Friday, March 14, 2008

Д. НАЦАГДОРЖИЙН БОЛОН Ч.ЛОДОЙДАМБЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛТ ЗОХИОЛЧ,СУДЛАГЧ, ШҮҮМЖЛЭГЧ БАЖУУДАЙН ГАНБАТ ТАНАА

Идэр залуу насандаа ижилдэн дасч нөхөрлөөд үсний үзүүрт мөнгөн сор суутлаа үерхэн найзлаж яваа анд сайн нөхөр чинийхээ амар амгаланг айлтган мэндчилье.
«Монголын сонгодог зохиолч Чадраабалын Лодойдамба: Амьдрал, уран бүтээл» хэмээх судлалын чинь бүтээлийг өнөөдөр уншиж дуусгаад энэхүү захидлыг бичиж сууна. Уг нь чи энэ бүтээлээ 1998 оны 6 дугаар сарын 11-ний билэгтэй сайн өдөр «Дотнын найз, зохиолч, сэтгүүлч Т.Баасансүрэндээ уран бүтээлийн их амжилт хүсэн өчүүхэн бүтээлээ өргөмүү» гэсэн үг бичиж дурсгажээ. Өчүүхэн биш харин хамгаас том бүтээлээ дурсгасныг чинь муу нөхөр чинь яг таван жил өнгөрсний дараа ясанд шингэтэл ухаарч салхи оруулан сөхөж үзэж бүрэн эхээр нь уншиж суугаа нь энэ. Сайн ч уншлаа. Сайхан ч бүтээл болжээ гэдэгт улам итгэлээ.
Сүүлийн хэдэн өдөр овоо зав гарч үргэлжлүүлэн уншсаар өнөөдөр дуусгаад мартаагүй дээрээ санаж бодсоноо цаасан дээр товч боловч сийрүүлэн буулгах гэж үзэг, цаас шүүрэн авсан билээ.
Монголын утга зохиолд үнэхээрийн томоохон байр суурь эзлэх Чадраабалын Лодойдамба гэдэг хүний уран бүтээлийг тал бүрээс нь иж бүрэн цогцолбороор авч үзэж үнэн зөв, үнэтэй агаад сургамжтай үнэлэлт дүгнэлт өгч шинжилж үзсэнд Бажуудайн Ганбат хэмээх судлаачийн эл бүтээлийн үнэ цэнэ оршино гэж бодож байна. Монголд хэн нэгэн зохиолчийн бүх уран бүтээлийг ийнхүү нэгд нэгэнгүйгээр нухацтай судлаж үзсэн нь /Дашдоржийн Нацагдорж зэрэг цөөн хүнийг эс тооцвол/ бараг үгүй бизээ. Тэр тусмаа Ч.Лодойдамба гуайн өгүүллэг, тууж, роман, жүжиг, судлал шүүмжлэлийн бүтээлийг далайцтайгаар дагнаж судласан нь чамаас өөр байхгүй. Академич Х. Сампилдэндэвийн хэдэн жилийн өмнөөс удирдан гаргаж эхлэсэн «XX зууны монголын зохиолчид» цуврал энэ чиглэлд харин шинэ зам нээх болов уу гэж найдаж байна.
Урлаг, соёл, утга зохиолын зүтгэлтнүүдийн бүтээлийг ингэж бүрэн бүтнээр нь авч үзэж гүйцэд судлахын ач холбогдол, давуу талыг ухааруулан хэлж өгч байгаагаараа энэхүү судалгааны бүтээл анхаарлыг гойд татаж байна. Тэгж авч үзэхдээ амьдрал, уран бүтээл хоёрыг нягт холбож үзсэн нь оновчтой гарц, зөв шийдэл болжээ хэмээн үнэлэлтэй. Ч.Лодойдамба ахайтан амьдралыг гайхалтай гярхай ажиглагч, түүнийг ургуулан бодож дүрслэн үзүүлэхдээ гарамгай нэгэн байсан ажгуу. Уран дүрийн үнэнхүү чадварлаг мастер байжээ.
Судлалд Цогтын Чадраабал гуайн тухай хамгийн дэлгэрэнгүй материалыг оруулж, түүний эхнэр Л. Цэрэнханд гуайн тухай өгүүлж, их зохиолчийн ах Ч. Сэнгэдорж, дүү Ч. Цэндсүрэн, Ч.Шийтэр нарын тухай, эхнэр хүүхдүүд болоод ойр дотнынх нь хүмүүсийн тухай ч марталгүйгээр сонирхуулан хүүрнэсэн нь Ч.Лодойдамба гуайн хожмын зохиол бүтээлийг гүйцэд ойлгоход нэн чухал хэрэглэгдэхүүн болж байна. Дээр дурьдсан хүмүүсийн нэр ус ч зохиолчийн нэг бус бүтээлд бараг тэр чигээрээ бэлээхнээ байж байгаа нь сонин. Зохиогчийн бүтээлийг гүйцэд ойлгож ухааруулахын тулд эх ундаргыг нь ийнхүү « онгичиж» үзсэн нь бусад судлаачдад тун сургамжтай санагдана. Харамсалтай нь үүнд өдий хүртэл төдийлэн ач холбогдол өгөлгүй явж иржээ.
Аль ч зохиолчийн бүтээлд амьдрал, туршлага нь ямар нэг байдлаар шингэж нөлөөлсөн байдаг бизээ. Миний «Алтай» тууж бол гэнэн цайлган, гэгээхэн бага насны маань дурсгалт он жилүүдийн үнэн бодит үйл явдал дээр үндэслэгдсэн юмдаг. Мэдээж уран дүр дүрслэл, торгомсог зохиомж үлэмж нэмэгдсэн нь машид ойлгомжтой.
Энэхүү бодит хүчин зүйлийг судлалдаа сайтраар харгалзан үзэж Ч.Лодойдамба гуайн өөрийнх нь амьдрал, намтрыг тусгайлан бүлэг болгож авч үзсэн нь нэн сайшаалтай. Уншигчийн өмнүүр хөвгүүн Лодойдамба, залуу Лодойдамба, зохиолч Лодойдамба, Монголын нэрт нийгмийн зүтгэлтэн, сайд Лодойдамба, түүний энх тайвны төлөөх эрхэм үйлсэд оруулсан хувь нэмэр-тэр бүхэн бүгдээрээ дэлгэцнээ үзүүлж буй кино зураг мэт жирэлзэн өнгөрч байна. Өөрөөр хэлбэл амьд Лодойдамбын хөрөг цогцлон бүтэж байна. Энэ тун сайхан.
Эндээс зохиолч Лодойдамбын зан чанар, хүсэл эрмэлзэл, хүн чанар, үзэл бодол, үнэн ба худалд хандах хандлага, өргөн дэлгэр мэдлэг зэрэг нь тодрон харагдах ажээ. Чухам үүнийг мэдэж авах нь түүний зохиол бүтээлийн зарим оньсыг тайлж унших түлхүүр болж байнам бишүү? Бурхан болоход нь хэвлэлд нийтлэгдсэн эмгэнэлийн бичгийг хүртэл орхилгүй оруулсан нь маш зүйтэй юм. Амьдралын гэрэлт агшинг мөнхөлсөн гэрэл зургуудыг хавсаргасан нь ч бас чимжээ. Ямарваа зүйлд жижиг сажиг зүйл гэж байдаггүйг номын зохиогч гүнзгий ойлгосон нь үүнээс харагдаж байна.
За ингээд номын бүлэг тус бүрийн дэс дараагаар санаж бодсоноо товч өгүүлье. Чиний энэхүү сайхан бүтээлийг уншиж дуусмагц үзэг, цаас шүүрэн авсан гэдгээ дээр хэлсэн боловч дундуур нь өөр ажил, өдөр тутмын аар саархан зүйлс хутгалдан орж ирээд санаа бодлыг саармагжуулсан болохыг анхаарна уу. Зай зав гармагц л захиагаа үргэлжлүүлэн бичиж байна. Тийм болохоор эмх цэгцгүй болсон байж болзошгүйг бодолцоно буй заа.
Зохиолчийн өгүүллэгүүдийг тусгайлан бүлэг болгож шинжилсэн нь эрхгүй анхаарал татлаа. «Малгайтай чоно», «Мялзангийн цагаан өвгөн», «Солонго» «Хугараагүй ноён нуруу», «Шаргачин», «Чулуун» зэрэг өгүүллэг нэг бүрийг шинжлэн судлаж, бусдыг нь багцлан үнэлэлт дүгнэлт өгчээ. Тэр бүгдээс «Солонго», «Хугараагүй ноён нуруу» зэрэг өгүүллэгт хийсэн шинжилгээ илүү гүнзгий болсон санагдлаа. Уйлж байж бичсэн нь мэдрэгдэж байна. «Солонго» өгүүллэгийг анхны дурлалын тухай уянгат дуулал мөн, «Хугараагүй ноён нуруу» нь тавиад онд гарснаар монголын утга зохиолын өгүүллэгийн төрлийн хөгжилтэд эргэлт гаргасан томоохон алхам болж, уран бүтээлчдийг урагш нь уриалан дуудаж, уншигч олны оюуны шимт хөрсөнд бодол ухаарлын зөөлөн хур болон шиврэн шиврэн буусан байна гэх зэргээр уянгалаг агаад хөгжимлөгөөр үнэлж дүгнэсэн нь сэтгэлд маш нийлэмжтэй санагдав.
Зохиогч «Солонго» өгүүллэгийн Сүрэнгийн эх дүрд төрсөн дүү Ч.Цэндсүрэнгээ шингээжээ. Доржийн дүрд ч мөн адил олон олон хүний зан чанар, өнгөлөг өөдлөг зүйлийг багтаасан байж таарна.
Ганбатаа, чи санаж байгаа даа. 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр академич, анагаах ухааны шинжлэх ухааны доктор Б.Дэмбэрэл гэдэг хүн ажиллаж байж билээ. ЭХЯ-ны сайд хүртэл дэвшиж ажиллаж байгаад хэлмэгдүүлэлтэд өртөж Дарханд нутаг заагдаж очсон хүн. Тэнд олон жил ажилласан. Тэгээд сайн цагийн эхээр УИХ-ын гишүүн болж Байнгын хорооны даргаар хүртэл сонгогдсон. Аюулт өвчний учир 1996 онд өөд болсон юмдаг. УИХ-ын чуулганы хамгийн сүүлчийн хуралдаанд Б.Дэмбэрэл гуай шүд зууж байгаад бүтэн өдөр сууж өнгөрүүлж билээ. Тэр хүний тухай би өмнө нь «Хугараагүй ноён нуруу» гэсэн гарчигтай ярилцлага бичиж нийтлүүлсэн юм. Лодойдамба гуайн бүтээсэн «Хугараагүй ноён нуруу» өгүүллэгийн Дорж л нэг иймэрхүү хүн байсан болов уу гэж бодон бодон бичсэн билээ.
Андуураагүйгээ УИХ-ын 1996 оны сүүлчийн чуулганы хуралдааны тэр өдөр Б.Дэмбэрэл гишүүнийг хараад улам ч илүү мэдрэх шиг санагдаж байсан шүү. Ийм хатуужил, тэсвэртэй ханхар сайхан монгол эрчүүдийн нуруун дээр Монголын нийгэм тогтож ирсэн байх. Тийм хүмүүсийг олж хараад, тэдний нэгдмэл дүрийг урлан бүтээж чадсанаараа манай Лодойдамба гуай аварга амьтан юмаа.
Ч.Лодойдамба гуайн өгүүллэгүүдийг нэгтгэж дүнэсэн 9 зүйл үнэлэлт дүгнэлттэй ерөнхийдээ санал нийлж байна. Биэг дэмбэрэл хийгээд ерөөлийг бас бодолцон үзэж 9 зүйлт дүнэлт хийсэн юм болов уу гэж бодлоо. Зарим нэгийг нэгтгэж болох байсан мэт. Жишээ нь хоёр ба дөрвийг ч юм уу. Гэхдээ энэ нь өөлөх шалтаг болохгүй.
Харин «Бусад өгүүллэг» гэсэн жижиг гарчиг бүхий 9 дэх хэсэг буюу үлдсэн 14 өгүүллэгийн талаарх шинжлэл санааанд төдийлэн хүрсэнгүй. Нэгбүрчлэн шинжилсэн бол илүү дээр байж. Магадгүй магтах бус шүүмжлэх юм ч олдох байсан болов уу. Ерөнхийдөө Ч.Лодойдамба гуайн гараас гарсан өгүүллэг бүр сайхан гэсэн ерөнхий нэг улаан шугам чамд бага зэрэг саад болсон ч байж мэдэх юм. Тэгэхдээ заавал шүүмжлэх ч бас албагүй л дээ. Яагаад ч юм бэ энэхүү өгүүллэгүүдийн төгсгөл хэсгийн шинжлэл баахан албадлагын шинжтэй болсон ч юм шиг санагдав. Би буруу бодож байж болно.
«Сэтгэл эзэмдэж шинэчлэл авчирсан тууж» хэмээх I бүлэг чамбай сайн болжээ. Энд Ч.Лодойдамба ба түүнийг судлагч Б.Ганбат нарын хооронд нэг логик холбоо байх шиг бодогдов. Ч.Лодойдамба агсан сургууль, хүүхдүүдийн амьдралыг хэтэрхий сайн мэддэг хүн байжээ. Тэрхүү мэдлэгээ дүрүүдээр дамжуулж сайхан ч буулгасан байна. Түүнийг судлагч чи бээр бас сургууль, хүүхдүүдийн амьдралаас тасархай биш бололтой. Хэдийгээр үзүүлж байгаа үйл явдал цаг хугацаа, орон зайн хувьд хол боловч нэг нь шимтэн бичсэн , нөгөө нь шимтэн уншсан аль аль нь мэдрэгдээд байна. Мэддэг зүйлээ бичих, мэддэг зүйлээ шинжлэн үзэх илүү ойр дотно байдаг бололтой.
Оршлын оронд, Туужийн агуулгыг өгүүлэх ялдамд, Зөрчил тэмцлийг үзүүлж дүрийг урласан нь, Төгсгөлийн оронд дүгнэлт хэмээн задлаж шинжлээд «Манай сургуулийнхан» тууж зохиогчийн уран чадварын өсөлтийн нэг хэмжүүр болсон, тавиад оны тууж бичлэгийн үнэхээр том ололт байсан гэсэн нь үнэмшилтэй сонсогдож байна.
Ч.Лодойдамба гуайн өгүүллэгүүд болоод туужийг шинжлэн судлахдаа бусад судлаач, шүүмжлэгч нарын үнэлэлт дүгнэлтийг харьцуулан ажиглалт хийж нэгтгэн зангидсан нь судалгааны итгүүлэн үнэмшүүлэх чадварыг улам дээшлүүлж өгч байгааг бас тэмдэглэж хэлэх нь зүйтэй болов уу.
«Хэвшмэл байдалд тушигдаагүй жүжгүүд» хэмээх номын III бүлэг Ч.Лодойдамба гуайг таньж мэдэх, ухаарч ойлгоход илүү жинтэй хувь нэмэр оруулж байна. Ч.Лодойдамба гуай жүжгийн зохиолын онол, практикийн асуудлаар эрдмийн цол хамгаалж, жүжиг кино эрхэлсэн яамыг удирдалцан гол судсыг барилцаж, жүжгийн сайхан зохиолуудыг бүтээн туурвиж байсан болохоор энэ их чухал юм. Түүний жүжгүүдийг өөр шиг чинь ингэж даацтай судласан хүн хэд байдгийг би мэдэхгүй юм. Монголын утга зохиолд жүжиг, киног дагнан судалж ирсэн хүмүүс хэд хэд бий боловч Ч.Лодойдамба гуайн жүжгүүдээр ингэж илүү, дутуугүй үнэн үг хэлсэн нь бараг үгүй л болов уу. Магадгүй би олж уншаагүй байж бас болно.
«Итгэж болно», «Сэтгэлийг шинэтгэсэн нь» зэрэг жүжгийн утга агуулга, дүр дүрслэлд хийсэн шинжлэл сайн болжээ. Жүжгүүдийн нэрээр бус утга агуулгаар нь «Инээдэм гэдэг гүүрээр дамжин түмний сэтгэлд хүрсэн нь», «Сэтгэлийг шинжилсэн нь» гэх зэргээр гарчигласан нь оножээ.
Монголын жүжгийн зохиолын сэдвийг орчин үе рүү эргүүлэхэд Ч.Лодойдамба үнэтэй хувь нэмэр оруулж, нийгмийн амьдрал, хүмүүсийн харилцаа, ёс суртахууны хурц асуудлуудыг дэвшүүлэн тавьж ойлгуулж мэдрүүлэх, ухааруулах талаараа гойд болж, манай жүжгийн зохиолын хөгжилтэд хүчтэй түлхэц үзүүлэн гүн ухааны өнгө аяс оруулж тухайн үеийн жүжгийн зохиолын хэвшмэл байдлаас ангид чөлөөтэй, түүнийг эвдэлж бичигдсэн байна гэж дүгнэсэн нь шинэ үг болсон болов уу.
Зохиогчийн зарим жүжгийг өнөөгийн түвшингээс харвал шүүмжлэх, өөлөх юм байгаа нь мэдээж. Жишээ нь « Өөрийн замаар» жүжигт дэвшүүлсэн санааг буруутган шүүмжилж бүрэн болно. Бүр зуун наян градус эргүүлж харж болно. Тэгвэл шүүмж, судлалын өнгө аяс ч үндсээрээ өөрчлөгдөж таарна. Эдүгээчилж үзэж болохгүйн хамаг учир үүнд орших болов уу. Уг судлалын төгсгөлд «Тэмдэглэх нь» гэсэн цөөн өгүүлбэр нэмж өгсөн нь яг миний энэ асуултад хариулт өглөө. Олон хүн ингэж асууна. Ирээдүйн судлагч шүүмжлэгчид ч ингэж хандаж Ч.Лодойдамба гуайн бүтээлийг өөр өнцгөөс авч үзэж болзошгүйг үгүйсгэх аргагүй.
Ер нь аливаа үзэгдэл юмсыг гүйцэд ойлгоно гэж хэзээ ч байдаггүй бололтой. Тийм боломж ч үгүй юм. Өнөөдөр социализм мухардалд орж бараг бүрэн задарч сарнисан нь маргашгүй үнэн. Тэгэхдээ энэ нь нигүүлсэнгүй, энэрэнгүй нийгмийн байгууллыг буй болгох гэж оролдсон хүн төрлөхтний нэг хэсэг ухаантай хүмүүсийн оролдлого, тэмүүлэл байсан гэдгийг мартаж бас боломгүй. Ерөөсөө утопи социализмын өнгөрсөн замнал нь бүхэлдээ ийм юм. Түүнийг хэрхэн яаж гажуудуулж төөрөгдүүлсэн нь онцгой судлагдахуун шаардсан шал ондоо яриа. Швед, Швецари, Норвеги,Дани юмуу аль эсвэл ХБНГУ дахь социал демократуудын ойлгож мөрөөдөж байгаа, заримд нь туршиж хэрэгжүүлж үзэж байгаа «социализм», социал-демократ үзэл гэхэд хүн төрлөхтний хувьд өнөөдөр сонирхол татсан хэвээрээ л байгаа шүү дээ. Манай олон олон залуус ХБНГУ-д үнэ төлбөргүй их, дээд сургуульд элсэх гэж тэмүүлцгээж байгаа нь нэг л зүйлийг хэлээд, хүсээд байгаа хэрэг. Хүнд сурталтай, эрх чөлөө хаагдмал ч хятадын, онцлоготой социализмд авах зүйл бас байж мэднэ.
Үзэл бодол олон ургальч, хэв загвар нь янз бүр байдаг бололтой. Хүний оюун ухаан санаанд багтамгүйд хүрч байгааг бодолцох юм бол амьдрал улам ч сонирхолтой болж байна. Бид ер нь өөрсдөө юу гээчийн үр дүн болохыг хэн ч хэлж чадахгүй биз. Маркс, Энгельсийн «хоцрогдсон» сургаалаар сармагчнаас хөдөлмөр хийсний үр дүнд үүсэн буй болсон байлтай. Тэгтэл тэр үгүй шүү. Бурхан хүнийг буй болгосон юм, дээд тэнгэрт аугаа их далд хүчин бий гэсэн үзэл бодол өнөөдөр улам бүр гүн тархаж байна. Тэр үүднээс авч үзэж хандах юм бол Л.Түдэв гуайн «Оройгүй сүм», Ч.Лодойдамба агсны «Тунгалаг тамир»романууд, тухайлбал анги Эрэнчингийн дүрийг үнэлж цэгнэх хандлагад,өөрөөр хэлбэл шашинд хандах үзэл бодол маань үндсээрээ өөрчлөгдөж таарна. Мал, амьтныг нэгэнт хувилчхаад хүнийг хүртэл хувилахад дөхөж очсон өнөө үед / бүр хувилчихсан ч гэж ярьж бичиж буй/ нэг талаас юунд ч толгой эргэхэд амархан болсон мэт, нөгөө талаас юунд ч итгэж боломгүй мэт болжээ.
Саяхан би хэсэг эрдэмтний шинэ нээлтийн тухай товч мэдээ олж уншлаа. Түүнээс үзвэл манай нар шиг одууд нь дэлхий дээрх бүх элсэн ширхгийн тоотой тэнцэхүйц тийм тоо тоймгүй олон байна гэнэ. Нар 9 дагуултай гээд бодохоор манай гариг дээрх бүх элсэн ширхэг шиг тэр олон оддыг тойрсон дагуул гаригууд мөн олон байж таарнаа даа. Тэдгээрийн дотор цэнхэр нүдэн Дэлхий шиг маань ухаант материйг өөртөө агуулсан нь хэд бол гэж бодогдмоор. Эдгээр одот ертөнцийг хэн яаж бүтээсэн нь гайхмаар. Эсвэл энэ бүхэн эмх замбараагүй хаос болж байна уу. «Хар нүх» ба «Цагаан нүх»-ийн онол өнөөдөр улам бүр үнэнд ойртож байх шиг байна. Тэгэхээр амьдралд утга агуулга гэдэг юм ер нь байна уу, үгүй юү. Бурхан багшийн хоосон чанарын сургаал ч нэг юм бодогдуулдаг биш билүү. Тэр бүхнийг хүмүүн гэдэг ухаант амьтан тайлж хэзээ ч чадахгүй, аягүйдвал наана нь өөрөө өөрийгөө сүйтгэж орхином бишүү гэж бодоход эрхгүй харамсмаар санагдах үе ч бий.
Ийм дэмий балай юм донгослоо гэж анд нөхөр маань битгий бодоорой. Энэ бүхнийг нуршсаны учир гэвэл мөнх зүйл гэж хаана ч үгүй, мөнхөд орших үзэл санаа ч гэж алга гэдгийг л хэлэх гэсэн хэрэг юм. Тийм болохоор өнөөдрийн та бидний байгуулж буй нийгэм, тэрхүү нийгэмд ноёрхож байгаа үзэл санаанууд, тухайлбал урлаг, утга зохиолд үйлчилж буй «измүүд» бүгд худал, харьцангүй гүехэн ойлголтууд байж таарна. Өнөөдрийн үнэн маргааш худал, өнөөдрийн худал маргааш үнэн болж өөрчлөгдөн хувьсаж байх жишээтэй ажээ.Тэгэхдээ бүгдээрээ харьцангүй ойлголт, харьцангүй үнэн гэнэ. Туйлын үнэн гэж хэзээ ч, хаана ч байдаггүй гэдгийг л бид үе үехэн, ялангуяа уран бүтээл туурвихдаа санаж явууштай бололтой.
«Монголын шинэ утга зохиолын анхны роман» хэмээх гарчигтай IV бүлэг маш чамбай болсныг зориуд тэмдэглэе. Энэ нь зөвхөн «Алтайд» романы талаарх судалгаа төдийхнөөр ач холбогдол нь хязгаарлагдахгүй болов уу. Монголын шинэ үеийн утга зохиолын шүүмж судлал дахь тууж ба романы талаарх маргаанд зохиогч зоригтой биечлэн оролцож «Алтайд» романыг монголын шинэ утга зохиолын анхны роман мөн гэж батласанд ач холбогдол нь давхар оршиж байна. Үүнийгээ баталгаажуулахын тулд гадаад, дотоодын олон судлаачдын үнэлэлт дүгнэлт, ажиглалтыг иш татжээ. Тэгэхдээ монголын уламжлалт утга зохиолд урьд нь роман гэсэн төрөл зүйл байсныг зохиогч бас үгүйсгэсэнгүй. Шинэ утга зохиолын анхдагч алтан хараацай нь «Алтайд» роман юм. Билэгт хүн Ч.Лодойдамба түүнийг туурвиснаар монголын орчин үеийн уран зохиолд роман хэмээх туульсын төрлийг анх үүсгэн хөгжүүлжээ гэдгийг л цохон тэмдэглэсэн байна. Тийм болохоор зохиогчтой маргах хүн нэг их олон гарахгүй болов уу.
Энэ дашрамд нэг зүйлийн талаар санал бодлоо хуваалцахыг хүсч байна. Монгол Улс, монголчуудын түүхэн дэх шинэ Монгол Улсын түүх, соёлыг онцгойлж авч үзмээр санагддаг. Монголчууд хэмээх үндэстнийг хүн төрөлхтний сонорт аугаа их эзэн Чингис мартагдашгүйгээр хадааж үлдээсэн нь яах аргагүй бодит үнэн боловчиг монголчууд зөвхөн тусгаар тогтнолын төдийгүй оюун санааны хувьд сэргэн мандсан нь яалт ч үгүй XX зуун бололтой. Энэ утгаар нь авч үзэх юм бол Дамдины Сүхбаатарыг Чингис хаантантай зүйрлэж болшгүй нь нэн их ойлгомжтой ч сөнөж мөхөж үгүй болоход тулж очсон ард түмнээ аварч бусад улс орон, хүн төрлөхтний хөгжлийн голдьрол руу чирч гулдарч чангааж чадсанаараа мартаж болдог юмаа гэхэд харааж яавч болохгүй бие хүн мөн бололтой. Яг энэ утгаар нь би Дашдоржийн Нацагдоржийг манай монголын шинэ утга зохиолыг үндэслэгч гэдэгт бат нут итгэдэг байлаа. Олон ч жилийн турш ингэж үзсээр ирсэн шүү дээ. Гэвч нарийвчилж авч үзвэл бас жижиг сажиг ч гэсэн «эргэлзэж» болохуйц зүйл байдаг бололтой юм.
Намайг Намын Төв хороонд Соёлын тасгийн эрхлэгчээр дөнгөж ажиллаж эхлээд байх үед манай зааварлагч Н.Жанцанноров, Н.Марияш нар «Саруул дэнжийн ногоо» хэмээх кино зохиолын эхийг авчирч үзүүлэв. Өөрсдөө уншаад саналаа дээр нь бичжээ. Үүнийг яах юм бэ гэж асуусан чинь та уншиж саналаа хэлэх ёстой. Төв хорооны нарийн бичгийн дарга Г.Адъяа бүх кино зохиолыг уншиж саналаа өгч байхыг даалгасан юм гэлээ. Миний бие машид гайхсан боловч нэгэнт намын Төв Хорооны эрхэлсэн нарийн бичгийн дарга даалгаж буй бол биелүүлэхээс өөр гарцгүй болж эх зохиолыг уншив. Сайхан зохиол байв. Гагцхүү нэг зүйл сонин санагдав. Их зохиолч Д.Нацагдорж монгол авгайтайгаа уг зохиолын эхнээс аваад эцсийг хүртэл гарч байх юм. Бидний үеийнхэн болохоор Нина гэдэг орос авгайтай байсан л гэж дуулснаас цаашгүй шүү дээ. Пагамдулам гэдэг эмэгтэйтэй ямар харилцаатай байсныг нь мэдэх биш. Би бага зэрэг гайхаад Д.Намдаг гуайгаас асууя гэж бодлоо. Орой гэрт нь очив. Хоёрдугаар дөчин мянгатад, урт цагааны өмнөхөн талын нэг байрны нэгдүгээр давхарт тэднийх байсан. Эл зохиолын талаар яриад сонирхсон зүйлээ асуулаа. Д.Намдаг гуай ч их шохоорхож байна. Тэгээд хуучиллаа. Хэрхэн яаж ярьж байсан нь одоо ч нүдэнд харагдах шиг болж байна.
«За хө энэ бол ийм учиртай юмаа. Тэр үед Германд сурч байсан бидний хэсэг монгол залуусын дотор О.Намнандорж хэмээх нуруу туруу тэгш, царай зүс өнгөлөг гоёмсог гоолиг эр байлаа. Тэр Монголд ирэхдээ нэг үзэсгэлэнт орос эмийг эхнэр болгож авчрав. Тэгсэн чинь санаанд оромгүй хэрэг мандах нь тэр. Тэр хоёр хүүхэд гаргах болж авгай нь хөл хүндтэй болжээ. Намнандорж ч магнай хагартлаа баярлаа биз. Хоёр гурван сар өнгөрсний дараа нэг өдөр гэртээ иртэл авгай нь алга байж. Эрж сурж байж арайхийн олбол өнөөх хүүхдээ эр нөхрийн зөвшөөрөлгүйгээр аборт хийлгээд авахуулчихсан байж гэнэ. Пайе пүүе, ямар нүгэлтэй юм бэ, энээ тэрээ л болоо биз. Тэр үед эхийн хэвлийд буй болсон үр хөндүүлнэ гэдэг монгол хүний сэтгэлд багтах зүйл биш. О.Намнандорж энэ явдлыг жигшээд орос авгайгаа хаячихсан хэрэг.
Тэрэнтэй нь манай Нацагдорж ханилан суугаад Ананда Шийраа охин гарсан түүхтэй. Нина бол яах аргагүй Д.Нацагдоржийн авааль гэргий мөн. Сүүлд Д.Нацагдорж бид нэг шоронд хүртэл хамт сууж байлаа. Модон байшингийн доод хонгилд Нацагдорж байсан. Тэнд арай хүнд хэрэгтэй хүмүүсийг хорьжээ. Намайг хонгилд оруулаагүй байшингийн нэгдүгээр давхарт байлгасан. Бодвол хүнд хэрэгтний дансанд хараахан оруулаагүй хэрэг.
Яг тэр үеэр Октябрийн хувьсгалаас зугтаж Монголд орж ирж орогносон хаант оросын харъяат нар, зарим буриадыг нутагт нь эргүүлж татах кампанит ажил өрнөсөн юмсанжээ. Тэдгээр хоморголон баривчлагдсан хүмүүсийн дотор яагаад ч юм бэ Нацагдоржийн авгай Нина орж охинтойгоо нутаг буцсан юм шүү. Яг болсон үнэн түүх нь энэ. Нацагдоржийн тухай зохиолоор кино хийж байгаа бол үнэн мөнийг үнэнээр тусгасан нь дээр» хэмээн ярьж өгч билээ.
Би ч Намдаг гуайд талархсанаа илэрхийлээд дээрх кино зохиолд өгөх өөрийн санал дээр /өнөөх Жанцанноров, Марияш нарын бичсэн/ Монголын утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдорж орос авгайтай байсан гэнэ. Энэ киноны 2 дугаар анги дээр тэр тухай нь гарах юм байх гэж ойлголоо. Үнэн түүхийг гуйвуулж болохгүй шүү дээ гэсэн утгатай зүйл бичээд эзэнд нь буцааж өгч билээ.
Тэрнээс болж би хэдэн жилийн дараа «Хуудас цаас» нэртэй нийтлэлээр ямар их хэл аманд орсныг чи мэднэ шүү дээ. Дашдооров бид хоёр хонь, чоно болохоо шахсан. Гэвч сүүлдээ учраа ойлголцсон. Гэтэл тэр бүхний цаана чухам юу нуугдаж байсан гэж санана? Бүр өөр зүйл, хожим сонсвол орос, монгол авгайдаа гол нь биш харин монголын шинэ уран зохиолыг үндэслэгч нь Дашдоржийн Нацагдорж биш, харин Буяннэмэх юм гэсэн санаа л гол гогцоо нь байсан юм билээ. Тэгж батлах үндэслэл ч бас олдохгүй биш олдож мэдмээр санагдсан шүү. Юм их нарийн байдаг бололтой.
Дашдооровын хувьд унаган нутгийнхаа их бичгийн хүнийг өргөн мандуулах гэсэн хүсэл эрмэлзэл байлгүй яахав. Үүнийг буруутгах аргагүй. Өнөөдөр ч ийм санал бодолтой, түүнийгээ ил тод хэлдэг хүмүүс нэг бус бий. Ингэхлээр тухайн салбарын аль нэг төрөл зүйлд /жанрт/ анхалж мөрөө гаргасан хүнийг үндэслэгч гэж нэрлэх юмуу, эсвэл ерөөсөө уран бүтээлийнх нь цар хүрээ, далайцаар, тухайлбал урлаг, соёл, утга зохиолыг эхлүүлж хөгжүүлэхэд түлхэц үзүүлж мэдэгдэхүйц хувь нэмэр оруулан нөлөө үзүүлснээр шалгуур болгох нь зүйтэй юмуу гэдгийг бодох л ёстой санагдана. Их маргаантай асуудлын нэг бололтой догоо.
Ингэж хэлэхдээ миний бие Ч.Лодойдамба агсан монголын шинэ уран зохиолд роман хэмээх төрөл зүйлийг үүсгэн буй болгогч гэсэн чиний дүгнэлттэй санал нийлэхгүй байгаадаа хэлж буй хэрэг биш гэдгийг хэлүүлэлтгүй ойлгож буй гэдэгт итгэнэм. «Алтайд» бол сайхан ч роман, монголын шинэ уран зохиолын хувьд сайн ч эхлэл байсан гэдэгтэй санал нийлж байна.
Ч.Лодойдамба гуай өөрөө болохоор дутуудуулсан, Дондогийн Цэвэгмидийн зөвлөлгөөг сонсоогүй гэж биеэ буруутгаж байжээ. Юутай сайхан чанар билээ. Нээрээ засч янзалбал ч бас юм байсан байж мэднэ.
«Алтайд» роман бол шинэ монголын уран зохиолд шинэ төрлийн жимийг гаргаад зогсоогүй шинэ үеийн Монголын залуусыг эрдэм мэдлэгт уриалан дуудсан, үзэл санааныхаа нөлөөн дор нэг биш үеийнхнийг соронздон татаж өөдрөг бадрангуй тэмүүллээр хүмүүжүүлсэн ач гавъяатай зохиол юм шүү гэдгийг нэмж хэлье.
Сурагч ахуй насандаа миний шимтэж уншсан зохиол тэр билээ. «Алтайд» романыг уншаад хайгуулч болохоор хүсэмжилж байснаа мартаагүй байна. Сүүлд би энэ тухайгаа «Пионерийн үнэн» сонинд ч бичиж байсан удаатай.
«Тунгалаг тамир» романы уран сайхны туршлагын зарим асуудлаар «Ард түмний үнэлсэн роман» хэмээн гарчиглаж бичсэн V бүлгийн талаар надад хэлэх зүйл нэг бол маш их, нөгөөтэйгүүр маш бага байна. Учир нь «Тунгалаг тамир романы тэмдэглэл» номын чинь талаар олон жилийн өмнө би нилээд дэлгэрэнгүй захидлыг Москвагаас бичиж байсан удаатай. Тэрхүү үнэт судлал тэр чигээрээ «Ард түмний үнэлсэн роман» бүлгийн үндэс суурь, дэвсгэр болж өгсөн нь шууд мэдрэгдэж байгаа болохоор надад нэг талаар харьцангуй хөнгөн, Варшаваас нэмж бичих ажлаас нилээд хэмжээгээр хөнгөлж өгч байна.
Тэгэвч эл шинэ номдоо урьдын судалгаагаа улам билүүдэн өнгөлж, шинэ шинэ зүйлсээр баяжуулан лавшруулж гүнзгийрүүлэн бясалгаж оруулсныг эрх биш тэмдэглэх нь шударга болох буйзаа. «Тунгалаг тамир» романыг XX зууны монголын утга зохиолын манлай роман, гол туурвил болсон гэсэн шинэ том дүгнэлт хийгээд түүнийгээ Б.Рэнчингийн «Үүрийн туяа», Д.Намдагийн «Цаг төрийн үймээн» хэмээх шилдэг романуудын цар хүрээ, уран дүрүүдтэй нь харьцуулан жишиж судлаж батласан нь амттай агаад атаархам таатай болжээ. Эндээс «Тунгалаг тамир романы тухай тэмдэглэл» номыг бичиж байсан үеийн онгод хийморь нь бадарсан идэр залуу үеийн чинь дүр төрх бус, харин «Монголын нэрт зохиолч Чадраабалын Лодойдамбын амьдрал, уран бүтээл» гэсэн нэг сэдэвт зохиолыг улайран сууж бичсэн, үсэнд нь сор сууж, нүдэнд нь ухаарал тунарсан эрдэмтэн Бажуудайн Ганбат дурайтал тодрон харагдаж байна. Уянга халил нь хасагдасхийж ухаарал бодрол нь нэмэгдэсхийсэн нь ч илэрхий мэдрэгдэж байна. Тэгэхээс ч өөр аргагүй бизээ.
«Тунгалаг тамир» нь XX зууны монголын орчин үеийн уран зохиолын романы төрлийн оргил болсон гол туурвил, монголын нийгмийн 1914-1932 оны амьдралыг харуулсан туульсын роман, жинхэнэ монгол зохиол, үзэгдэл болсон уран бүтээл, нийт ард түмний хүртээл болж чадсан сонгодог роман, 50-60-аад онд монгол роман төлөвшин тогтоход чухал үүрэг гүйцэтгэж монголын уран зохиолд сургууль, туршлага болж үлдсэн бүтээл гэх зэргээр уншихад урамс сэргэсэн сайхан үнэлэлт дүгнэлт хийсэн явдалд чин зүрхнээсээ баяр хүргэж байна. Хүний бүтээлийг ингэж бүр нэг үнэлсэн шиг үнэлж цэгнэж байх хэрэгтэй юм даа. Бид ер нь магтахдаа их харам байж магадгүй. Бас бие биесээ сайн мэддэг атлаа бүтээлийг нь түүн шигээ ойлгож чадаж байгаа билүү, үгүй билүү гэж бодогдох үе ч байх л юм. Үнэндээ уншихаасаа уншаагүй нь их шүү дээ. Гэтэл «дааган дор морь, даахин дор эр» байж л байдаг.
Ц. Хасбаатар гуай надад нэг удаа бидний үеийнхэн өөрсдийн /шүүмжлэгч судлаачдаа хэлж байна/ үүргээ гүйцэтгэсээн. Б.Явуухуланг, С.Эрдэнийг гаргаж ирсэн. Та нарыг танай үеийн шүүмжлэгч, судлаачид-тэр Х.Сампилдэндэв, Б.Ганбат, Д.Өлзийбаяр өөр хэн байдаг билээ, тэд л гаргаж тавих ёстой. Шүүмж, судлалгүйгээр нэг ч зохиолч, яруу найрагч алдаршдаггүй юм. Шүүмжлүүлэх нь хүртэл «магтаал» болдог гэж билээ. Одоо бодоход нээрээ л үнэн ажээ. Гэтэл та бид Д.Цоодолыгоо, дэлдэн Бадарчийгаа, Тоомойн Очирхүүгээ, Банхар Пүрэвсүрэнгээ... хэр сайн судлаж алдаршуулсан билээ дээ. Гүйцээж чадсан уу, үгүй юү?
Чадраабалын Лодойдамбыг сайн зохиолч гэдгийг бараг бүгдээрээ мэднэ. Гэтэл «Тунгалаг тамир» романаа чилийсэн 13 жил, 3 сар чөмгөөн дундартал сууж байж туурвисныг нь хэн мэддэг билээ. Наад захын энэхүү үнэнийг шүүмжлэгч, судлаач л хэлж өгч байна шүү дээ.
Ухаарал төрүүлсэн «Тунгалаг тамир»-ыг уншихад олон олон юм бодогдох юм. Жишээ нь би чиний судлалын номоос нэг зүйлийг олж ухаарах шиг санагдав. «Нэгэн гайхамшигт өгүүллэгийн тухай»хэмээх судлалын өгүүллээ Ч.Лодойдамба гуай 1964 онд бичжээ. Түүндээ Лодон гэвшийг эмгэнэлт дүр гэж батласан байна. Үнэндээ ч тийм биз. «Тунгалаг тамир» романаа 1967 онд дуусгасан байна. Уг романд цухасхан дүрсэлсэн ч мартагдашгүй тод томруун дүрийн нэг болж чадсан анги Эрэнчин нь хэдийгээр бодит хүнээс эх үүсэлтэй, энэ тухай номонд баримттай гарч байгаа ч яагаад ч юм бэ надад зохиогч Д.Нацагдоржийн «Ламбугайн нулимс» өгүүллэгийг ахин дахин уншиж Лодон ламын эмгэнэлт дүрийг хэрхэн бүтээснийг гайхан бахдан бишрэхдээ түүнээс дутуугүй сонин дүр бүтээе, тэр нь жинхэнэ эмгэнэлт дүр байх юм гэж бодсон юм биш байгаадаа гэж бодогдох юм. Үнэндээ тийм юм огт байгаагүй ч байж болно л доо.
Гэлээ ч би Ч.Лодойдамба гуайг үнэхээрийн бүтээлч, гайхалтай хөдөлмөрч, туйлын авъяаслаг бас ихээхэн хор шартай, тэгэхдээ тэр нь бусдад гэм хоргүй хүн байжээ гэж боддог. Тэр их бичгийн хүн М.Шолоховын «Дөлгөөн Дон»-ыг уншаад монгол хүн, монголын зохиолч ийм бүтээл туурвиж яагаад чадахгүй байх билээ. Үзээд алддаг хэрэг гэж бодсон байх. Түүний «Хүний хувь заяа» өгүүллэгийг уншаад монгол ахуй, монгол хөрсөнд үүнийг буулгаж суулгаад ургуулбал яах бол гэсэн бодол эрхгүй төрсөн болов уу л гэж санагддаг шүү. Санах бодох, хүсэх мөрөөдөх нэг хэрэг. Түүнийгээ хэрэгжүүлж чадна гэдэг аугаа их, хосгүй том авьяас билгийн илэрхийлэл юм. Энэ бол хуулж хуулбарлаж буй хэрэг огтхон ч биш. Харин жинхэнэ цэрэг эр маршал болохыг мөрөөддөгтэй, тэгж мөрөөдөж чадахгүй бол муу цэрэг байдаг гэсэнтэй л адилхан юм. Жишээ нь би Балжирын Догмидыг ардын дууны ганц мөрөөс л жигтэйхэн сайхан санаа олж аваад түүнийгээ гайхамшигтай уянгалаг гэгэлгэн өгүүллэг болгон хувиргаж бичиж чаддаг хосгүй авъяас, газарт булаастай боловч үзүүр нь ил тод цухуйсан шижир алт гэж боддог билээ. Түүнийх нь төлөө Б.Догмидыг хүмүүс хүндэтгэнэ үү гэхээс биш хэн ч зэмлэх эрхгүй биз дээ?
Энэ бүхнийг нуршин өгүүлдгийн учир гэвэл манай Ч.Лодойдамба гуай чинь М.Шолоховын зиндааны зохиолч, Д.Нацагдоржийн хэмжээний уран бүтээлч биш юм уу? Бэгзийн Явуухуланг бид дорнын их яруу найрагч хэмээн өргөмжилдөг шигээ Ч.Лодойдамба, Д.Намдаг. Б.Рэнчин зэрэг алдартнуудаа Ази тив дэх сод бичгийн хүмүүс, дэлхийн сонгодгуудын хэмжээнд зохиол бүтээлээ туурвисан уран бүтээлчид гэж ичиж нэрэлхэлгүйгээр хэлж ярьж, бичиж байвал ер нь яасан юм бэ гэж хэлэх гэснийх. Өнөө үеийн зарим яруу найрагч залуус нэг зүйлээр биднээс хол тасархай түрүүлж явна. Арван шүлэг биччихээд, түүнээсээ ганц хоёрыг нь шар сонинд хэвлүүлчхээд л өөрсдийгөө «нэрт яруу найрагч», «давтагдашгүй авъяаслаг зохиолч», яруу найргийн ертөнцөд «нээлт хийгчид» гэж монгол даяар цоллон шуугих болжээ. Сэтгүүлчид хүртэл тэднээс дутахгүй байна. Монголын сэтгүүлчдийн байгууллага олон улсын сэтгүүлчдийн холбооны гишүүн мөн гэснийг илэрхийлж буй батлах «худалдаж»/ам доллар төлж үнэмлэх авдаг/ авмагц л өөрийгөө «Олон улсын сэтгүүлч» болчихсон гэж өргөмжлөн, сонин хэвлэлд хүртэл ахин дахин бичих юм. Энэ бол маш гүехэн мэдлэг, боловсролтойн шинж бөгөөд өмнөөс нь нүүр улайх шиг болдог билээ. Би энэ тухай МСНЭ-ийн хүндэт ерөнхийлөгч Ц.Дашдондов нийтлэлчид хэлж байсан. Талийгаач Батмөнх сонинд өөрийгөө тэгж «рекламдахад» нь болиоч, ингэх нь эвгүй гэж өөрт нь хэлж байсан.
Олон улсын сэтгүүлч хэмээх мэргэжлийг ихэд нэрд гарсан их, дээд сургуульд 4-5 жил суралцаж хэд хэдэн гадаад хэл сурч, түүнийгээ гүйцэд эзэмшиж бичиж туурвиж чаддаг болсны дараа Улсын шалгалтын комиссын шийдвэрээр олгодог. ЗХУ-ын Төрийн шагнал хүртэж дэлхийд нэр алдар нь түгсэн В. Песков зэрэг сэтгүүлчийг хааяа нэгхэн олон улсын хэмжээний сэтгүүлч хүн гэж нэрлэх нь бий. Шар сонинд сулхан гарсан сувс шиг ганц хоёр шүлэг, үнэн худал нь мэдэгдэхгүй хов жив хольж хутгаж бичигчдийг хэн нэрт яруу найрагч, онгод хийморь нь оргилсон овоо сайн сэтгүүлч, тэр дундаа олон улсын сэтгүүлч гэж өргөмжлөх билээ дээ.Тэгэхдээ би бүх залуусыг ингэж ойлгохгүй байгаа, тэдний дотор даруухан бөгөөд яван яван хурдлах шилдэг авъяастнууд маш олон байгаа гэдэгт гүнээ итгэж байна.
Бид хэтэрхий даруухан өсч хүмүүжжээ. Сайн бүтээл хийчихсэнээ өөрөө мэдээд байгаа хэрнээ түүнийгээ ил гаргаж хэлэхээс ичиж нэрэлхдэг. Судлаач, шүүмжлэгч нар олж үзээд хэлэх биз дээ гэж битүүхэн горьдон хүлээдэг. Гэтэл өнөөдөр арван жилийн өмнөх шиг уран зохиолын судлаач, шүүмжлэгч нарын бүхэл бүтэн үе манайд байгаа юм уу? Тэд зохиолч, яруу найрагчдын бүтээлд системтэй хандаж үгээ хэлж чадаж байгаа юу гэж асуувал хариулт их л өөр гарах болов уу даа. Уран зохиолч, яруу найрагчид бол авъяасаараа аяндаа тодордог. Харин судлаач, шүүмжлэгч нарыг бол улс нийгэм байг гэхэд уран бүтээлийн эвлэл, холбоод бодлогоор бэлтгэх ёстой юмаа. Ухаантай , уран зохиолд дуртай бөгөөд элэгтэй, түүнд үнэнч, тал бүрийн өргөн мэдлэг, өндөр боловсролтой залуусаас шилж сонгож байж шүүмжлэгч, судлаачдыг бэлтгэх учиртай бизээ. Харамсалтай нь ийм тогтолцоо өнөөдөр үгүй болжээ.
Уран зураг, хөгжмийн судлал шүүмжлэл Монголд өрнөхгүй юмаа гэхэд тасрахгүй яваад байгаа бололтой. Харин сэтгүүл зүй, уран зохиолын хувьд санаа зовмоор байдалтай болжээ. Арав, хорин жилийн өмнөх миний нэр мэдэх цөөхөн судлаач шүүмжлэгчид дээр өнөөдөр шинээр нэмэгдсэн нь хэд байгаа билээ. Ч.Лодойдамбыг Бажуудайн хүү шиг ултай судласан нь ахиад бий билүү үгүй билүү?
Ийм нөхцөлд үзэг цаас нийлүүлэн үйлээ үзэж яваа үнэнч цөөхөн судлаач, шүүмжлэгч та нартаа баярлахаас өөр яах билээ гэж бодогдох юм. Харин сайн бүтээл туурвисан нөхдөө үг харамлалгүй магтаж урам хайрлаж байгаач гэж уриалмаар байна. Зохиол бүтээл туурвигчид бол нийгэмдээ зориулж сэтгэл, зүрхний дуудлагаар бараг үнэ төлбөргүй хөдөлмөрийг өөрсдийнхөө сайн дураар хийж яваа, зарим хүний ойлгодгоор бага зэрэг «гажигтай» улс шүү, хөөрхийс минь. Хэрэв өнөөдөр Ч.Лодойдамба агсан амьд сэрүүн байсан бол, ядахдаа нэг удаа ч болохноо босч ирэх боломжтой байсансан бол чамд ямар их баярлах байсан бол? Уран зохиолын судлал шүүмжлэл гэдэг чинь энэ дээ гэж лавтайяа хэлэх байсан биз гэдэгт би маш итгэлтэй байна.
Дөнгөтийн Цоодолын дөмөгхөн бүтээлээр ном бичих санаатай байна гэж чи надад ноднин ярьж байсан. Сайхан бүтээл болно доо. Д.Цоодол бол монголын ховорхон найрагчийн нэг шүү. Түүний бүтээлийг сайн задлаж шинжилж ярилцах цаг болсон. Орчин үеийн онгиргон боловч зоригтой зарим залуусаас ядаж бид нүүрэмгий агаад шийдэмгий байдлыг нь сурах ч хэрэгтэй байж мэдэх л юм.
Ч.Лодойдамба гуай Бэгзийн Явуухуланг хийл адил, Ц.Гайтавыг бөмбөр мэт гэж нэрлэж байжээ. Ончтой сайхан зүйрлэл бусуу? Дөнгөтийн хүүг ямар хөгжимтэй зүйрлэмээр юм бэ дээ. Хуур адил уянгалуулж, лимбэ адил жиргүүлж байгаа байх шүү, цаадах чинь. Миний зүйрлэл бас л онохгүй байх шиг байна. Чи нэг юм хэлээрэй.
Утга зохиол, урлагийн судлалынх нь асуудлыг тусгайлан бүлэг болгож авч үзсэн нь Ч.Лодойдамба гуайг уншигчдад гүйцэд ойлгуулж мэдрүүлэхэд, тэр их хүн зөвхөн зохиолч төдийгүй урлаг, утга зохиолын том шүүмжлэгч байсан юм гэдгийг хэлж өгөхөд чухал ач холбогдолтой болжээ. Монголын жүжгийн зохиолын судлалд жинтэй хувь нэмэр оруулсныг нь төдийлэн олон хүн мэдэхгүй байж бүрэн болно.
Залуу байхад миний бие нэг зүйлд маш их эмзгэлдэг байв. Соёлын асуудлыг эрхэлж байхдаа зарим хүнд хэлж үзэхэд огт тоолгүй өнгөрч билээ. Энэ бол Д.Нацагдоржийн «Учиртай гурван толгой» жүжгийн төгсгөлийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөд болсон хойно нь өөрчилж найруулсансантай холбоотой явдал юм. Ингэж арай болохгүй байлгүй, эзнийх нь оролцоогүйгээр зохиол бүтээлийг дур мэдэн өөрчилнө гэдэг дэндүү бүдүүлэг хэрэг бусуу гэхэд Соёлын яамны зарим нөхөд симфони найрал хөгжмийг зохиосон дуурийн эзэд нь өөр хүмүүс /Дамдинсүрэн гуай Смирнов ч билүү нэг оросын хамт/ учраас зохиомжийг бага зэрэг нааш цааш болгоо биз гээд л өнгөрсөн. Энэ бол үнэхээрийн гайхалтай явдал байж билээ.
Үүнийг Ч.Лодойдамба гуайн тухайн үедээ буруушаан шүүмжилж байсан нь аргагүй л юм мэддэг, бас зориг зүрхтэй хүний, эрдмийн ажилдаа үнэнч эрдэмтний шинж гэж ойлгогдож байна. «Учиртай гурван толгой» бол хөгжимт драм ч биш, дуурь ч биш. Энэ бол монгол үндэсний бадагласан аялгуут жүжиг билээ. Энэ хэлбэр нь өөр ямар ч ард түмэнд байхгүй зөвхөн Монголд байдаг монгол үндэсний жүжгийн нэг хэлбэр юм гэсэн маш сонирхолтой дүгнэлтийг Ч.Лодойдамба гуай хийж байсан байх юм. Үүнийг манай жүжгийн судлаачид онцгойлон анхаарч ярьж хэлж байх ёстой юм биш үү. Гэтэл дуурь болгож өөрчилсөн учраас бага сага өөрчлөлт орсон гээд л сууж байдаг юм билээ.
Ч.Лодойдамба гуайн «Уран дүрийн тухай» сэдвээр телевизээр явуулсан нэвтрүүлгийн утга агуулга нь их үнэтэй санагдлаа. «Миний нутаг» шүлэг, «Хэнтийн өндөр ууланд»аяз болон бусад зохиол бүтээлийг тайлбарласан нь маш энгийн агаад чиний хэлснээр хялбаршуулсан, туйлын ойлгомжтой болжээ. Леонорда Да Винчийн «Джоконда» буюу «Мона Лиза» зургийг тайлбарласан хэсэг хүүхдэд хүртэл ойрхон бууж байна. Тал бүрийн өргөн боловсролтой Ч.Лодойдамба гуайн энэхүү тайлбарыг хүүхэд багачуудад зориулсан хялбаршуулсан ном зохиол, бага ангийн сурагчдын сурах бичигт оруулахсан гэж бодогдлоо. Танин мэдэхүйн чухал ач холбогдолтой, урлагийг ойлгож мэдрэхэд ойр дөхөм болохсон бизээ.
Эл бүлгийн хамгийн амттай хэсэг нь «Эмгэнэл үү, хошигнол уу?» хэсэг гэж хэлмээр байна. Эмгэнэлт дүр бүтээх санаа хэрхэн яаж төрсөн байж болох талаарх өөрийн саналыг дээр бичсэн. «Нэгэн гайхамшигт өгүүллэгийн тухай», ялангуяа «Баримт түшиж ярих сайхан» өгүүллээс нь Ч.Лодойдамба гуайн дүр төрх, өөрийн бодол санаанд үнэнч байдал тод харагдаж байна. Ч.Лодойдамба, Ш.Гаадамба /сүүлд М гэж овоглох болсон/ нар аль аль нь тухайн үедээ цагийг эзэлсэн аварга амьтад байжээ. Тийм болохоор маргаан мэтгэлцээн нь ч нийтийг хамарсан, нийгмийг доргиосон шинжтэй болсон байж таарна. Тэдгээр мэргэдийн мэтгэлцээнийг харьцуулан шинжлээд Бажуудайн Ганбат шүүмжлэгч Д.Нацагдоржийн энэ бүтээл хэмжээ бага ч олон санаа бодол төрүүлдэг гайхамшигт зохиол, Ч.Лодойдамба, М.Гаадамба нарын өгүүллүүд аль аль нь итгүүлэн үнэмшүүлж өөртөө татах чадвартай гэж бодитойгоор дүгнэсэн нь ихэд үнэмшилтэй болсныг зориуд хэлье. Үнэхээр тэр үнэн болов уу. Гэхдээ л «Ламбагуайн нулимас» өгүүллэгийн Лодон бол эмгэнэлт дүр юм гэдэг тал дээр зохиогч зогсож байгаа нь ойлгогдож байна. Зарим үгэн дээр, хаягдаж гээгдсэн зүйлс дээр анхаарал хандуулсан нь зөв болжээ. «Гэртээ», «Хаалгаан» гэх зэрэг үгсийн утгад анхаарал хандуулсан нь яах аргагүй нэмэлт тодотгол болсон байна.
Ч.Лодойдамба гуайн жүжгүүд болон өгүүллэгүүдийн доголдол дутагдалтай талыг товч боловч орхилгүйгээр авч үзсэн нь маш зөв болсон санагдав. Энэ талаар өмнө цухас дурдаж чамайг бараг буруутгах шахсандаа хүлцэл өчье. Энэ бол тулхтай шүүмжлэгч, судлаачийн нэг гол шинж юм. Тэгэхдээ ямар ч зохиогчийн бүтээлээс өө сэв ольё гэвэл олж л таарна шүү дээ. Энэ нь гол зорилго биш байхаа. Жишээ нь Ч.Лодойдамба гуайн «зохиолынх нь зарим баатар хэрээсээ хэтэрсэн ухаалаг үг үе үе хэлчихдэг юм» гэж зэмлэх нь ч хаашаа юм бэ дээ. Ухаантай төрснийх нь төлөө зохиолчийг загналтай биш.
Сайхан зохиолыг уншсаны дараа санаа сэтгэл уужирч амьдралд итгэх итгэл улам нэмэгддэг. Сайн шүүмж судлалтай танилцсаны дараа зохиолчид нь ч,зохиогч шүүмжлэгчид нь баярлан бахархах сэтгэл төрдөг юм байна. Бас энэ тэр, элдэв дээдийг эргэцүүлэн бодоход хүрэх юм.
Чи Ч. Лодойдамба гуайн бүтээлүүдийг, түүнд дэвшүүлсэн үзэл санааг зохиогчийн аж төрж, туурвиж бүтээж байсан цаг үе, нийгмийн байдалтай нягт холбон авч үзэж ойлгох нь зүйтэй гэсэн санааг үе үе анхааруулжээ. Үнэхээр тэгэхээс өөр аргагүй. Эс тэгвэл дэндүү өрөөсгөл болох биз.
М.Гаадамба, Ч.Лодойдамба гуай хоёр мэтгэлцэхдээ марксизм, ленинизмийн сургаалаас үе үе иш татсан нь ч үүнийг гэрчилж байна. Жишээ нь М.Гаадамба агсан «марксч-ленинч гоо зүй, урлагийн онолын ёсоор бол» гэж байгаад л батлаж өгсөн байдаг. Гэтэл тэрбээр сүүл сүүлдээ ардчиллын эхэн үед дээрх үгийг хэлэхээсээ ч цээрлэдэг болж хувирсан болов уу. Ийм баримт маш олон бий. С.Эрдэнэ баавай «Миний Эх орон-миний тоонот» хэмээх гал цогтой нийтлэлүүдээ туурвиж байх үедээ «бидний үеийнхэн бурхан багшийг биш бяцхан Володяг дуурайж» биширч шүтэж өссөнөөрөө хамаагүй хожсон билээ гээд л сүр дуулиантай тунхаглаж оноог багц багцаар нь авч байсан үе бий. Гэвч ерээд оны эхээр эрхэм зохиолч маань юу хэлдэг болж хувирсан билээ? Ленин шиг муу муухай зүйл түүний хувьд байхгүй болж хувираа биз дээ.
Эдүгээчлэх байр сууринаас Ч.Лодойдамба гуайн зохиол бүтээлд шүүмжлэлтэй хандаж түүнийг гуйвуулж дайвуулж муучлах цаг үе ирэхийг ч би үгүйсгэхгүй байна. Ялангуяа түүний зохиол бүтээлд орос хүний дүр цөөнгүй гардаг, монгол-зөвлөлтийн ард түмний найрамдлыг магтан дуулсан хэсгүүд бүтээл туурвилд нь элбэг байдгийг мушгин туйлшруулж, дайрч давшилж болзошгүй. Ийм хийрхэл нийгэмд хэзээ ямагт байсаар ирсэн бөгөөд ирээдүйд ч байх бизээ.
Монголын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд ЗХУ, зөвлөлтийн ард түмний үзүүлсэн үүрэг, нөлөө маргашгүй юм. Тийм болохоор зохиолч, яруу найрагчид магтан дуулж, хөгжмийн зохиолчид ая, дуугаа өргөж, зураачид нь зурж мөнхжүүлж байсан хэрэг. Улс төрийн бодлогоор ч үүнийг яах аргагүй урамшуулан дэмждэг байжээ. Тийм цаг үед зохиол бүтээлээ туурвиж байсан хүмүүсийг түүнийх нь төлөө зэмлэж загнах нь огтоосоо утгагүй юм.
Харин миний хувьд монгол,зөвлөлтийн найрамдал, нөхөрлөл гэдэг сүүн цагаан үгсийн талаар сүүлийн үед сүрхий эргэцүүлэн боддог болсноо хэлмээр байна. Ерээд онд «Ах минь, Аах та минь» гэсэн бяцхан нийтлэл ч бичсэн удаатай. Том, бага хоёр улсын хооронд, тэр тусмаа хил залгаа хөршүүдийн дунд найрсаг эвсэг харилцаа, хамтын ажиллагааны түүх л байна уу гэхээс биш өвөр түрийдээ орсон ах дүү нарын тухай ойлголт хэзээ ч байдаггүй ажээ. Оросын болоод Хятадын эзэнт гүрнүүдийн газар нутгаа тэлж өргөжүүлсэн түүх үүнийг улам бүр итгэл үнэмшилтэй өгүүлж байна. Англи зэрэг арслан барсууд сайн эрийн ёсоор алсыг зорьж Африк, Австрали, Америк, Азийн улс орнууд, үндэстэн ястнуудыг колоничлон эзэмшиж эрх ашгаа, эзэмшлээ өргөжүүлж байсан бол Хаант орос /сүүлд ЗХУ/, Манжийн болоод Хятадын угсаа залгамжилсан хаадууд хаяагаа хадран хаант улсынхаа нутаг дэвсгэрийг зугуухан тэлж өргөжүүлж иржээ. Алс холын колоничлол нь хэзээ нэгэн цагт задарч унадаг жамтай бол айл зэргэлдээхээ хадарч хамсан нь хэзээ ч бараг үгүй буюу удтал оршин тогтнодог бололтой. Өвөрмонгол, Уйгар шинжаан хийгээд Тува, Якут, Буриад, Халимаг нь үүний бэлээхэн жишээ биш үү. Манай Монгол мэт жижиг бага буурай орон энэ бүхнийг тэвчин эв эеийг сахихаас өөр аргагүй. Илүү дутууг харах явдалгүй.
Монгол, Орос хоёрын нөхөрлөж ирсэн шинэ үеийн дал наян жилийн түүхийг ч энэ л өнцгөөс харахад илүүдэхгүй бололтой дог. Ахан дүүгийн ёсоор тусласан нь байвч алс хэтийн их гүрний бодлого хэзээд давамгайлж байжээ. Их бага гүрэн, эзэн ба боолын зарчим өөр шинэ үг хэллэг, нэр томъёогоор халхавчлагдан хэрэгжиж иржээ. Үүнийг бид ямагт марталгүй санаж явах ёстой юм шиг байна. Ч.Лодойдамба агсны зохиолд Петр комиссарын амаар Орос улс Монголд нэг их хайртайдаа туслаж байгаа ч юм биш, өөрсдийнх нь энх тунх байдлыг хангахад Монгол Улс, түүний газар нутаг бамбай жийргэвч болж буй учраас бас туслаж буй юм гэсэн нэг санаа цухас төдий дурдагдаад өнгөрдөг байхаа. Ийм үгийг тухайн үед зохиолын баатарын амаар ч атугай хэлүүлж чадсан нь их гавьяа гэлтэй. Эл үгэнд үнэний хувь лав байгаа бололтой шүү.
Үзэл суртал гэдэг аймшагтай зүйл. Бидний үеийнхэн чинь орос хүн л бол сайн хүн, сайхан чанартай гэсэн үзлээр хүмүүжжээ. Оросын ард түмэнд талархан хандах манай нийт ард түмний сэтгэл зүй лав ингэж бүрэлдэж төлөвшсөн биз. Гэтэл тэр үед Высоцкий «тахиа бол шувуу биш, Монгол бол улс биш»гээд л дуулж явсныг бас мэднэ шүү дээ. Сүүлийн үеийн оросын телевизийн зарим нэг орос кино, нэвтрүүлгийг харахад «Монгол» гэсэн нэрийг хамгийн тэнэг мунхаг, бүдүүлэг хоцрогдсон гэсэн утгаар л хааяа гаргаж хэрэглэж байх юм. Бүр тийм хэллэг үүсч, ойлголт бий болсон ажээ. «Монголизм» гэж ямар өвчнийг нэрлэдэг билээ дээ?
Ингэж хэлэхэд орос хүнд мэдээж сайхан дуулдахгүй л дээ. Өнгөрсөн жил Б.Бааст гуай миний «Тэрбумтан»романыг Петрградын монголын уран зохиолыг судлаач нэг хүнд магтаж бичээд номыг нь явуулаад хариу авснаа надад ярьсан. «Та нар бүр иймдээ хүрээ юү? Хэн байснаа хэний ачаар хэн болсон билээ» гэсэн өнгө аястай юм захидалдаа асуусан байна гэсэн. Миний зохиолд орос хүнийг муулсан ганц өгүүлбэр ч байхгүй. Харин монгол, япон, хятад 3 бизнесч нийлж хүчээ нэгтгээд том корпорацийг байгуулж буйгаар үйл явдал нь өндөрлөдөг юм.Түүнд нь дургүйцлээ илэрхийлж байгаа нь тэр бололтой. Бид уран зохиолд заавал орос хүнийг магтаж бичих ёстой болж байна уу? Арай ч үгүй байлгүй. Монголын уран зохиолыг судлагч оросын зарим хөгшчүүл тэгтлээ нэг хэв загварт орсон нь тэр гэлтэй.
Ч.Лодойдамба гуайн «Алтайд» романд Чингис, түүний байлдан дагууллыг муулсан хэсгийг оросын судлаач Г.И.Михайлов «Монголын уран зохиолд Лодойдамба анх удаа Чингисийн тухай үнэнийг хэлж, Чингис, Чингисийнхний тухай сайшаан үздэг бусад зохиогчдын эсрэг өөрийгөө тавьсан нь дээд зэргийн үнэн юм. Орос, дундад азийн болон бусад орны ард түмний олон зууны хөдөлмөрөөр бүтээсэн үнэт зүйлийг Чингис үнсэн товрог болгож, хүмүүсийг үй олноор нь алсныг профессор Батын дүрээр зохиогч шүүмжилжээ» гэх зэргээр зөвтгөн магтсан байдаг нь огт санамсаргүй зүйл ч бас биш бололтой.
Монгол Улсыг оросууд яах аргагүй өөрийн санаа бодлыг бөхөлзөн дагагч, түүнийг үг дуугүй ёсчлон биелүүлэгч туршлагын туулай болгож хувиргасан нь түүхэн бодит үнэн бөгөөд түүндээ тааруулж хэнийг магтаж, хэнийг шүүмжлэхээ ч сайн мэддэг байжээ гэж бодогдох юм. Тэрхүү үзэл бодлыг нь амьдрал практикт дуулгавартайгаар хэрэгжүүлж биелүүлэгчдийн нэг нь манай Ю.Цэдэнбал гуай, түүний хамтран зүтгэгчид байсан нь бүгдэд илэрхий ойлгомжтой бөгөөд ядаж тэдгээр нохой мэт үнэнчээр зүтгэгч аялдан дагалдагсаддаа хүртэл оросууд хүнлэг ёсоор хандаж чадаагүй нь 1984 оны Монгол дахь дуулиант үйл явдлаар хэтэрхий тодорхой харагдсан билээ. Цэдэнбал гуайг тухайн үед миний бие өмөөрч хашгирсан бяцхан «хашгиралт» бол ганц түүнд хайртай дуртай, хүндэтгэж байдгаа ч илэрхийлсэн төдийхөн хэрэг хараахан биш билээ. Оросууд манай дотоод хэрэгт эрээ цээргүй оролцож, бүхнийг өөрсдийн дур зоргоор залж чиглүүлж, удирдагчийг нь хүртэл «Төрийн эргэлт» зохион байгуулж авч хаясанд дургүйцснаа өөрийн чадах хэлбэрээр илэрхийлэх гэж оролдсон нь тэр юм. Тэр үед би Монгол, Зөвлөлтийн найрамдалд үнэнч байсныг битгий мартаарай. Хэзээ ч миний бие «антисоветчик» байгаагүй юм. Ердөө л өт хүртэл самардахаар аравгасхийдэг гэдгийн үлгэр тэгж илэрч гарсан байж болно.
Өөрсдийнхөө анд нөхдийг хүртэл ийм байдалд хүргэж болгоомжлуулах болсон нь хэний буруу вэ гэдгийг тэд эргэцүүлэн бодох цаг ирэх бизээ. Оросод юмыг бодитойгоор сэтгэж чаддаг хүн олон байж таарна. Гүндүүгүй, гүдэс шулуухан оросуудад Монголчууд дуртай шүү дээ. Сайхан орос зан чанар шавхраагүй гэдэгт итгэлтэй байна.
Өнөөдөр өөр туйлын соронзон руу хуйлран татагсад Монголд илэрхий идэвхижиж байна. Тэдэнд өнгөрсөн түүхийн гашуун сургамжийг хааяа нэгхэн сануулахад огт илүүдэхгүй санагддаг. Учир нь их л сургамжтай болой.
Уран зохиолын тухай яриа маань улс төр рүү гулзайгаад явчихлаа. Эртхэн дээр нь амаа татья. Элчин сайд хүний амнаас ийм үг гарч хэрхэвч болохгүй. Энэ бол зохиолчийн уянгын халил юм гэж ойлгоорой. Уран бүтээлчид бол амгайгүй бурдаг улс шүү дээ.
«Тунгалаг тамир» романы «Зохиолын уран сайхны туршлага», «Уран сайхны дүрийн тогтолцоо, урлан бүтээсэн туршлага» хэмээх хоёр бүлэг чинь зүйрлэбэл хольцоогүй шижир алт шиг онцгой чамбай сайн болжээ гэдгийг давтан хэлэлгүйгээр энэхүү захиагаа төгсгөж болмооргүй байна. Лодойдамба гуайг монголын уран зохиол дахь «Заан мод» хэмээсэн нь юутай сайхан тодорхойлолт билээ. Түүний туурвил бүтээл зуу зуун жилдээ урган төлжиж үр жимсээ бусдад хүртээсээр байх нь лавтай.
«Тунгалаг тамир» романыг их бичгийн хүн Ч.Лодойдамба гуай чи, бидэн хоёрыг Сутайн суганд хурга, ишиг хариулж явсан нусгай жаалууд байх үед буюу 1954 онд эхлээд 1967 онд дуусгажээ. Төгсөв гэж зохиогчийг баяртайгаар бичиж байхад би 9 дүгээр ангид сурч байжээ. Яаж шүү амтархан уншиж байснаа мартаагүй байна. Эхийнхээ ангир шар уургыг шимэн хөхөх адил эхнээс нь дуустал салгалгүй суун уншиж дуусгасан билээ. Тэр үед Д.Намдаг гуайн «Цаг төрийн үймээн»-ээс гадна Л.Түдэв гуайн «Уулын үер», З.Баттулга гуайн «Хөх тэнгэр» , З.Сандагын «Хүний ганц» зэрэг сонирхолтой романууд, Д.Мягмар агсны уянгын туужууд, С.Эрдэнийн богино өгүүллэгүүд ар араасаа л цувран гарч байжээ. Ямар ч сайхан ургацтай он жилүүд байсан юм бэ, бурхан минь. Чи, бидний үеийнхнийг өсч дэвжихэд хөрс шимт суурь дэвсгэр болж өгсөн байлгүй.
Тэр бүхний манлайд «Тунгалаг тамир» аргагүй л үүрийн цолмон шиг торойн гялалзаж байна. Түүнийг туурвигч бичгийн их хүн Ч.Лодойдамба гуайгаа би Сутай Хайрхан уул шигээ л сүслэн хайрлаж, хүндэтгэж сууна даа, сайн нөхөр минь.
Үүнийг үнэнч анд нөхөр чиний судлалын жинтэй ном улам ч гүнзгийгээр ухааруулан ойлгуулж өгөв надад. Ч.Лодойдамба гуайн инээж угтсан номын эхний хавтсыг сөхөөд чиний мөнхүү инээмсэглэж үдсэн сүүлчийн хавтсыг хамхиад бодолхийлэн сууж байж эл захиаг бичлээ.
Миний бага сургуулийн нэг ангийн нөхөр Доржийн Эрдэнэбилэг гэгч эрийн цээжээр үлгэр шиг урсгадаг «Тунгалаг тамир» роман үнэхээр олон дахин бүтээгдэхгүй сонгодог зохиол болж, түүнийг туурвигч Чадраабалын Лодойдамба ахайтан монголын утга зохиолд олон төрөхгүй сонгодог зохиолч болон мөнхөжжээ. Нийгэм хөдлөн хөрвөж урлаг, утга зохиолыг хүмүүс нэг л хэсэг он жилүүдэд мартан алдсанаас болж эрхэм нөхрийн бүтээл баахан хугацаа алдаж байж уншигчдын гарт хүрсэн нь нэг бодоход оносон ч юм шиг. Ядаж зарим нэг тайлбар сэлт,зүүлт хийх бололцоог олгосон байна. Бас Монголд биш Солонгост өнгө зүс гайгүй сайн хийлгэх боломжтой болгожээ. Энэ завсар Засагт хааны удмын хөх эрчүүд- Говь-Алтайхан Лодойдамбын нэрэмжит анхны шагналыг чухамхүү нүдийг нь олж чамд хүртээсэн гэлтэй.Ийм ухаалаг шийдвэрийг тухайн үед гаргахад утга зохиолд хайртай, түүнийг ойлгодог хүмүүсийн нэг болох Вандангийн Алзахгүй гэдэг бэрх эр чухал үүрэг гүйцэтгэснийг бас дурсч явах учиртай шүү. Энэ бол их үнэлэлтийн эхлэл байлаа. Удалгүй Монгол Улсын Засгийн газар чиний эл бүтээлийг өндрөөр үнэлж Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит утга зохиолын дээд шагналыг хайрлаж билээ.
Ерээд оны Монгол дахь ардчилсан хувьсгалын үр дүнд хэвлэн нийтлэх эрх чөлөө жинхэнэ утгаараа дэлгэрч зохиолч, яруу найрагч, сэтгүүлчид бид «цензурээс» чөлөөлөгдсөн. Өмнө нь цөөнгүй уран бүтээлч Монголд капитиализм байхгүй учраас дэлхийн сонгодгуудын хэмжээнд зохиол бүтээл туурвиж болохгүй байна гэж боддог байсан байх. Тэр хүсэн хүлээж байсан цаг үе нь ирээд арав гаруй жил өнгөрсөн боловч «Тунгалаг тамир»-ыг гүйцэх роман «Цогт тайж», «Мандухай цэцэн» киног давах бүтээл Монголд хараахан гараагүй л байна. Тэгээд бодохоор нийгэмдээ ч учир нь байдаггүй бололтой, эсвэл бид нар сэтгэлгээнийхээ чөдрөөс бүрэн мултарч бас чадаагүй ч байж мэдэх юм.
Миний хувьд гэвэл «Үржүүлэхийн ухаан» гэсэн жижиг өгүүллэгийг олон жилийн өмнө бичиж, гол баатар Яримпил хүүгээ шоронгийн хаалга татуулаад орхисон нь ерээд оны нийгмийн үндсэн өөрчлөлтийн үр дүнд роман болтлоо сэдэв нь өргөжиж гүнзгийрэх үндсийг нээж өгсөн юм. Тэрхүү романыг маань Ц.Хасбаатар гуай, Х.Сампилдэндэв, Б.Ганбат, Д.Гармаа зэрэг уран бүтээлч нөхөд өндрөөр үнэлэн дэмжсэнд ихэд урамшиж «Алаг цоохор амьдрал» хэмээх анхдагч гарчигтай нэг зүйл хийх санаатай үе үе бодолхийлсээр өдийг хүргэв. «Би» баатартай энэ бүтээл хэмжээ далайцаараа роман болох учиртай. Нэг бодоход зохиол ч юм шиг, нөгөө бодоход баримттай, үнэн бодит нийтлэл ч мэт санагдаад сэтгэл ихэд хоёрдож сууна. Хүн ер нь нас тавь гараад ирэхлээр туулж өнгөрүүлсэн амьдралаа эргэцүүлж бясалгах дуртай болдог болотой. М.Горький «Клим Самгины амьдрал» хэмээн бичиж байсан нь санамсаргүй тохиолдол биш байх нь. Том, жижиг аль ч зохиолчийг энэ зовлон дайрдаг аж. Д.Намдаг гуай өөрт хадгалсан бүх зургаа нэг цомог болгоод дор нь товч тайлбар хийж зурагт зохиол болгосноо надад тэр жил Сөгнөгөр дэх зусланд байхдаа үзүүлж байж билээ.
Хүний амьдрал гялсхийн харваж өнгөрөх од адил богинохон боловч цөөнгүй зүйлийн амьд гэрч болдог аж. Ихэнх нь тэр бүхнийгээ цээжиндээ хав дарж хадгалаад ус балгасан мэт үг дуугүй энэ ертөнцөөс явж оддог бололтой. Харин зохиолч, сэтгүүлч зэрэг уран бүтээлчид тэдгээрийг ямар нэг хэлбэрээр бичиж үлдээхийг эрмэлздэг юм байна. Энд нэг их хэцүү асуудалтай тулгардаг бололтой. Баатруудын нэр ус, он цагийг бодитой байдлаар яг үнэнээр дүрслэн буулгаж болно. Тэгвэл уг нь илүү үнэ цэнтэй юм. Гэтэл тэр нь олон олон хүний уур хилэнг бадрааж мэдэхээр ажээ. Түүнээс зугтахын тулд баримтыг байгаагаар нь үлдээгээд уран сайхны амт шимт оруулан нийтлэг зохиолорхуу болгож будаж шунхдаад «би» баатарын яриагаар буюу хүүрнэл зохиолын, тэгэхдээ их хөгжилтэй хөнгөн хэлбэрээр гаргаж тавих нь хал балгүй ч юм шиг санагдана. Сайн нөхөр минь санаа оноогоо хэлж зөвлөөрэй.
Ямар ч байсан зохиолынхоо төлөвлөгөөн дээр ажиллаж эхэлсэн. Олон жил бодож яваа юм болохоор нэг эхэлбэл хатируулчихаж магадгүй гэж найднам. 2006 онд Варшаваас Эх орондоо ямар ч байсан гар хоосон буцахгүй. Богцондоо боорцог ч болсон хийж аваачна л гэж бодож байна. Тэгж чадвал та нартайгаа ярих юмтай байх бизээ.
«Сутай» хэмээх уянгын тууж бичнэ гэж олон жил бодож байгаа ч хэрэгжүүлж амжаагүй л явна. Бас монголын сэтгүүл зүйд мөр үлдээх учиртай. Хэвлэлийн эрх чөлөөний холбогдолтой зарим асуудал, мэдээллийн агентлагийн үүсэл хөгжил, хэтийн төлвийн талаар нилээд юм цуглуулж чамгүй ч зүйл тэрлэсэн юмсан. Түүнийгээ эмхэлж цэгцэлхэд багагүй цаг хугацаа хэрэгтэй. Гэтэл он жилүүд нисэх мэт түргэн өнгөрч байна. Би сэтгэлдээ Бурхан багшаас ахиад бүтээл туурвилын арван жил хайрлаач гэж гуйж байгаа. Хэрхэхийг тэнгэр мэдэх буй заа...
Нэгэн бодоход захиа гэж нэрлэлтэй, нэхэн гүйлгэж үзвэл эргэцүүлэл бодол ч юм шиг урт цаас илгээж уран бүтээлч нөхрийн үнэт цагаас зөвшөөрөлгүйгээр дур мэдэн үрсэнд уучлал гуйя. Энд ирсээр ийм урт зүйл хэн нэгэнд огт нуршсангүй. Иймд хүргэсэн нь чиний номын «буруу» бизээ.
Варшавт ирсээр бараг нэгэн жил шахав. 12 дугаар сарын 5-нд жил болно. Уран бүтээл туурвисангүй. Улсын төлөө зүтгэж байна. Шинэ салбар, шинэ ажил болохоор Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын чихийг халууцуулахгүй юмсан гэж хичээж байна. Итгэлийг сэтгэлээр хариулах ёстой шүү дээ. Бас хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн гүнзгийрүүлэхэд бага ч атугай хувь нэмэр оруулахыг чармайж байна.
Үзэг нэгт сэтгүүлч нөхдийнхөө төлөөлөгчдийг Польшид авчрах санаатай хөөцөлдөж байгаа. Бүтэх эсэхийг одоогооор хэлэхэд эртдэнэ. Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Олон нийтийн радио, телевизийн тухай хууль, МОНЦАМЭ агентлагийн тухай хууль гаргахын өмнө манайхан Польшийн туршлагыг судлабал тун зүгээр байгаа юм. Эдний талд санал хүсэлт болгож тавьсан, дэмжиж байгаа.
УИХ болоод ХЗДХЯ-ны холбогдох дарга нарт хандсан. Дэмжсэн, харамсалтай нь санаа бодлоо цаасан дээр буулгаж ирүүлсэнгүй. Та түүгээрээ бидний өмнөөс хийгээд өгчих, бид бүрэн итгэж байна гэж Ц.Мөнх-оргил сайд бичиг ирүүлсэн байна лээ. Нэг юм хийгээд эдний ГХЯ-нд гардуулсан. Яахыг мэдэхгүй байна.
Хэрэв бүтээд дээр дурьдсан хуулиудын төсөл дээр ажиллагчдаас БНПУ-д ирж төсөл хэрэгжүүлэн туршлага судлах болбол би чиний нэрийг бүрэлдэхүүнд нь оруулахыг УИХ-ын Тамгын газарт санал болгох бодолтой байгаа. Санаачилгыг нь гаргаж хар бор ажлыг нь хийж өгсөн хүн чинь ганцын зэрэг хүнийг нэрлэж болно биз дээ. Тэгэхдээ бүтвэл шүү. Бүтэхгүй бол тэгээд л өнгөрнө гэсэн үг.
2004 оны эхээр МЗЭ-ийн 75 жилийн ой болно. Монголын тухай, монголын утга зохиолын тухай сонин сайхныг хүүрнэсэн захиа бичихийг хүсч байна.
Зохиолчдын эвлэл маань чи бидэнд нөмөр нөөлөг болж, хайр хишгээ хүртээсээр ирсэн буянтай байгууллага билээ. Би улсад 30 жил ажиллаж байна. Тэгсэн хэрнээ Засгийн шагналыг ганц Зохиолчдын эвлэлээсээ л хүртэж ирсэн. Тухайн үед Удирдах зөвлөлийн гишүүн байсан чиний үүрэг роль ч оролцсон гэдгийг би сайн мэддэг юм. Тийм болохоор энэ байгууллагаа хайрлаж хүндэтгэж явдаг. Тэнд чинь Нацагдорж, Буяннэмэх, Намдаг, Рэнчин, Дамдинсүрэн, Лодойдамба, Явуухулан, Эрдэнэ... нар гишүүн нь байж тулгын чулууг нь тулалцаж, туурга дээврийг нь өргөлцөж явсан юм гэж бодохоор цаанаа л нэг сэтгэлд өег дотнохон байдаг.
Монгол, Польшийн зохиолчдын байгууллагын хооронд холбоо тогтоож харилцааг нь сэргээнэ. Хэн хэнд нь л хэрэгтэй. «Цог» сэтгүүлд Польшийн орчин үеийн утга зохиолоос нийтлүүлэх санаа бий. Польш бол хүн төрлөхтөнд Коперник, Шопеныг төрүүлж өгсөн урлаг, утга зохиол, шинжлэх ухааны арвин буурал өвтэй ард түмэн. Алтны дэргэд хэвтсэн гууль шарладаг юм болохоор Баабар хүртэл энд байхдаа борлоод зогсохгүй харлаж эхлэсэн байгаа юм.
За ингээд яриад байвал захидлаа дуусгах биш залгуулаад үргэлжлүүлэх төлөвтэй болчихлоо. Хурдхан шиг цэг хатгая.

Түр баяртай. Журмын нөхөр Т.Баасансүрэн чинь ёслон
хүндэтгэж үүнийг Варшав хотноо 2003 оны 8 дугаар
сарын 29-ны өдөр цагаан цааснаа эрээчин буулгав .

No comments: