэрэгцээ анлиар чөлөөтэй ярьж ойлгодог болсон байна. Ялангуяа том охин нь хэлний ховорхон авьяастай бас шүлэг бичих дуртай гэж Дорж дуулсан билээ.
Гучин ном хэвлүүлсэн Дорж наадмын маргааш өдөр ганц нэг бороо дусганасан бүрхэгдүү орой тавин насныхаа уран бүтээлийн тайланг Дуурийн театрт дуулиантайхан тэмдэглэж уншигчиддаа нэг оройжин шүлэг найргийнхаа дээжээс уншиж цэнгүүлэв. Үзэг нэгт яруу найрагчид үгийн гялалзсан содон авьяастнууд Доржийн бүтээлд өөрсдийн үнэлгээг хэлж хөгжмийн зохиолчид, дуучид бүтээл туурвилаас нь өргөн толилуулав. Үзэсгэлэнтэй хөөрхөн бүсгүйчүүл, олон тооны охид хөвгүүд түүнд амьд цэцгийн баглаа барьж хүндэтгэлээ илэрхийлэв. Тайлан концертыг эрхлэн зохион байгуулагч Базар Доржтой сэмхэн үгсэж залуу зандан насандаа найзлаж нөхөрлөж явсан бүх хүүхнүүдийг орхилгүй урьж оролцуулсан нь яруу найрагчийн хувьд амьд алтан дуртгал болон уушги огшоон амьсгаа давхцуулж зүрх дэлсүүлжээ. Гагцхүү үүнийг ганц Базар ба түүнээс өөр хэн ч мэдэхгүй байв.
Танхимын гол дунд Бурмааг хүүхдүүдтэй нь хамт суулгаж Наранг жаахан цаад талд нь хүндтэй байрлалд урьж сэтгэл зүрхнийхээ хүндэтгэлийг илэрхийлэхээ мартсангүй. Бас бус хүмүүсийг байр байранд нь урьж залж суулгажээ. Тайлан концерт гайхалтай сайхан болж бүх хүнийг баярлуулав.
Үсэнд нь мөнгөн сор суусан Дорж хорин тавтын жавхаагаар мишэлзэн гэрэлтэж одтой сайхан, онгодтой хийморлиг харагдаж байлаа. Тэрбээр сэтгэл үнэнхүү бургилан хөдөлжээ. Түүнийг тайзнаа ахин гарч ирэхэд алга ташилт аадар бороо шиг нижигнэн угтав. Дорж үзэгчдийн зүг мэхийн ёслоод
-Та нартайгаа хамт бүтэн гурван цаг яруу найргийн ертөнцөөр хэрэн хэсүүчилсэн энэ оройг би хэзээ ч мартахгүй. Миний амьдралд тохиолдсон хамгийн дурсгалт аз жаргалтай мөч болж үлдэнэ.
Би өнөөдөр гучин жилийнхээ хөдөлмөрийн тайланг тавьж гучин номынхоо шүлгийн дээжээс уншин сонсгож та нартаа өргөн барилаа. Миний шүлгээс баяр жаргал гуниг бухимдал, амжилт бүтээл алдаа оноо аль аль нь мэдрэгдсэн байх гэж найдаж байна. Шүлэг найргийн минь амьд баатар болсон та нартаа баярлалаа. Та нар хэрэв байхгүй байсан бол яруу найрагч Доржийн шүлэг найраг төрж мэндлэхгүй байсан юм. Үүний чинь төлөө үнэн сэтгэлээсээ баярлан талархаж байна. Шүлгийнхээ мөр бадаг нэг бүрт би хайртай. Энэ бол Дорж та нартаа арав хорь, гучин жилийн өмнө ямар хайртай байсан яг тэр чигээрээ үлдэж байна гэсэн үг.
Би өнөө оройг хүртэл Монгол дахь хамгийн олон номтой яруу найрагч гэдгээ сайн мэддэг байлаа. Өнөөдөр ахиад нэг зүйлийг сайтар ухаарч авав. Өнөөдөр Дорж хамгийн олон номтой төдийгүй хамгийн олон хүүхэдтэй яруу найрагч юм байна гэдгийг ойлголоо. Үүнийг өнөөдөр би дэндүү сайн мэдэрлээ гээд мэхийн ёслов. Танхимд алга ташилт ахин нижигнэлээ. Хүмүүс хөгжилдөж, хүүхнүүд хөхрөлдөцгөөж, хүүхдүүд бужигналдаж байв. Тайлан тоглолт эхлэх үед гадаа дусагнан байсан намрын сарын хожимдсон бороо хүч аван ширүүсэж шаагин бууснаа газрын ангасан хөрс нэвчин ханахыг мэдрэх адил аажуусан намиатаад шиврэн шиврэн зүсрэв.
Польш, Татрын уул. 2004 оны 1 дүгээр сар

Т.Баасансүрэн /Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч/

No comments: