Friday, March 14, 2008

МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙ МЭДДЭГ БОЛЖ БАЙНА.

Ингэж хэлэхээр зарим уншигч гайхаж буй байх. Эзэн богд Чингис хааны Монголыг дэлхий мэдэлгүй яахав дээ гэж бодож байгаа. Тиймээ, дэлхий Монголыг мэдэж байгаа. Тэгэхдээ ямархуугаар гадарладагийг та ер нь ганц удаа ч болсон эргэцүүлж тунгааж үзсэн үү?
Чингис бол монгол хүн гэдгийг дэлхий мэднэ. Түүний удам судрынхан байдаг бол Хятадад эсвэл Оросод байж таарна гэж ихэнх нь ойлгодог юм. Тусгаар тогтносон Монгол Улс байдаг гэдгийг тун цөөхөн хүн мэддэг. Мэддэг тэдэнд өнөөгийн Монголын тухай үнэн бодитой ойлголт бараг байхгүй. Монгол гэдэг улс байгаа бол газрын мухарт, соёлт ертөнцөөс бүр алс хол байх учиртай. Тэд хүй нэгдийнхээ хэмжээнд буюу эсвэл африкийн хамгийн дорой хөгжилтэй улс орноос ердөө ч ялгарах юмгүй байж таарна. Махчин байдалтай бүдүүлэгдүү хүмүүс л байгаа болов уу. Орчин үеийн хөгжлийн тухай ойлголт тэнд ерөөсөө байхгүй. Харин газар нутаг нь онгон зэлүүд байж мэднэ. Тэгэхдээ аюултай. Газар нь гэнэт цөмрөөд тэнд очсон хүн сураггүй алга болж ч мэднэ. Эсвэл чоно дайрч багалзуурдана. Баавгай базаж ална. Элсэн цөлд нь хорхой, арваалжин аалзаар дүүрэн. Хорт могой шиг хатгаж сүйдлэнэ.
Иймэрхүү байдлаар л гадаад ертөнц саяхныг хүртэл Монголыг төсөөлж иржээ. Манайд ажилладаг Ройтерийн сурвалжлагч Ирья Халаш нарын зэрэг гаднын сэтгүүлчид яг энэ схемд нийцүүлж мэдээ мэдээллээ цацдаг юм. Тэднийг тэглээ гэж буруутгах аргагүй. Өөрөөр бичвэл түүнийг нь огт ойлгохгүй. Хүлээж авахгүй. Тийм болохоор тэр сэтгэхүйд нь тааруулж, бидний төсөөллөөр бол доромжилж бичдэг юм. Тэгж бичиж байж хэдэн янчаанаа олж авдаг. Австралийн буюу Английн телевизээр Монголын тухай үзүүлэхдээ траншейны хүүхдүүдийг л юуны түрүүнд харуулна. Тэгвэл илүү сонирхолтой, илүү үнэмшилтэй. Гадаад ертөнцөд Монголын талаар хэвшиж тогтсон нэгдмэл ойлголт энэ. Түүнийг өөрчлөхөд тун бэрх. Бараг бололцоогүй зүйлийн нэг. Ийм хэв загварыг эвдэх цөөхөн арга бий. Хүн төрлөхтний одуудыг хөрөнгө мөнгө хайрлалгүйгээр Монголд урьж авчран үнэн бодит байдалтайгаа танилцуулан анхаарлыг нь татах арга байж болно. Жишээ нь Майкл Жексон мэт нэрд гарсан дуучныг ч юмуу, өөр хэн нэгнийг Монголд ирүүлж таатай сэтгэгдэл төрүүлээд түүний амаар Монголын тухай үнэн үг хэлүүлэх явдал. Эсвэл дэлхий даяараа шимтэн сонирхдог аль нэг спортыг Монголдоо дагнаж хөгжүүлээд түүгээрээ дамжин алдаршиж Монголоо сурталчлах хувилбар байж болно. Үүний тодорхой баримт нь их аварга Д.Дагвадорж байна. Харамсалтай нь сумо бөх Олимпийн хөтөлбөрт ортлоо өргөжиж хараахан амжаагүй байна. Үүнээс гадна мэдээж Монгол Улс өөрийгөө тасралтгүйгээр гадаад ертөнцөд танилцуулан сурталчлах явдал чухал байлгүй яахав. Үүний төлөө хөрөнгө мөнгө харамлалгүй зарцуулах хэрэгтэй. Удаан боловч үр дүн нь хэзээ нэгэн цагт заавал гарна.
Намбарын Энхбаярын Засгийн газар үүнийг мэдэрч ажиллаж байна гэж би бодож байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсыг дэлхийд таниулах, түүнийг таван тивийн хүн ардад жинхэнэ утгаар нь нээлттэй болгох чиглэлээр дорвитой алхам хийж чадсан гэж хэлмээр байна. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Монголд зочлох жилийг хоёр ч удаа зарлан явуулж аялал жуулчлалын салбарыг бүх талаар бэхжүүлж орлого олох нэг эх үүсвэр болгож ашиглав. Өнөөдрийн байдлаар Монголд аялал жуулчлалын 485 аж ахуйн нэгж байгууллага ажиллаж байна гэсэн мэдээ байна. Тэдгээрт 6346 ор бүхий жуулчны 132 бааз, 5613 ор бүхий 256 зочид буудал харьяалагдаж байна. Үүнийг 1999 онтой харьцуулахад аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж 2,5 дахин, жуулчны бааз 2,1 дахин, зочид буудал 3,5 дахин нэмэгджээ гэсэн үг юм. Зөвхөн 2002 онд манайд гадаадын 230188 иргэд зочилсноос 198000 нь жуулчны ангиллааар иржээ. Энэ нь 1999 оныхоос 44,5 хувиар өссөн гэсэн үг юм. Хүн ард нааш цааш чөлөөтэй зорчих нь зөвхөн эдийн засгийн төдийгүй танин мэдэхүйн онцгой ач холбогдолтой билээ. Монголд нэг ирсэн хүн ахиж ирэхийг хүсдэг. Хоёр, гурван ч удаа хүрэлцэн ирэх нь бий. Монголын тухай нэг бус нэг хэсэг хүнд хэлж ярьдаг. Энэ нь Монголын талаарх юугаар ч орлуулж сольшгүй амьд сурталчилгаа болдгоороо онцгой ач холбогдолтой юм. Аялал жуулчлал бол Монголын нэг ирээдүй яриа байхгүй мөн. Түүнийг аль болох гүйцэд ашиглах ёстой буй заа.
Өнгөрч байгаа дөрвөн жилд төр, засгийн удирдлагын хэмжээнд гадаадын 42 оронд айлчилж, олон улсын дээд өндөр хэмжээний уулзалтад Монгол Улс оролцжээ. Манайд гадаадын 20 орон, олон улсын байгууллагын удирдлагын айлчлал болсон байна. Эдгээр арга хэмжээний үеэр Монгол Улс хоёр талын шугамаар нийт 84 гэрээ, хэлэлцээр байгуулж, 35 олон талт конвенцед нэгдэн орсон байна. Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүх, Олон улсын далайн тээврийн байгууллага зэрэг Засгийн газар хоорондын олон улсын байгууллагад элсчээ.
Хаяа нийлж хиллэсэн ОХУ, БНХАУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх талаар Намбарын Энхбаярын Засгийн газар онцгой хүчин чармайлт гаргаж ажилласныг зориуд тэмдэглэж хэлэх ёстой болов уу. Эл хоёр их гүрэнтэй сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цоо шинэ шатанд гаргаж, түншлэлийн хэмжээнд хөгжүүлэхээр тохиролцжээ. Түншлэлийн гэдэг ганц үгийн цаана асар их утга агуулга оршиж байгаа юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч сүүлийн 26 жил завсарласны дараа Монгол Улсад төрийн айлчлал хийв. Засгийн газрын тэргүүн, Гадаад хэргийн сайд нь бас айлчлав. Яам, газруудын цөөнгүй удирдлага хүрэлцэн ирэв.
Өнгөрөгч 2003 онд БНХАУ-ын шинэ дарга Ху Жинтао төрийн тэргүүний хувиар гадаад орнуудад хийсэн анхны айлчлалынхаа хүрээнд Монгол Улсад албан ёсоор айлчлав. Энэ бол БНХАУ-ын шинэ удирдлага Монгол-Хятадын харилцааг чухалчлан үзэж байгаагийн тод илэрхийлэл болсон юм.
Монгол Улсын Ерөнхий сайд 2001 онд АНУ-д албан ёсны айлчлал хийж, уг айлчлалын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Цагаан ордны гол бүрэлдэхүүнийхээ хамтаар манай Ерөнхий сайдыг анх удаа хүлээн авч уулзаж санал солилцсон нь Монгол, АНУ-ын харилцааны түүхэнд онцлог үйл явдал болов. Уулзалтын үеэр Намбарын Энхбаяр «Монгол Улс АНУ-ыг стратегийн түншээ гэж үздэг»-ээ илэрхийлсэн билээ. Тэд юу ярилцсаныг бид бүгдээрээ мэдэж байгаа. Яагаад ч юм ярианы тэмдэглэл нь шар хэвлэлд гарчихсан байж билээ.
Сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгч мөн АНУ-д айлчилж Жорж Буш түүнийг хүлээж авч уулзсан. Манай Ерөнхийлөгч НҮБ-ын индэрт гарч илтгэл хүртэл хийсэн. Монгол Улсын санаачилгаар «Бичигтэн болох НҮБ-ын 10 жил»-ийг 2003 оны 1 дүгээр сарын 1-нээс дэлхий дахинаа зарласан билээ.
Энэ бүхний үр дүнд Монгол, АНУ-ын ойлголцол, итгэлцэл улам бүр нэмэгдэж, АНУ-ын гадаад бодлогод Монгол Улсын эзлэх орон зай тэлжээ. Энэ бол үнэхээрийн нэн чухал ололт юм.2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-д айлчлах бөгөөд тэр үеэр стратегийн түншлэлийн тухай баримт бичиг байгуулахаар ажиллаж байгаа юм байна.
Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Монгол, Японы хооронд тогтсон «Иж бүрэн түншлэл»-ийн харилцаа улам батжиж Японоос Монголд үзүүлж буй тусламж дэмжлэг бууралгүй үргэлжилсэн байна. Япон Улсын Ханхүү 2002 онд Монгол Улсад айлчилсан нь Японы эзэн хааны гэр бүлийнхнээс анх удаа талын Монголд хөл тавьсан нь тэр юм.
БНСУ, ХБНГУ зэрэг ази, европ тивийн улс орнуудтай тогтсон харилцаа холбоо гүнзгийрч бэхэжсэн байна. Европын Холбоо болон түүний гишүүн орнуудтай тогтоосон Монголын харилцаа идэвхжжээ. НҮБ, ЮНОСКО зэрэг олон улсын байгууллагуудтай Монгол Улс улам бүр нягт хамтран ажиллах болсон байна. НҮБ-ын энхийг сахиулах хүчний үйл ажиллагаанд хүртэл Монгол Улс бололцооныхоо хэрээр оролцдог болж Баруун Сахар улс, Конго, Афганистанд, тэрчлэн «Иракийн эрх чөлөө» олон улсын үйл ажиллагаанд Монгол Улсын элч төлөөлөгчид хүчин туслалцдаг болов. Ганболдын Аззаяа гэдэг хорьхон настай сэргэлэн монгол залуу Иракад олон хүний аминд орж Монгол Улсынхаа нэрийг мандуулсан нь үүний нэг баримт юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга өөрийн биеэр 2002 онд Монгол оронд хүрэлцэн ирж Монгол, НҮБ-ын хамтын ажиллагааны талаар санал солилцсон нь тэмдэглэгдэж үлдэх чухал явдал болсон билээ. Энэ бүхэн бол манай идэвхтэй гадаад бодлогын үр дүн гэж хэлэх бүрэн үндэстэй.
Тэр бүгдээс би нэг зүйлийг онцгойлж дурдахыг хүсч байна. Энэ нь 2003 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрсөн Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын тавдугаар бага хурал юм. Түүнийг Монгол Улс НҮБ-тай хамтран «Ардчилал, сайн засаглал ба иргэний нийгэм» гэсэн сэдвийн дор хийсэн билээ. Эл бага хуралд дэлхийн 119 орон, олон улсын 10 гаруй байгууллага болон иргэний нийгмийн 650 орчим элч төлөөлөгчид ирж оролцжээ. Тэд ардчиллыг яаж хөгжүүлэх вэ, сайн засаглал бүхий иргэний нийгмийг ямар арга замаар байгуулах вэ, түүнд улс орнуудын парламентын гишүүд, төрийн бус олон нийтийн байгууллагуудын оролцоо ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ гэдгээр санал бодлоо солилцож Монголд өрнөж байгааа эрх чөлөө, ардчиллыг бас үнэлж талахжээ.
Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцнаа өргөж өгсөн АШСТО-дын олон улсын энэ бага хурлын ач холбогдол нэн өндөр бөгөөд Монгол Улс түүхэндээ анх удаа ийм том хэмжээний олон улсын арга хэмжээг амжилттай зохион байгуулсан нь тэмдэглэгдэж үлдэх үйл явдал гэдэгт гүн итгэлтэй байна. Энэ бүхний ач холбогдолыг бүрэн гүйцэд ойлгуулах үүднээс зуу хүрэхгүй жилийн өмнөх түүхэн баримтыг сөхөж үзье. Миний өмнө «Монгол Улсын түүх» хэмээх 5 боть ном дэлгээстэй байна. Манай түүх судлалын нэрд гарсан эрдэмтэд сүүлийн хэдэн жилийн турш санаагаа сааж, ухаанааа уралдуулан чөмгөө дундартал сууж байж Монгол Улсын түүхийг шинээр бүтээсэн нь энэ юм. Анги, намын ямар ч үзэл бодолд авталгүйгээр, дээр дороос үзүүлэх өчүүхэн ч дарамт шахалтгүйгээр зөвхөн үйл явдал, үндсэн баримт сэлтэд тулгуурлаж жинхэнэ шинжлэх ухааны үүднээс хандан бичиж туурвижээ.
«Монгол Улсын түүх» цувралын 5 дугаар ботид 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн-Монгол Улсын сэргэн мандалтын эхлэл, 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын тухай маш үнэ цэнэтэй баримтуудыг дэлгэн өгүүлсэн байна. Энд Богд Жибзундамба ба түүний хамтран зүтгэгчид Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх талаар хаант Оросод хандаж зүйл бүрээр оролдсон боловч хүлээж аваагүйг барин тавин баримтаар өгүүлжээ. Манж чин улсын харгис колоничлолын бодлогыг өвлөн авсан Хятадын бүгд найрамдах засаглалын хувьд бол энэ нь бүр ч хэцүү эмзэг асуудал байжээ. Уг номын 6,9 дахь талд 1911 оны 12 дугаар сарын 29-нд Бүгд Найрамдах Дундад Иргэн Улсын /БНДИУ/ Ерөнхийлөгчөөр сонгогдсон Сун Ятсен /Сонирхолтой нь яг энэ өдөр Монгол Улс Богд Жибзундамба хутагтаа мөн адил төрийн тэргүүнээр өргөмжилжээ/ төдөлгүй тунхаг гаргаж, түүндээ «Улсын үндэс бол ард түмэн байдаг. Хятад, манж, монгол, хотон, түвдийн нутгийг нэгэн улс болгож, эл угсаатныг нэгтгэж нэгэн хүн мэт болговол энэ нь үндэсний нэгдэл болно... Тусгаар тогтнол бол... олон мужийг түүнчлэн Монгол, Түвдийг ч гэсэн нэгтгэхийг хэлж байгаа юм» гэжээ хэмээн тэмдэглээд 1914 оны 8 дугаар сарын 26-нд Хиагт хотноо эхлэсэн Орос, Хятад, Монгол гурван этгээдийн бага хурал 8 сар гаруй үргэлжлээд эцэст нь Орос, Хятад хоёр хүчээ нэгтгэн буурай Монголд 1913 оны Орос-Хятадын тунхагийг тулган хүлээлгэв гэсэн байна. /номын 82 дахь тал/
«Хүчинд автаж балмагдсан Бадамдорж тэргүүтэн 1919 оны 11 дүгээр сарын 17-нд автономт засгийг гуйн устгах тухай бичгийг Сюй Шужанд өргөн гардуулжээ. Хятадын Ерөнхийлөгч 1919 оны 11 дүгээр сарын 22-нд Гадаад Монголын автономыг устгасан тухай зарлиг гаргав.
Тэгээд монгол цэргийн зэр зэвсгийг хураан тарааж, Гадаад монголын дотоод, гадаад, сан, цэрэг, шүүх таван яамны тамга хэргийг Сюй Шүжан хүлээн авч, Богд хааныг Хятадын Ерөнхийлөгчийн хөрөгт мөргүүлэх шившигт ёслолыг Шар ордонд үйлдэв» гэжээ. /номын 86 дахь талд үзнэ үү/.
1913 оны хэлэлцээр гэгчийн талаар цөөн боловч үг хэлэх нь зүйтэй болов уу. «Монгол Улсын түүх»-ийн 5 дугаар ботийн 81 дэх талд «Орос Хятад хоёр 1913 онд Бээжин хотноо Монголын асуудлаар хэлэлцээр хийж, «Илэрхийлэн гаргах бичиг зүйл» буюу «Орос, Дундад хоёр улсын 1913 оны тунхаг» гэдэг баримт бичигт харилцан гарын үсэг зуржээ. Энэ тунхагийн нэгдүгээр зүйлд «Орос улс, Дундад улсын Гадаад монголын хэмжээтэй эзэрхэхийг зөвшөөрөн хүлээв». Хоёрдугаар зүйлд «Дундад улс Гадаад Монголын өөртөө эзэрхэхийг зөвшөөрөн хүлээв» гэжээ. Энэ тунхаг ёсоор монголчууд «Гадаад монголын дотоод засгийг өөрсдөө мэдэж, худалдаа үйлдвэрлэл эрхлэх, эл зүйлд Дундад улс хөндлөнгөөс оролцохгүй, Гадаад монголд цэрэг, иргэд түлхэн оруулахгүй» байх үүргийг Орос, Хятад хоёр харилцан хүлээжээ. Мөн 1912 оны Орос-Монголын хэлэлцээрийн утга санааг Хятадын тал зөвшөөрөхийн хамт Монголын асуудлыг Орос, Дундад, Монголын төлөөлөгчдийн гурвалсан хэлэлцээрээр жич хэлэлцэн шийдэхээр тогтсон нь угтаа энэхүү тунхаг бичгийг Орос, Хятад хоёр хамтын хүчээр Монголын талд хүлээн зөвшөөрүүлэхэд чиглэж байлаа.
1912 оны «Орос Монголын хэлэлцээр»,1913 оны «Орос,Хятад тунхаг»-ийн дараа Монголын эрх баригчдын Орост хандаж байсан горьдлого талаар болж, ихээхэн хөрсөн юм. Иймд «Монгол орон гадаад орон зайгаа тэлэх, гадаад харилцаандаа Орос, Хятадаас гадна гурав дахь нөлөө бүхий гүрнийг татан оролцуулах оролдлого» хийж эхлэв.
1913 оны өвөл Монголын гадаад яамны сайд М.Ханддорж тэргүүтэй төлөөлөгчид Петрбург хотноо очихдоо хаант Оросын эрх баригчидтай уулзаж, Монгол Улсын оршин тогтноход чухал ач холбогдолтой хэд хэдэн асуудлаар Оросын зүгээс дэмжлэг авах асуудлаар хэлэлцээ хийхээс гадна Англи, Франц, Япон зэрэг олон улсаас Орост сууж байсан элчин сайдын яамдад Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэх асуудлыг тавьж, зарим оронд айлчлах зөвшөөрөл хүсэх зорилготой байжээ. Гэвч эдгээр орны Орос дахь элчин сайдын яамдаас хэн нь ч уг асуудалд тун болгоомжтой хандаж, М.Ханддорж нарыг хүлээж авсангүй.
1913 оны эхээр монголын засгийн газар Да лам Цэрэнчимид, бинт ван Гончигсүрэн нарыг Японд очуулахаар томилон илгээжээ. Цэрэнчимид нарын гол зорилго нь Японтой худалдаа, найрамдлын гэрээ байгуулах явдал байжээ. Гэвч Оросын тал тухайлбал, Харбин дахь Оросын консул Цэрэнчимид нарыг цааш алхуулсангүй. Гэвч энэ нь Монголын асуудал Японы сонирхлыг татахгүй байсны баталгаа биш юм. 1913 оны намар Японы иргэн Кодама гэгч Нийслэл хүрээнд ирж, хорь гаруй хоног байхдаа Монголын эрх баригчидтай уулзаж, Монгол Улс Японтой найрамдахын чухлыг онцлон тэмэдглэж байв. Кодама амин хувиараа явж байсан уу, түүний ар талд Японы төр байсан уу гэдэг нь эдүгээ ч тодорхой бус. Ямар ч байсан Кодамагийн Нийслэл хүрээн дэх үйл ажиллагаа Японы ашиг сонирхлын илрэл байсан нь эргэлзээгүй.
1913 оны эцэс, 1914 оны эхээр Монгол Улсын Бүгд ерөнхийлөн захирах яамны сайд /Засгийн газрын ерөнхий сайд/ Т.Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчдийг дахин Орос улсад томилон илгээв. Т.Намнансүрэнгийн Орост очсон нь Бээжингийн тунхаг гарсны дараахны хэрэг бөгөөд түүний айлчлалын гол зорилго 1913 оны «Орос-Хятадын тунхаг»-ийг Монгол Улс огт хүлээж авах боломжгүйг Оросын талд ойлгуулж, Монгол Улс Хятадтай бүрмөсөн харилцаагаа тасалж байгаа буюу бүрэн тусгаар тогтносон гэдгээ Оросын талд эрс шийдвэртэй илэрхийлж, Өвөр Монголыг нэгтгэх хэрэгт дэмжлэг хүсэх, Орос Улсад Монголын элчин төлөөлөгчийг суулгах явдал байжээ. Мөн Петрбург дэх гадаад орны элчин сайдуудад хандаж Монголын тусгаар тогтнолыг дэмжүүлэхийг оролдсон билээ. Гэвч Оросын Засгийн газар Бээжингийн тунхагаас өчүүхэн ч ухарч, монголын хүсэлтийг хүлээж авсангүй учир зорьж очсон хэрэг нь бүтсэнгүй.
Т.Намнансүрэн Богд хаанаас Японы эзэн хаанд явуулсан захидлыг авч явсан бөгөөд түүнийгээ Оросын Гадаад яамны сайд Сазановт Японд дамжуулан өгөхийг хүсэн гардуулжээ. Уг захидалд Өвөр Монголыг хятад цэрэг түрэмгийлэн зовоож буйг дурдаад, Өвөр Монголоос хятад цэргийг гаргахыг Хятадын засгийн газраас шаардаж, Монголын тусгаар тогтнолын хэрэгт туслахыг хүсээд, Монгол-Японы хооронд өнө удаан хугацааны найрамдалт харилцаа тогтоох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ» гэж бичсэн байна.
Үүнээс үзэхэд Монгол улс, түүний тусгаар тогтнолын баталгаа ямархан байсныг хялбархан ойлгож болно. Ямар байсан Монголыг ямар болгож вэ гэдэг нь ихэд тодорхой ойлгогдоно. Тусгаар тогтнолоо баталгаажуулж Монгол Улсаа дэлхийд таниулж ойлгуулах талаар сүүлийн дөрвөн жилд Засгийн газраас явуулсан үйл ажиллагааны ач холбогдолыг илүүтэйгээр ухаарна гэж найдаж байна.
х х х
Уншигч таныг удтал чилээсэн эргэцүүлэл нийтлэлээ ингээд өндөрлөе. Би Намбарын Энхбаярын тэргүүлсэн Засгийн газрыг магтахын тулд магтсангүй, үйл ажиллагаанд нь үнэн бодитой дүгнэлт өгч Монгол Улсын иргэнийхээ хувьд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж сайшаах зүйлийг нь сайшааж, шүүмжлэх зүйлийг нь шүүмжиллээ.
Ард түмэн бол түүхийн тавцнаа уралдах хүлэг сайн морин юм. Эрх барьж буй нам, түүний байгуулсан Засгийн газар нь хүлэг сайн морины хөтөч буюу эзэгнэн зохицуулагч эмээл, хазаар, бас ташуур нь билээ. Сайн засгийн газар уяа сойлгыг нь зөв тааруулж зөв уралдуулдаг. Муухан нь болохоор бариа хүргэлгүйгээр уралдааны талбарт багтруулж унагаж ч мэднэ. Энэ утгаар үнэлж цэгнэвэл Намбарын Энхбаярын Засгийн газар мууд яагаад ч орохгүй нь бололтой.
Үүний үндэс язгуур нь миний санахад ард түмнийхээ үгийг сонсон ажил хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч болон Улсын Их Хуралтай нягт хамтран ажиллаж чадсанд оршино гэж бодож байна. Эвт шаазгай буга барина гэдэг билээ. Монголд ажил хийдэг Засгийн газар л хэрэгтэй. Тэгвэл улс бэхжиж хөгжиж хүн ардын аж амьдрал тасралтгүй дээшлэнэ. Дэлхий Монголыг улам бүр мэддэг болно. Дэлхийн дэлдгэр чихийг дэлдийлгэж чадахыг ч хэн байг гэхэв.

No comments: